Казахстан улсад шинэ нэг танхимтай парламент болох Курултайн сонгууль өнөөдөр буюу наймдугаар сарын 23-ны ням гаргийн өглөө эхэллээ. Анхны санал авах байрууд үүдээ нээсэн бөгөөд санал хураалт орон нутгийн цагаар 20:00 цаг хүртэл үргэлжлэх аж.

Шинжээчид "Казахстаны энэ удаагийн сонгуулийн үр дүн урьдчилан тодорхой болсон" гэж үзэж байна. Тэдний таамагласнаар, эхний байрыг өмнө нь эрх баригч байсан “Аманат” намыг өөртөө нэгтгэсэн “Адилет” нам эзлэх аж. “Аманат” нам Нурсултан Назарбаевын засаглалын үед “Нур-Отан” нэртэй байжээ.

Глазгогийн их сургуулийн Евразийн судалгааны профессор Лука Анчески DW-д ярилцлага өгөхдөө “Энэ сонгуулийн хамгийн сонирхолгүй хэсэг нь үр дүн. Хэн ялахыг бид мэдэж байна. Мөн шинэ парламент өмнөх парламентуудын адил дэглэмийн хүссэн зүйлтэй ойролцоо зүйл хийхийг ч мэдэж байна” хэмээн ярьжээ.

Германы Гадаад бодлогын нийгэмлэг (DGAP)-ийн шинжээч Штефан Майстер ч түүнтэй санал нэг байгаа аж. Түүний үзэж байгаагаар, эрх баригч нам ялалт байгуулах магадлал өндөр бөгөөд тус улсад нийтлэгдэж буй олон нийтийн санал асуулгын дүн ч үүнийг харуулж буй юм байна.

Анческигийн хэлснээр, энэ сонгуулийн гол сонирхол нь хоёр зүйлд байгаа аж. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн нам хэдэн хувийн санал авах вэ, хоёрдугаарт, шинэ парламентын гишүүд ямар хүмүүс байх вэ гэдэг. Учир нь, тэр "Энэ хоёр үзүүлэлтийг аль алиныг нь эрх баригчид тодорхой хэмжээгээр зохицуулах боломжтой" гэж үзэж буй юм байна.

DW-ийн ярилцсан хоёр шинжээч хоёулаа Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ сонгуулийг өөрийн эрх мэдлийг цаашид бэхжүүлэхэд ашиглана гэж үзжээ.

Өмнө нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Токаевт 2029 онд дахин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж бүрдсэн. Мөн хоёр танхимтай парламентыг нэг танхимтай Курултай болгон өөрчилсөн бөгөөд 145 депутат нь намын жагсаалтаар сонгогдож, таван жилийн хугацаанд ажиллах аж.

Майстер “Ардчилсан улс орнуудыг оролцуулаад аль ч улсад Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд бүх нийтийн санал асуулга явуулж, дараа нь шинэ сонгууль зохион байгуулах нь зорилгогүй зүйл биш.

Тиймээс энэ нь Токаевын эрх мэдлийг нэгтгэн бэхжүүлэхэд шаардлагатай алхам гэж би бодож байна. Үүний зэрэгцээ Назарбаевын гэр бүлийн хүрээний улс төрийн нөлөөг улам сулруулж, Токаевт эрх мэдлээ илүү удаан хадгалах боломж олгож байна” гэж тайлбарлажээ.

Анчески мөн Токаев “ирээдүйд дэглэмээ бэхжүүлэх” зорилготой гэж үзэж байна. Ингэснээр 2022 оны өвөл Казахстан даяар өрнөсөн олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн дахин давтагдахаас сэргийлэхийг зорьж байгаа аж.

Токаев эрх мэдлээ бэхжүүлж байна: Европ хэрхэн хариу үзүүлэх вэ?

Штефан Майстерийн тодорхойлсноор, Казахстан төдийгүй Төв Азийн орнууд улс төр, эдийн засгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарах үедээ интернэтэд тавих хяналтаа нэмэгдүүлэх, иргэний нийгмийн орон зайг хумих, улс төрийн тогтолцоонд тавих хяналтаа нэмэгдүүлэх зэрэг арга хэрэгсэл ашигладаг. Ийм нөхцөлд Европ үүнд хэрхэн хариу үзүүлэх вэ? гэсэн асуулт нээлттэй хэвээр байгаа аж.

DGAP-ийн шинжээч "Орос Украинд дайн эхлүүлсэн 2022 оноос хойш Европын Холбоо Төв Азийн орнуудтай харилцах бодлогоо өөрчилсөн" гэж онцолжээ.

Европын хувьд Оросоос өөр тээвэр, худалдааны зам бий болгох, бүс нутгийн баялаг байгалийн нөөцөд хүрэх, эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох нь улам бүр чухал болсон. Европын Комиссын нэрлэдгээр энэ нь Азербайжан, Казахстан, Узбекистан зэрэг авторитар дэглэмтэй улс орнуудтай “прагматик харилцаа” тогтоох хандлагыг нэмэгдүүлжээ.

Майстер “Тиймээс ЕХ болон Европын Комиссоос өргөн хүрээтэй улс төрийн хариу үйлдэл үзүүлнэ гэж би хүлээхгүй байна” гэж хэлсэн байна. Гэхдээ тэр "Европын иргэний нийгмийн байгууллагууд, Европын Парламент болон Европын Зөвлөл Казахстаны эрх баригчдын үйлдэлд хариу үзүүлэх боломжтой" гэж нэмжээ.

Анчески харин “Харамсалтай нь ЕХ-ноос ийм арга хэмжээ хүлээх хэрэггүй. Төв Азийн орнуудад хууль дээдлэх ёс, төрийн засаглалын асуудалд Европын Холбоо болон тус холбооны зарим гишүүн орон илүү хатуу ханддаг байсан үе өнгөрсөн” гэж үзэж байна. Түүний тайлбарласнаар, дэлхий ертөнц болон ЕХ-ны эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүд өөрчлөгдсөн нь үүний гол шалтгаан аж.

Анчески "Төв Азийн орнууд, тэр дундаа Казахстан, улам бүр авторитар чиглэл рүү шилжиж байгаа ч Европын Комисс болон “ардчиллын түвшин харьцангуй доогуур” гэгддэг ЕХ-ны гишүүн орнууд эдгээр сонгуулийн ардчилсан бус шинжийн талаар шаардлагатай хэмжээнд шүүмжлэлтэй байр суурь илэрхийлэхгүй" гэж үзэж байна.

Майстерийн хэлснээр, Казахстан бүс нутгийн бусад оронтой харьцуулахад хамгийн бага хэлмэгдүүлэлттэй авторитар улс хэвээр байна. Тэнд иргэний нийгэмд тодорхой хэмжээний орон зай байсаар байгаа ч энэ орон зай улам бүр хумигдаж буй аж.

Тэрбээр мөн “ЕХ энэ бүс нутагт эдийн засгийн хориг, санкцын заналхийллээр асар их нөлөө үзүүлж чадна гэсэн хуурмаг төсөөлөлгүй. Тиймээс би ямар нэгэн томоохон хориг арга хэмжээ авна гэж бодохгүй байна” гэжээ.

Анчески ч үүнтэй санал нийлж “Газрын тос, байгалийн хийг хаанаас ч худалдаж авч болно. Гэхдээ Норвеги биш л бол та түүнийг заавал ардчилсан улсаас худалдаж авах шаардлагагүй. Тиймээс энд сонголт тийм ч их биш” хэмээн хэлсэн байна.

Украин дахь дайны нөхцөлд Казахстан ЕХ-ны хувьд ямар ач холбогдолтой вэ?

Орос Украинд халдан довтолсонтой холбоотойгоор Москвагийн эсрэг ЕХ-ны бодлого өөрчлөгдсөн. Үүний зэрэгцээ Оросын зам, дэд бүтцээс өөр тээврийн коридор бий болгох, мөн байгалийн баялагт өөр сувгаар хүрэх боломж бүрдүүлэх нь Европын хувьд нэн чухал болсон аж.

Шинжээч "Эрчим хүчний үнэ өссөнөөр Каспийн тэнгисийн орчим болон Төв Азийн түүхий эд, эрчим хүч нийлүүлэгч орнуудын ач холбогдол нэмэгдсэн" гэж тайлбарлажээ. Үүний үр дүнд Европ хүний эрхийн асуудалд бага анхаарах, иргэний нийгмийн орон зай хумигдаж буйг бага шүүмжлэх, харин эдийн засгийн прагматик харилцааг түлхүү хөгжүүлэх чиглэлд шилжиж байгаа аж.

Анчески Казахстан эрчим хүчний экспортоо Оросын нутгаар дамжуулан гаргасаар байгааг онцолжээ. Мөн Астана Москвагийн эсрэг авсан барууны хориг арга хэмжээнүүдийн талаар “хэзээ ч шууд буруушаагаагүй, гэхдээ өөрөө нэгдээгүй” гэсэн завсрын байр суурь баримталж ирсэн. Тиймээс нөхцөл байдал маш нарийн төвөгтэй. Энд зөвхөн нүүрсустөрөгчийн тухай бус, мөн ашигт малтмалын тухай яригдаж байгаа аж.

Анчески “ЕХ болон Казахстаны энэ салбар дахь түншлэл хэрхэн хөгжихийг бид одоогийн байдлаар мэдэхгүй. Гэхдээ Европын Холбооны хувьд казахстанчуудыг ядаж хэлэлцээний ширээний ард байлгах нь стратегийн хувьд чухал” гэж дүгнэжээ.

Москва, Бээжин, эсвэл Брюссель үү? Сонгуулийн дараах Казахстаны гадаад бодлого

DW-ийн ярилцсан хоёр шинжээч Казахстан Орос болон Европын хооронд үүссэн сөргөлдөөнд төвийг сахисан байр суурь хадгалж чадсан нь хэр амжилттай байсныг онцолжээ. Гэхдээ тэд Украины дайн үргэлжилж буй энэ нөхцөлд ийм байр сууриа цаашид хадгалах нь тун эрсдэлтэй байж магадгүй" гэж үзэж буй юм байна.

Анчески “Мөргөлдөөн Казахстанд нөлөөлж буй боловч тус улс өөрөө түүнд оролцоогүй” гэж хэлжээ. Тэрбээр Казахстаны энэ байр суурийг “геополитикийн тав тухтай бүс” гэж нэрлэжээ.

Ингэснээр Астана Москваг бүрэн орхилгүйгээр улс төр, эдийн засгийн харилцаагаа хадгалах боломжтой. Гэхдээ нөгөө талаас Оросоос хангалттай хэмжээний зайгаа барьж чаддаг аж.

Анческийн үзэж байгаагаар, энэ нь маш хүнд даалгавар боловч Казахстан одоогийн байдлаар харьцангуй сайн гүйцэтгэж буй юм байна. Гэхдээ тэр нэг чухал зүйлийг онцолжээ.

Тэрбээр “Энэ бүхний эцсийн зорилго нь авторитар дэглэмээ хадгалан үлдэх явдал. Тиймээс энэ тохиолдолд ч гадаад бодлого нь дотоодын тогтвортой байдлыг хангах хэрэгсэл болж байна. Сонгууль ч мөн адил, гэхдээ өөр хэлбэрээр” гэж хэлсэн байна

Майстерийн үзэж байгаагаар, өнөөгийн нөхцөлд Казахстан төвийг сахисан байр сууриа хадгалахад улам хэцүү болох аж. Үүний зэрэгцээ тэр Төв Азийн орнууд хоорондын бүс нутгийн хамтын ажиллагаа улам өргөжиж байгааг онцолжээ. Эдгээр улс орон улам бүр нэг блок мэт хамтран ажиллаж, бүс нутгийн дотоод зөрчил, хурцадмал байдлыг багасгахыг зорьж буй юм.

Казахстан яагаад Орос, Хятадаас зайгаа барихыг хүсэж байна вэ?

Майстерийн онцолсон өөр нэг чухал зүйл бол Казахстан гадаад харилцаагаа төрөлжүүлэхийг хүсэж байгаа явдал аж. Энэ нь зөвхөн Брюссель, Бээжин, Москва гэсэн гурван төвөөр хязгаарлагдахгүй нь.

Түүний хэлснээр, Казахстан Оросоос хэт хараат болохыг хүсэхгүй. Учир нь, Орос Украинд юу хийж байгааг тэд харсан аж. Мөн Казахстан Хятадаас ч хэт хамааралтай болохыг хүсэхгүй. Тиймээс Астана өөр хувилбаруудыг эрэлхийлж байна. Энд Европ Казахстаны хувьд чухал сонголт болж байгаа аж. 

Европ Казахстаны байгалийн баялгийг борлуулах том зах зээл, Казахстанд хөрөнгө оруулах боломжтой томоохон хөрөнгө оруулагч. Тиймээс Казахстаны талаас Европтой харилцаагаа сайжруулах сонирхол өндөр буй юм байна.

Майстерийн үзэж байгаагаар, үүнээс болж Брюссель Казахстан дахь хүний эрх, ардчилал, иргэний нийгмийн асуудлаар яриа хэлэлцээ хийх тодорхой хөшүүрэгтэй болж буй аж.

Эх сурвалж: DW