Цахилгаан автомашины стартап Тесла (Tesla) компанийг инженер Мартин Эберхард, Марк Тарпеннинг нар үүсгэн байгуулж, Илон Маск анхны хөрөнгө оруулагч, ТУЗ-ийн даргаар нэгдэж байжээ. Гэвч 2008 оны сүүлч гэхэд Маск компанийг удирдах болсон үед дэлхийн эдийн засаг бүхэлдээ уналтад ороод байсан аж.
Тэр зун Тесла компани 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор бэлтгэж байтал эдийн засгийн хямрал нүүрлэж, оны төгсгөл гэхэд компанийг дампуурлын ирмэгт аваачжээ. Тухайн үед "хачин, сонин санаа"-нд тооцогддог байсан цахилгаан автомашины стартапд хөрөнгө оруулалт босгох нь туйлын хүнд байж. Ялангуяа "General Motors", "Chrysler" зэрэг авто салбарын аваргууд өөрсдөө дампуурлаа зарлаж байсан үе аж.
Тесла нийт ажилчдынхаа 18 хувийг цомхотгожээ. Маск дараа нь өөрийн бүх мөнгийг компанидаа оруулсан тул хувийн байшингүй үлдэж, байрны түрээсээ төлөхийн тулд найзуудаасаа мөнгө зээлэхэд хүрч байсан тухайгаа ярьсан байна.
Аврал хамгийн эцсийн мөчид иржээ. 2008 оны Зул сарын баярын өмнөх оройн (12 сарын 24) 18:00 цагт хөрөнгө оруулагчид амралтаараа явахаас яг өмнөхөн хөрөнгө оруулалтын гэрээ амжилттай хийгджээ. Маскийн хэлснээр, Тесла дампуурлаа зарлахад ердөө 3-хан хоног үлдээд байсан аж.
Үүний дараа тус компани 2010 оны зургадугаар сард хувьцаагаа олон нийтэд нээлттэй худалдаалж (IPO), тэдний тавьсан дэнчин үр өгөөжөө өгсөн байна. Дараагийн арван жилд Тесла дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй авто үйлдвэрлэгч болон хөгжжээ.
Зул сарын баярын оройн тэрхүү авралаас хойш 13 жилийн дараа Маск АНУ-ын түүхэн дэх хамгийн том буяны хандивудын нэгийг хийсэн байна. 2021 оны арваннэгдүгээр сарын 19-нөөс 29-ний хооронд тэрбээр тухайн үед нэг бүр нь 1,000 гаруй ам.доллароор арилжаалагдаж байсан 5,044,000 ширхэг Теслагийн хувьцааг хандивласан бөгөөд энэ нь нийтдээ 5.7 тэрбум ам.доллартай тэнцэж байжээ.
Энэхүү хандив нь Маскийг тухайн жилдээ Билл Гейтс, Мелинда Френч Гейтс нарын дараа АНУ-ын хоёр дахь том буяны хандив өргөгч болгосон байна.
Хандивыг хэн хүлээн авсан нь эхэндээ нууц байсан ч "Bloomberg" агентлаг дараа нь эдгээр хувьцааг Маскийн өөрийнх нь үүсгэн байгуулсан "Musk Foundation" санд шилжсэнийг мэдээлснээр тус сан АНУ-ын хамгийн том сангуудын нэг болжээ.
Тус сангийн тухайн үеийн хамгийн том буяны тусламж нь Мемфис дэх Сент Жүүдийн хүүхдийн эрдэм шинжилгээний эмнэлэгт (St. Jude Children's Research Hospital) олгосон 55 сая ам.доллар байж.
Өнөөдөр, 2008 онд бараг л хаалгаа барих дөхөж байсан тэрхүү компани технологийн хязгаарыг давсаар байна. Саяхан Тесла компани богино хугацаанд агаарт хөөрөх чадвартай, хүйтэн хийн тийрэлтэт хөдөлгүүрээр тоноглогдсон шинэ "Roadster" загварын автомашинаа олон нийтэд танилцуулсан билээ.
Эх сурвалж: PARADE