Ормузын хоолой 40 жилийн дараа дэлхийн эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг хангахад ямар чухал үүрэгтэй болохоо дахин харууллаа. 1980-1988 оны Иран-Иракийн дайны үеэр хоёр тал Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байсан нефть тээвэрлэгч танкерууд руу удаа дараа халдаж, дэлхийн хамгийн чухал тээврийн гарцуудын нэгийг дайны талбар болгож байв.
Үүний хариуд Саудын Араб “Зүүн-Баруун” нэртэй нефть дамжуулах хоолойг барьж, тус улсын зүүн эргийг Улаан тэнгисийн Янбу-эль-Бахр боомттой холбожээ. Үүний дараа Арабын Нэгдсэн Эмират Улс мөн адил Абу Дабигаас Оманы булан хүртэлх “Хабшан-Фужейра” хоолойг байгуулсан байна.
Өнөөдөр Ормузын хоолойн стратегийн ач холбогдол дахин тод харагдаж байна. АНУ болон Израиль хоёрдугаар сарын сүүлээр Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсний дараа Тегеран олон жилийн турш анхааруулж ирсэнчлэн Ормузын хоолойг хаажээ. Үүний улмаас нефть, хий тээвэрлэж байсан олон зуун танкер гацаанд орж, дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн бараг тавны нэг нь хэрэглэгчдэд хүрэхээ больсон байна.
Одоо дэлхийн улс төрийн удирдагчид энэ бүс нутгийн эрсдэлийг бууруулахад анхаарч, Ормузын хоолойг дахин “зэвсэг” болгон ашиглахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж буй юм. Эрчим хүчний зах зээл дэлхийн бусад бүсийн үйлдвэрлэгчид олборлолтоо нэмэгдүүлнэ гэж найдаж байгаа бол Европын Холбоо, мөн Хятад, Энэтхэг зэрэг томоохон орнууд сэргээгдэх эрчим хүчид илүү их хөрөнгө оруулахыг уриалж байна.
Персийн булангийн орнууд Ормузын хоолойг тойрохыг зорьж байна
Үүний зэрэгцээ Персийн булангийн орнууд нефтийнхээ ихэнх хэсгийг Ормузын хоолойгоор дамжуулахгүйгээр экспортлох урт хугацааны төлөвлөгөөг эрчимтэй хэрэгжүүлж эхэлжээ.
Financial Times-ын мэдээлснээр, Саудын Араб, АНЭУ болон бусад орнууд одоо байгаа хоолойнуудаас гадна шинэ нефть дамжуулах хоолой барих, мөн эргийн бусад бүсэд экспортын терминалуудыг өргөтгөх боломжийг судалж байгаа аж.
Atlantic Council-ын Глобал эрчим хүчний төвийн ахлах захирал Лэндон Деренц АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанд эдгээр төслүүдийг санхүүгийн хувьд дэмжихийг уриалжээ.
Тэрбээр “Усан онгоцуудыг нарийн хоолойгоор дайруулахын оронд АНУ болон холбоотнууд нь тойрч гарах дэд бүтцийг яаралтай хөгжүүлэх хэрэгтэй. Саудын Араб Ормузын хоолойн ачааллыг хэсэгчлэн бууруулах боломжтойгоо хэдийнэ харуулсан. Одоо үүнийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай” хэмээн мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар 1200 км урт “Зүүн-Баруун” хоолой өдөрт 7 сая баррель нефть тээвэрлэх дээд хүчин чадлаараа ажиллаж буй бөгөөд дайнаас өмнө энэ үзүүлэлт 5 сая байжээ. Харин АНЭУ Фужейра боомт руу өдөрт 1.8 сая баррель нефть шахаж байгаа аж.
Одоогийн хүчин чадал хангалтгүй байна
Дубайд төвтэй эрчим хүчний зөвлөх Qamar Energy-ийн гүйцэтгэх захирал Робин Миллсийн хэлснээр, өнөөгийн арга хэмжээнүүд дэлхийн зах зээлийн дарамтыг тодорхой хэмжээнд бууруулж байгаа ч асуудлын бодит хэмжээ асар том хэвээр байна.
Тэрбээр “Дайнаас өмнө Ормузын хоолойгоор өдөрт ойролцоогоор 15 сая баррель нефть дамждаг байсан. Үүнийг бүрэн орлуулахын тулд одоогийн хоолойн хүчин чадлыг дор хаяж хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай” хэмээн DW агентлагт ярьжээ.
Financial Times-ийн онцолсноор, шинэ хоолой барих нь маш их хөрөнгө, урт хугацаа, мөн улс төрийн төвөгтэй хэлэлцээр шаарддаг ч Персийн булангийн орнуудын эмзэг байдлыг бууруулах цорын ганц бодит гарц байж магадгүй аж.
Кувейт, Бахрейн, Катар хамгийн хүндрэлтэй байдалд байна
Робин Миллсийн үзэж буйгаар, Саудын Араб болон АНЭУ шинэ хоолойн барилгын ажлыг харьцангуй хурдан эхлүүлэх боломжтой. Харин Кувейт, Бахрейн, Катар зэрэг орнуудын хувьд газарзүйн хувьд илүү хүндрэлтэй нөхцөлтэй байна. Учир нь, тэдний эргийн шугам Ормузын хоолойг тойрох экспортын терминал байгуулах боломж бараг олгодоггүй аж.
Тиймээс эдгээр орон Саудын Араб, эсвэл Ираны нутгаар дамжсан урт хоолой барихаас өөр сонголтгүй бөгөөд энэ нь олон жилийн улс төрийн хэлэлцээ шаардана гэж шинжээчид үзэж байна.
Ирак шинэ хоолойн төслүүдээ эрчимжүүлэв
Олон улсын эрчим хүчний агентлаг мөн Иракаас Туркийн Жейхан боомт хүрэх шинэ томоохон хоолой барихыг санал болгожээ. Тус агентлагийн тэргүүн Фатих Бироль энэ төсөл Европын эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулах “маш сонирхолтой” боломж гэж тодорхойлсон байна.
Ирак одоо Басра-Хадита чиглэлийн 4.6 тэрбум ам.долларын шинэ хоолойн төслийн тендерийг зарлаад буй аж. Энэ хоолой цаашид Иорданы Акаба боомт, мөн Сири, эсвэл Турк руу сунгагдах боломжтой юм байна. Хэрэв төсөл хэрэгжвэл өдөрт 3 сая баррель нефть тээвэрлэх хүчин чадалтай болох ажээ.
Төмөр замын шинэ сүлжээ байгуулахаар төлөвлөж байна
Персийн булангийн орнууд зөвхөн нефть дамжуулах хоолой бус, төмөр зам болон авто замын сүлжээг ч өргөжүүлэхээр ажиллаж буй юм байна. Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөл 2030 он гэхэд 2100 км урт нэгдсэн төмөр замын сүлжээ байгуулах зорилт тавьжээ.
Дайны үеэр АНЭУ-ын Etihad Rail компанийн ачаа тээвэр эрс нэмэгдсэн байна. Персийн булангийн хаагдсан боомтуудаас ирсэн чингэлгүүдийг илүү аюулгүй зүүн эргийн боомтууд руу төмөр замаар тээвэрлэж байгаа аж.
Саудын Араб мөн гацсан ачааг зөөх шинэ чиглэлүүд нээж, төмөр замын хүчин чадлаа нэмэгдүүлжээ.
Ормузын ноёрхлын төгсгөлийн эхлэл үү?
Эдгээр төслүүд далайн танкерын тээврийг бүрэн орлож чадахгүй ч нийлүүлэлтийн сүлжээний ачааллыг мэдэгдэхүйц бууруулж эхэлжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, ирээдүйд Ормузын хоолойг дахин геополитикийн “зэвсэг” болгон ашиглахаас сэргийлэхийн тулд ийм төрлийн төслүүд зайлшгүй хэрэгтэй болсон байна.
Персийн булангийн орнууд асар их эрчим хүчний нөөц, санхүүгийн боломжтой. Харин тэд улс төрийн саад бэрхшээлүүдийг даван туулж чадах эсэхээс өнөөгийн хямрал Ормузын хоолойн дэлхийн эрчим хүчний зах зээл дэх ноёрхлын төгсгөлийн эхлэл болох эсэх нь шалтгаалах аж.
Эх сурвалж: DW