"GoPro" гэдэг нэр экшн-камер гэдэг үгтэй ижил утгатай байсан үеийг та санаж байна уу? 2015 онд GoPro компани хөдөлгөөн дунд зураг авалт хийх зориулалттай 6.6 сая орчим дижитал видео камерыг борлуулж, дэлхийн зах зээлийн 70 гаруй хувийг дангаараа эзэлж байв. Гэвч өнөөдөр энэхүү анхдагч компани оршин тогтнохын төлөө тэмцэж байна.
Үүний шалтгаан нь Хятадын өрсөлдөөн юм. GoPro-ийн гол өрсөлдөгчид болох "DJI" болон "Insta360" компаниуд экшн-камерын зах зээлд 2019 болон 2021 онд тус тус хөл тавьжээ.
Өнөөдөр дэлхий дахинд борлогдож буй ухаалаг, зөөврийн камеруудын 90 гаруй хувийг яг энэ хоёр брэнд эзэлж байна. Үүнээс гадна ухаалаг утасны камеруудын хөгжил болон бүтээгдэхүүний буруу стратегиас шалтгаалан GoPro компани өнгөрөгч 9 дүгээр сард дампуурлын ирмэгт тулж иржээ.
Мотоциклоор аялах дуртай, аяллын бичлэгээ тогтмол экшн-камераар зурдаг Александр Ханнеманн (Alexander Hannemann) хоёр жилийн өмнө GoPro-оо хаяж, Insta360-ийг сонгосон байна. Тэрбээр: "Чанар нь GoPro-оос хамаагүй дээр. Мотоциклоо хурдлуулж, цагт 80 километр цагийн хурдтайгаар эргэлт хийхэд ч дүрс маш цэвэрхэн гардаг" гэж ярьжээ.
Хятад улс манлайлж эхлэв
GoPro-д тохиолдсон явдал ганцхан жишээ биш аж. 2010 оноос хойш Хятадын олон брэнд ухаалаг зурагтаас эхлээд робот тоос сорогч хүртэлх технологийн олон салбарт Өрнөдийнхнийг гүйцэж түрүүлсэн. "Made in China" гэсэн шошго зөвхөн хямд, чанаргүй, олноор үйлдвэрлэсэн барааг илэрхийлдэг үе өнгөрчээ.
Хятадад 20 гаруй жил амьдарсан Канадын бизнес эрхлэгч, зохиолч Крис Перейра "Хятад улс боломжийн үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр байгаа ч тэдгээр нь одоо маш өндөр чанартай болсон" хэмээн онцолсон байна.
Түүний хэлснээр, яг энэ үнэ болон чанарын хослол дэлхийн хэрэглэгчдийн худалдан авч буй технологийн бүтээгдэхүүний тэн хагасаас илүү хувийг Хятадаас нийлүүлэхэд хүргэжээ. Өнгөрсөн жил борлогдсон нийт цахилгаан автомашины (EV) бараг гуравны хоёрыг BYD, Xpeng зэрэг Хятадын компаниуд үйлдвэрлэж, Tesla зэрэг хуучин акулуудыг ардаа орхисон байна.

Робот тоос сорогчийн зах зээлд ч Хятадын брэндүүд давамгайлж, энэ салбарын анхдагч АНУ-ын "iRobot" компани тэдэнтэй өрсөлдөхөд улам хэцүү болсоор байгаа ажээ.
Перейра өөрийн "iMpact" зөвлөх компаниараа дамжуулан Хятадын компаниудыг хилийн чанадад гарахад нь тусалдаг. Түүний үзэж байгаагаар, Хятадын компаниудын амжилтын нууц Шэньжэнь, Ханжоу, Шанхай зэрэг хотуудын дотоод зах зээлийн ширүүн өрсөлдөөн, маш сайн уялдуулсан нийлүүлэлтийн сүлжээ болон маш хурдтай ажилладаг корпорацын соёлд оршдог байна. Энэ нь тэдэнд шинэ инновац нэвтрүүлж, зах зээлийн өөрчлөлтөд хурдан хариу үйлдэл үзүүлэх боломжийг олгодог ажээ.
Мөн Хятадын давуу тал нь аж үйлдвэрийн автоматжуулалт, үйлдвэрлэлд хиймэл оюун ухаан (AI)-ыг стратегийн дагуу ашиглаж буй явдал, уян хатан зохицуулалт болон харьцангуй хямд ажиллах хүч. Энэ бүхэн нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад үйлдвэрлэлийн өртгийг эрс бууруулж, шинэ бүтээгдэхүүн гаргах хугацааг богиносгодог байна.
Хятад бүтээгдэхүүнд итгэх итгэл сул байна
Жоуи Ченг (Joey Cheng) 20 гаруй жилийн өмнө докторын зэрэг хамгаалахаар АНУ-д нүүж иржээ. Тэрбээр АНУ-ын хэрэглэгчдийн зах зээл болон Хятадын үйлдвэрлэлийн салбарыг хоёуланг нь сайн мэднэ. Түүний "Prolo Ring" стартап нь АНУ-д байрладаг ч үйлдвэрлэл нь дэлхийн техник хангамж, электроникийн төв болсон Шэньжэнь хотод бараг бүрэн төвлөрсөн байна.
Ченг "Хэрэв өртгийг бууруулж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хурдасгахыг хүсэж байвал Шэньжэний нийлүүлэлтийн сүлжээг юугаар ч орлуулах аргагүй. Стартап компаниудын хувьд бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд маш хурдан хүргэх нь амьд үлдэх гол нөхцөл байдаг" гэжээ.
Хэрэглэгчид Хятадын компаниудыг улам бүр сонгох болсон ч зарим нэг болгоомжлол байсаар буй аж. Саяхны нэгэн судалгаагаар, Европын хэрэглэгчдийн 90 гаруй хувь Хятадын компаниудад хувийн мэдээллээ даатгахаас татгалзжээ. (Америкийн компаниудад үл итгэх байдал 80 хувьтай байна). Ялангуяа германчуудын дунд энэ үл итгэх байдал хамгийн өндөр буй аж.
Аяллын блог хөтөлдөг Надин гэх герман бүсгүй ажлынхаа шаардлагаар "DJI" болон "Insta360" брэндийн техникийг ашигладаг ч гэртээ бол Азийн төхөөрөмж ашиглахгүй гэжээ. Тэрбээр "Миний робот тоос сорогч Германы үйлдвэрийнх. Учир нь, миний мэдээлэл Германы хууль тогтоомжийн дагуу хамгаалагдаж байгаа гэдэгт би итгэлтэй байдаг. Үйлдвэрлэгчид камерийн бичлэг рүү шууд хандах эрхтэй байдаг шүү дээ" гэж робот тоос сорогчийн дүрс, дуу бичлэгийг хакердсан тохиолдлуудыг дурдан ярьжээ.
Перейрагийн үзэж байгаагаар, Хятадын компаниуд гадаад зах зээлд гарахын тулд нэг төрлийн "итгэлцлийн татвар" төлөх шаардлагатай болдог аж. "Итгэлцэл дутмаг байгаа учраас тэд хэрэглэгчийг өөртөө татахын тулд бүтээгдэхүүний чанар, үнийн хувьд маш өндөр өрсөлдөх чадвартай байх ёстой".
Энэхүү итгэлцлийн бэрхшээлийг даван туулахын тулд Хятадын компаниуд гадаад орнуудад үйлдвэрээ барьж эхэлсэн бөгөөд үүний нэг жишээ нь "BYD" компани энэ жил Унгар улсад Европын анхны суудлын автомашины үйлдвэрээ нээхээр төлөвлөж байгаа явдал аж
Хятадын компаниуд Европын Холбооны мэдээлэл хамгаалах дүрмийг дагаж мөрддөгөө мэдэгддэг. Гэвч АНУ болон Хятадын үндэсний аюулгүй байдлын хууль тогтоомж нь зарим тохиолдолд компаниудыг төрийн байгууллагуудад мэдээлэл шилжүүлэхийг шаарддаг.
Германы эрх баригчдын үзэж байгаагаар, Европын серверүүдээс хилийн чанадад гарч буй мэдээллийн урсгалыг хянах боломж маш хязгаарлагдмал байгаа аж. Мэдээллийн аюулгүй байдлаас гадна Хятадын цахилгаан бараа үйлдвэрлэгчдийг, ялангуяа цахилгаан автомашин зэрэг сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдээр дамжуулан тагнуул хийх эрсдэлтэй гэж шүүмжилдэг.
Шинэ худалдааны дайн эхлэх үү?
Аюулгүй байдлын болгоомжлол болон Хятадын зах зээл дэх хэт давамгайллыг харгалзан АНУ болон Өрнөдийн зарим орнууд Хятадын бараа бүтээгдэхүүнд өндөр тарифийн хориг тавьж, "хар жагсаалт" үүсгэж эхэлжээ. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа долдугаар сарын сүүлчээр АНУ-аас гадна үйлдвэрлэсэн хүн дүрст роботуудын импортыг хориглосон байна.
Хэрэглэгчдийн итгэлийг олж авахын тулд Хятадын ухаалаг нүдний шил үйлдвэрлэгч "Xreal" компани саяхан Их Британийн "Currys" зэрэг жижиглэн худалдааны сүлжээгээр дамжуулан Европын зах зээлд борлуулалтаа эхлүүлжээ.

Хятадын "Primebot" роботын үйлдвэрийн төлөөлөгчийн хэлснээр, энэхүү хориг арга хэмжээний үр дагаврыг Хятадын бүх электроникийн үйлдвэрүүд амсах нь. Тэр "Магадгүй бид АНУ-ын дотоодын компаниудтай хамтрах, эсвэл АНУ-д өөрсдийн үйлдвэрээ барих хувилбарыг сонгоно" гэж тайлбарлажээ. Европ ч мөн адил Хятадын компаниудад нэмэлт татвар ногдуулахаар хэлэлцэж байгаа аж.
Крис Перейрагийн үзэж байгаагаар, эдгээр татварууд нь Хятадын үйлдвэрүүдийг хоёр чиглэлд хурдасгах аж. Нэгдүгээрт, үйлдвэрлэлээ хилийн чанадад шилжүүлэх, хоёрдугаарт, Өрнөдийн шилдэг брэндүүдтэй өрсөлдөхүйц "премиум" буюу дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулах нь ээ.
Тэр "Хятадын эрх баригчид болон компаниуд бүтээгдэхүүнээ импортолж буй орнууддаа үйлдвэрлэлээ нутагшуулах ёстой гэдгийг ойлгож байгаа. Энэ нь нэг талаас экспортын үйл явцыг хялбарчлах, нөгөө талаас орон нутгийн зах зээлд итгэлцэл бий болгох шаардлагатай холбоотой юм" гэжээ.
Эх сурвалж: DW