“Газрыг сэргээвэл итгэл найдвар сэргэнэ.” Энэ бол Монгол Улсад болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын гол санаа.
“Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор болж буй COP17-д 197 талын төлөөлөгчид цөлжилт, газрын доройтол, ган, ус, бэлчээр, хүнсний аюулгүй байдал, хөрсний эрүүл мэнд зэрэг хоорондоо салшгүй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.
Энэ хурлын гол асуулт зөвхөн “Дэлхий хэр их цөлжиж байна вэ биш, харин оройтсон газрыг хэрхэн буцаан сэргээх вэ, үүнд хэн хөрөнгө оруулах вэ, мөн тэр хөрөнгө оруулалт бодит амьдрал дээр малчин, тариаланч, иргэдийн амьжиргаанд хэрхэн хүрэх вэ гэдэгт чиглэж буй юм.
“Газар бол ус, хүнсний аюулгүй байдлын суурь”
UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Ясмин Фуад COP17-ын үеэр эрүүл хөрс, бэлчээр болон хүн төвтэй шийдэлд хөрөнгө оруулах шаардлагатайг онцолсон. Түүний хэлсэн санааны гол цөм нь энгийн. Газар доройтно гэдэг зөвхөн хөрс муудна гэсэн үг биш.
Газар доройтоход усны хүртээмж, хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуй, орлого, ажлын байр, улмаар хүн амын шилжилт хөдөлгөөн, нийгмийн тогтвортой байдалд хүртэл нөлөөлнө.
UNCCD ч газрын доройтлыг зөвхөн байгаль орчны асуудал бус хүнс, ус, амьжиргаа, эдийн засгийн тогтвортой байдлын асуудал гэж тодорхойлж байна. Дэлхийн нийт газрын 40 хүртэл хувь доройтолд өртсөн нь хүнсний үйлдвэрлэл, усны хүртээмж, амьжиргаанд шууд нөлөөлж байна.
Иймээс Ясмин Фуадын онцолсон “хөрөнгө оруулалт” гэдэг ойлголт зөвхөн мод тарих, хашаа барих, нэг удаагийн төсөл хэрэгжүүлэх тухай биш. Газрын доройтлыг зогсоож, хөрсний эрүүл мэндийг сэргээж, ус болон хүнсний тогтолцоог хамгаалах урт хугацааны хөрөнгө оруулалт гэсэн үг.
Монгол яагаад энэ асуудлын гол төвд байна вэ?
COP17-ыг Монгол Улсад зохион байгуулж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Монголын нийт нутаг дэвсгэрийн ойролцоогоор 76.9-77 хувь нь газрын доройтолд өртсөн гэж UNCCD мэдээлж буй. 1.56 сая хавтгай дөрвөлжин километр нутагтай Монголын хувьд энэ бол асар том асуудал.
Ялангуяа мал аж ахуй, бэлчээрээс шууд болон шууд бусаар хамаарах хүн амын хувьд газрын доройтол нь байгаль орчны статистик биш. Өдөр тутмын амьжиргааны асуудал. Газрын доройтлоос үүдэн бэлчээрийн гарц муудна. Малын тарга хүч буурна. Усны хүртээмжийн асуудал нэмэгдэнэ. Зуд, гангийн эрсдэл нэмэгдэнэ. Малчдын орлого тогтворгүй болно. Улмаар хүн амын төвлөрөл, шилжилт хөдөлгөөн нэмэгдэж болно.
Иймд Монголын хувьд “бэлчээр хамгаалах” гэдэг нь мал аж ахуйгаа хамгаалахтай, мал аж ахуйгаа хамгаалах нь орон нутгийн эдийн засаг, хүнсний аюулгүй байдлаа хамгаалахтай шууд холбоотой.
2026 он: Бэлчээр, малчдын олон улсын жил
COP17-ын онцлог нь 2026 он НҮБ-ын “Бэлчээрийн болон малчдын олон улсын жил” болж байгаатай давхцаж буй явдал. Энэ нь Монгол Улсад бүр ч чухал ач холбогдолтой. Учир нь, дэлхийн хуурай газрын талаас илүү хувийг бэлчээр эзэлдэг, ойролцоогоор 500 сая хүний шууд амьжиргааг дэмжиж, дэлхийн хүнсний хэрэгцээний тодорхой хэсгийг хангадаг. Гэсэн хэдий ч бэлчээр нь хамгийн их үл тоомсорлогдож, доройтож буй экосистемүүдийн нэг хэвээр байна.
Иймд Монгол Улс COP17-ыг ашиглан малчдын амьжиргаа, бэлчээрийн тогтвортой менежментийг дэлхийн бодлогын түвшинд гаргахыг зорьж буй юм. COP17-ын хүрээнд бэлчээр, малчдын асуудлаар тусгай өндөр түвшний яриа хэлэлцээ ч зохион байгуулагдаж байна.
“Газрын доройтол бол хүний үйл ажиллагаатай холбоотой”
Ясмин Фуадын онцолсон бас нэг чухал санаа нь газрын доройтол байгалийн үзэгдэл төдий биш. Дэлхийн нийт газрын 40 хүртэл хувь доройтсон шалтгаанд хүний үйл ажиллагаа томоохон байр суурь эзэлж буй юм.
Газрыг хэт ашиглах, зохисгүй газар ашиглалт, ой модны хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, усны зохисгүй хэрэглээ, хөдөө аж ахуйн буруу менежмент зэрэг олон хүчин зүйл нийлж газрын доройтлыг хурдасгадаг. Энэ утгаараа “цөлжилттэй тэмцэх” гэдэг нь цөл үүссэн газар дээр мод тарихаас хамаагүй өргөн ойлголт юм.
Зөв менежментгүй ашиглаж байгаа газрыг буцаан сэргээх, бэлчээрийн даацыг тооцох, хөрсний үржил шимийг хамгаалах, усны хэрэглээг зөв төлөвлөх, газар ашиглалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй болгох, малчдын уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулах. Энэ бүхнийг хамтад нь авч үзэх шаардлагатай.
Монголын бэлчээрийн асуудал дэлхийн асуудал болж байна
Монголын мал аж ахуй уур амьсгалын өөрчлөлтөд онцгой эмзэг. Ган, зудын давтамж, эрчим нэмэгдэхийн хэрээр бэлчээрийн даац, усны хүртээмж, малын тэжээл зэрэг асуудал улам чухал болж байна. Энэ асуудлыг зөвхөн малчдын асуудал гэж харах нь хангалтгүй юм.
Учир нь, мал аж ахуйн салбарын цаана мах, сүүний үйлдвэрлэл, ноос, ноолуур, арьс шир, дотоодын хүнсний хангамж, экспорт, орон нутгийн ажлын байр, хөдөө орон нутгийн амьжиргаа гэсэн бүхэл бүтэн эдийн засгийн систем бий. Тиймээс бэлчээрийн доройтол бол эдийн засгийн эрсдэл мөн.
Мөнгө хамгийн том асуудал хэвээр
Газар сэргээх технологи, аргачлал бий. Асуудал нь үүнийг хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэгт байгаа юм. COP17-ын үеэр энэ асуудал хамгийн том хэлэлцүүлгийн нэг болж байна.
Guardian-ийн мэдээлснээр, газрын доройтол, гангийн асуудлыг шийдвэрлэхэд зориулсан олон улсын санхүүжилтийн хэрэгцээ асар өндөр байгаа ч одоо амласан хөрөнгө оруулалт шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байгаа юм.
COP17 нь ялангуяа эмзэг орнуудад чиглэсэн 12 тэрбум ам.долларын санхүүжилтийг ажил хэрэг болгох, мөн хувийн хөрөнгө оруулалтыг татах асуудалд анхаарч буй. Энд Ясмин Фуадын хэлсэн “хувийн хэвшлийг оролцуулах” санаа чухал болж байна. Учир нь, газрын доройтлыг зөвхөн улсын төсвөөр шийдэх боломж хязгаарлагдмал.
Хөдөө аж ахуй, уул уурхай, хүнс, үйлдвэрлэл, банк санхүү, даатгал зэрэг газар болон усны нөөцөөс хамааралтай бизнесүүд өөрсдөө газрын тогтвортой менежментэд хөрөнгө оруулах шаардлагатай.
“Хөрөнгө оруулалт” гэдэг ойлголтыг өөрчлөх цаг
Энд COP17-ын нэг чухал санаа гарч ирж байна. Өнөөдөр бид хөрөнгө оруулалтыг ихэвчлэн зам + барилга + үйлдвэр + тоног төхөөрөмж гэж ойлгодог. Харин ирээдүйд эрүүл хөрс + эрүүл бэлчээр + усны нөөц + экосистемийн үйлчилгээ ч бас хөрөнгө оруулалтын объект байх шаардлагатай.
Жишээлбэл, бэлчээрийг сэргээхэд зарцуулсан нэг төгрөг нь ирээдүйд малын бүтээмжийг хамгаалах, усны нөөцийг хадгалах, ган, зудын эрсдэлийг бууруулах, хүнсний үнийн өсөлтийг сааруулах, малчдын орлогыг тогтворжуулах зэрэг олон үр өгөөж авчирч болно. Ийм учраас COP17-ын асуудлыг “ногоон” сэдэв гэж хязгаарлах нь буруу. Энэ бол эдийн засгийн бодлогын асуудал.
Хэвлэл мэдээллийн үүрэг яагаад чухал вэ?
Ясмин Фуадын онцолсон өөр нэг зүйл нь хэвлэл мэдээллийн үүрэг. Энэ нь маш чухал. Учир нь, олон улсын бага хурлын үеэр “Амлалт өглөө", “Тунхаг гаргалаа”, “Санаачилга эхлүүллээ” гэсэн мэдээ олон гардаг. Гэхдээ дараагийн асуулт нь "Тэгээд яг юу өөрчлөгдсөн бэ?"гэдэг.
Хэвлэл мэдээлэл энд хяналтын үүрэг гүйцэтгэж чадна. Жишээлбэл, Монгол Улс газрын доройтлыг бууруулах зорилт тавилаа гэж бодъё. Тэгвэл сэтгүүлчид дараа нь хэдэн га газар сэргээгдсэн бэ, хэдэн төгрөг хаана юунд зарцуулагдсан бэ, ямар арга хэрэглэсэн бэ, бэлчээрийн ургамлын бүрхэвч хэр өөрчлөгдөв, усны нөөцөд ямар өөрчлөлт гарав, малчдын орлогод ямар нөлөө үзүүлэв гэж асуух ёстой. Ингэж байж “тунхаг” бодит үр дүн болж хувирна.
COP17-ын дөрвөн гол багана
UNCCD-ийн албан ёсны хөтөлбөрөөс харахад COP17 зөвхөн цөлжилтийн тухай нэг сэдэвт хурал биш. Хэлэлцүүлгийг үндсэндээ дараах чиглэлүүдээр холбож байна:
1. Санхүүжилт. Газрыг сэргээхэд шаардлагатай хөрөнгийг хаанаас бий болгох вэ?
2. Ус. Газар-усны харилцан хамаарлыг хэрхэн зөв удирдах вэ?
3. Газар ба хүн. Газрын доройтлыг бууруулахын зэрэгцээ газар дээр амьдарч буй хүмүүсийн амьжиргааг хэрхэн хамгаалах вэ?
4. Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэнд. Эрүүл хөрсийг хүнсний аюулгүй байдлын үндэс болгон хэрхэн хамгаалах вэ? Эдгээр сэдэв COP17-ын тусгай өдрүүд болон өндөр түвшний хэлэлцүүлгүүдийн төвд байна.
Монголд үлдэх хамгийн том боломж
COP17 Монголд хоёр өөр үр дүн авчирч болно. Нэгдүгээрт, Монгол Улс дэлхийд бэлчээр, малчдын асуудлыг бодлогын түвшинд гаргаж ирсэн улс болж чадна. Хоёрдугаарт, илүү чухал нь Монгол өөрөө энэ хурлаас бодит хөрөнгө оруулалт, технологи, шинжлэх ухаан, санхүүжилт, бодлогын шинэчлэл авч үлдэх боломжтой.
UNCCD-ийн мэдээллээр Монголын COP17-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд газрын нөхөн сэргээлт, хөдөөгийн амьжиргаа, залуусын оролцоо, хувийн хэвшлийн оролцоог холбосон хэд хэдэн санаачилга хэрэгжиж буй. Үүнд 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих зорилготой үндэсний хөдөлгөөн болон Business4Land санаачилга багтаж байна. Гэхдээ энд бас нэг чухал шалгуур бий.
Монгол Улс COP17-ыг зохион байгуулснаараа биш, COP17-ын дараа юу хийснээрээ үнэлэгдэнэ.
Хурлын дараах 10 жил хамгийн чухал
Хэрэв Монгол Улс энэ боломжийг ашиглая гэвэл дараагийн алхам нь тодорхой. Нэгдүгээрт, газрын доройтлын мэдээллийг сум, багийн түвшинд илүү нарийвчлалтай гаргах. Хоёрдугаарт, бэлчээрийн даац, малын тоо, усны нөөц, уур амьсгалын эрсдэлийг нэгтгэсэн төлөвлөлт хийх. Гуравдугаарт, газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтыг зөвхөн төсвөөс хамаарахгүй болгох.
Дөрөвдүгээрт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бодит үр дүнтэй нь холбох. Тавдугаарт, малчдыг бодлогын объект биш, шийдвэр гаргах үйл явцын оролцогч болгох. Зургадугаарт, хэрэгжүүлсэн төсөл бүрийн үр дүнг хэмжих.
Газар бол бидний хамгийн том “дэд бүтэц”
COP17-ын хамгийн том санааг нэг өгүүлбэрээр хэлбэл, "Газар бол байгаль орчны асуудал төдийгүй ус, хүнс, эдийн засаг, амьжиргаа, үндэсний аюулгүй байдлын суурь".
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц ч газрыг “хүнсний аюулгүй байдал, ус, амьжиргаа, тогтвортой байдлыг дэмждэг хамгийн чухал дэд бүтэц” гэж тодорхойлж байна.
Монголын хувьд энэ санаа бүр ч тодорхой. Бэлчээр доройтвол малчин хохирно. Малчин хохирвол орон нутаг хохирно. Орон нутаг хохирвол хүнсний систем, эдийн засагт нөлөөлнө. Тиймээс цөлжилттэй тэмцэх бодлого гэдэг нь зөвхөн мод тарих тухай биш. Газрыг хамгаалах нь хүнийг хамгаалах тухай. Хөрсийг сэргээх нь хүнсний аюулгүй байдлыг хамгаалах тухай. Бэлчээрийг хамгаалах нь малчдын ирээдүйг хамгаалах тухай.
Үүнийг хийхийн тулд амлалт биш, урт хугацааны хөрөнгө оруулалт хэрэгтэй. COP17-ын “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” гэсэн урианы жинхэнэ утга нь ч энд оршиж байна.
Газрыг сэргээж чадвал амьжиргааг сэргээж болно. Амьжиргааг сэргээж чадвал итгэл найдварыг сэргээж болно.