Байлдааны ажиллагааны үеэр цэргүүд эмнэлгийн тусламж авахын тулд удаан хугацаагаар хүлээхээс өөр аргагүй болох тохиолдол цөөнгүй. Учир нь, тэднийг фронтын шугамаас яаралтай нүүлгэн шилжүүлэх, улмаар шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийх боломж заримдаа огт байдаггүй.

Үүний зэрэгцээ шархадсан цэргүүд сэлгээгүйгээр удаан хугацаанд нэг байрлал дээрээ байх нь маш аюултай өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Энэ өвчин үхжсэн эд эсээс эхэлж, арьсан доор хий хуримтлагдсан цэврүү үүсгэдэг байна.

Энэ нь эртний дайнуудын үеийн аймшигт түүхийг санагдуулам бөгөөд өнөөдөр Украинд бодитоор нүүрлээд байгаа аж. Их Британийн The Telegraph сонинд мэдээлснээр, Украины цэргийн алба хаагчдын дунд хийн гангрена хэмээх халдварт өвчин тархаж байгаа аж.

Сайн дурын эмч: Шархадсан хүмүүст шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлж чадахгүй байна

Запорожье мужид ажилладаг Алекс нэртэй сайн дурын эмч The Telegraph сонинд “Хийн гангрена буюу хийт үхжил гэдэг өвчнийг бид бүр сургуульд байхдаа хичээл дээр үзэж байсан. Гэтэл одоо Украинд бид энэ өвчнийг дахин харж байна. Учир нь, шархадсан хүмүүст зохих тусламж үйлчилгээ үзүүлж чадахгүй байна” хэмээн ярьжээ.

Тэр “Хэдэн долоо хоногийн өмнө шархадсан хүмүүс эмнэлэгт ирж байна. Тэд энэ бүх хугацаанд газар доорх эмнэлгийн цэгүүдэд байсан бөгөөд тэнд амьд үлдэхийн тулд л тэмцэж байжээ” хэмээн ярьсан байна. 

Одоогийн байдлаар Украины зэвсэгт хүчний цэргүүдийн дунд хийн гангрена өргөн хүрээнд тархаж байгаа талаарх мэдээллийг хараат бус эх сурвалжууд баталгаажуулаагүй аж.

Гэхдээ байлдааны шугамд хүрэх боломж сүүлийн үед маш их хүндэрч байгаа нь маргаангүй. Үүнд Оросын нисгэгчгүй онгоцны байнгын довтолгоо ихээхэн нөлөөлж буй юм байна. Үүний улмаас фронтын шугамд сум, хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл хүргэх бараг боломжгүй болж, мөн ихээхэн саатаж байгаа аж.

Үүнээс гадна сэлгээгээр фронт руу очиж буй цэргүүд заримдаа байрлалд хүрэхийн тулд хэдэн километр замыг явганаар туулах шаардлагатай болдог. Энэ хооронд шархадсан цэргүүд тусламж хүлээн фронтын байрлалд үлддэг байна.

Хийт үхжил юунаас үүсдэг вэ?

Хийт үхжил нь булчингийн эдийг маш хурдан үхжүүлж, устгадаг халдварт өвчин ажээ. Үүнийг клостриди хэмээх бактери үүсгэдэг. Эдгээр бактери нь байгальд, тухайлбал хөрсөнд болон хүний гэдсэнд байдаг. Өөрөөр хэлбэл, тэдгээр нь заавал өвчин үүсгэгч байдаггүй аж.

Харин хүчилтөрөгчийн дутагдалтай эд эсэд нэвтэрсэн үед аюултай болж эхэлдэг байна. Энэ нь ялангуяа гүн, хүнд шархыг "анадаг" аж. Үхэжсэн эд эс нь шарх эдгэрэхэд саад болдог бөгөөд яг ийм үхэжсэн эд дотор клостриди бактери үржин олширдог байна.

Бактерии под микроскопом

Окоп буюу траншей зэрэг олон хүн шархадсан, ариун цэвэр муу нөхцөлд хийт үхжил маш хурдан тархах боломжтой аж. Халдвар авсан хүний шарх маш хүчтэй өвддөг байна.

Арьсан дор хий хуримтлагдан жижиг цэврүү үүсэх бөгөөд шархны эргэн тойронд хүрэхэд эдгээр хийтэй хэсэг хагарч буй нь бүр мэдрэгдэж, заримдаа сонсогдох ч үе бий аж.

Халдвар авсан булчингийн эд сааралдуу улаан өнгөтэй болж, хавддаг байна

Халдвар цааш даамжирвал өвчтөнд сепсис үүсч болно. Үүний улмаас зүрхний цохилт хурдасч, цусны эргэлт болон амьсгалын үйл ажиллагаа алдагдан, улмаар олон эрхтэний дутагдал үүсч болзошгүй аж.

Хийт үхжил хэдий эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ч эдгэрэх баталгаа байхгүй юм байна. Харин шаардлагатай эмчилгээг цаг тухайд нь хийж чадахгүй, тухайлбал шархадсан хүнийг эмнэлэгт хүргэх ажил удааширвал нас баралтын түвшин бараг 100 хувьд хүрэх эрсдэлтэй ажээ.

Хийт үхжлийг хэрхэн эмчилдэг вэ?

Халдвар авсан болон үхэжсэн эдийг аль болох яаралтай мэс заслын аргаар авч хаях шаардлагатай. Мөн хүчтэй антибиотикийг судсаар хийх хэрэгтэй аж.

Ямар антибиотик тухайн өвчтөнд хамгийн үр дүнтэй болохыг тогтоохын тулд өвчин үүсгэгч бактерийн өсгөвөр авч, антибиотикт тэсвэртэй эсэхийг шинжилдэг байна.

Эдгээр эмчилгээний процедурыг ариун, халдваргүй орчинд хийх шаардлагатай бөгөөд лабораторийн тоног төхөөрөмжтэй эмнэлэгт л бүрэн гүйцэд хийх боломжтой аж.

Харин шуурхай байдлаар тохижуулсан бункер, газар доорх хоргодох байр зэрэгт байгуулсан түр эмнэлгийн цэгүүдэд ийм эмчилгээг бүрэн хийх боломж хязгаарлагдмал юм байна.

Тэнд тодорхой хэмжээний антибиотикийг нөөцөлж болох боловч тухайн өвчтөнд халдвар үүсгэгч нь антибиотикт тэсвэртэй байвал өөр эмчилгээний сонголт үлдэхгүй байх эрсдэлтэй аж.

Энэ халдвар хамгийн сүүлд хэзээ өргөн хүрээнд гарч байсан бэ?

Анагаах ухаан хөгжсөнөөр Европт бараг устсанд тооцогдож байсан өвчний нэг нь хийт үхжил ажээ.

Дэлхийн нэгдүгээр дайны үед олон тооны шархадсан цэрэг хийн гангренагийн улмаас нас барсан байна. Тухайн үеийн янз бүрийн тооцоогоор зөвхөн Германы цэргүүдийн дунд 100 мянга гаруй хүн энэ халдварын улмаас амиа алджээ.

Тэр үед ч олон шархадсан цэрэг окопт удаан хугацаагаар хэвтэж, шаардлагатай эмнэлгийн тусламж авч чаддаггүй байсан аж. Шархыг зохих ёсоор эмчлэх нөхцөл, ариун цэвэр хангалтгүй байсан нь халдвар тархахад ихээхэн нөлөөлсөн байна.

Харин Дэлхийн хоёрдугаар дайны үед хийн гангрена харьцангуй бага аюултай байжээ. Тухайн үед антибиотик эмчилгээ хэдийнэ хангалттай хөгжиж, хийн гангренаг эмчлэхэд ашиглах боломжтой болсон байна. Гэхдээ антибиотик өнөөгийнх шиг өргөн хэрэгцээтэй байгаагүй аж. 

Гэвч тэр үед антибиотикт тэсвэртэй болох буюу антибиотикийн резистент чанар өнөөгийнх шиг ноцтой асуудал болоогүй байжээ.