АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт "Ормузын хоолойг тун удахгүй АНУ-ын нутаг дэвсгэр хэмээн зарлана" гэж мэдэгдэв.
Ормузын хоолой нь дэлхийн газрын тос, байгалийн хийн худалдааны ойролцоогоор тавны нэг нь дамжин өнгөрдөг стратегийн чухал усан зам юм. Гэвч одоогийн байдлаар тус бүс дэх нөхцөл байдал цэрэг, дипломат талаасаа мухардалд ороод байгаа билээ.
Трампын мэдэгдлийн хариуд Иран үүнийг “утгагүй зүйл” хэмээн няцаасан байна. Энэ үеэр хоёр талын зургадугаар сард байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хугацаа ням гарагт дуусах аж.
Трамп юу гэж мэдэгдсэн бэ?
Трамп Нью-Йорк дахь цагдаагийн академид үг хэлэхдээ “Бид Ираныг бүрэн ялж дууссаны дараа Ормузын хоолойг тун удахгүй АНУ-ын нутаг дэвсгэр гэж зарлана” хэмээн мэдэгджээ. Тэрбээр АНУ-ын хэрэгжүүлж буй тэнгисийн цэргийн бүслэлтэй холбогдуулан Ормузын хоолой хэдийнэ АНУ-ын нутаг дэвсгэр мэт болсон гэж хэлсэн байна.
Трамп “Бид бүслэлт хийж байна. Бид зөвшөөрөхгүй л бол ямар ч хөлөг онгоц нэвтрэхгүй” гэжээ. Гэвч Иран тус усан замыг өөрийн хяналтад байдаг гэж үзсээр буй бөгөөд АНУ-ын бүслэлтийн тухай мэдэгдлийг үл харгалзан зарим хөлөг онгоц Ормузын хоолойгоор дамжин өнгөрсөн нь далайн хөдөлгөөний мэдээллээс харагдсан байна.
Аль Жазирагийн Вашингтон дахь сурвалжлагч Кимберли Халкеттийн мэдээлснээр, Трамп энэ мэдэгдлийг инээмсэглэн хэлсэн бөгөөд өөрөө ч үүнийг бүрэн утгаар нь нухацтай авч үзэж байгаа эсэх нь эргэлзээтэй байсан аж.
Тэрбээр мөн Ормузын хоолой нь Иран болон Оманы нутаг дэвсгэрийн усан бүсүүдийн дунд оршдог гэдгийг онцолжээ.
Иран хэрхэн хариулав?
Ираны хэд хэдэн өндөр албан тушаалтан Трампын мэдэгдлийг эрс эсэргүүцсэн байна. Ираны шүүх засаглалын тэргүүн Трампыг эрс шүүмжилж, түүний мэдэгдлийг “утгагүй зүйл” хэмээн нэрлээд, Ормузын хоолой Иранд харъяалагддаг" гэж мэдэгджээ.
Ираны Гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади “Ормузын хоолойг жиргээгээр ч, нисэх онгоц тээгч хөлгөөр ч, тушаал гаргаснаар ч, сонгуулийн сурталчилгааны үеэр хэлсэн үгээр ч булаан эзэмших боломжгүй” гэжээ.
Тэрбээр цааш нь “Ормузын хоолой Ираны байсан, одоо ч Ираных, цаашид ч Ираны хэвээр байна. Энэ хоолойг зөвхөн Ираны удирдлага дор хааж, нээх болно” хэмээн мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Иран тус хоолойн нөгөө эрэгт орших цорын ганц улс болох Омантай далайн тээврийн хөдөлгөөнийг зохицуулах асуудлаар хэлэлцээ хийж байгаа аж.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи "Хэлэлцээ удахгүй үр дүнд хүрч магадгүй" гэж мэдэгджээ. Гэхдээ усан замыг нээх асуудал тусдаа гэж тэр тайлбарласан байна. Түүний хэлснээр, Вашингтон өмнө нь байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт тусгасан амлалтуудаа, тэр дундаа тэнгисийн бүслэлт болон Ираны эсрэг хориг арга хэмжээг цуцлах асуудлыг биелүүлэх ёстой аж.
АНУ Ормузын хоолойг үнэхээр өөрийн нутаг дэвсгэр болгож чадах уу?
Олон улсын эрх зүйн талаас авч үзвэл, Трампын нэг талын мэдэгдлээр тусгаар тогтнол болон нутаг дэвсгэрийн харъяалал өөрөө өөрчлөгдөх боломжгүй аж. АНУ-ын Ерөнхийлөгч дангаараа ямар нэгэн нутаг дэвсгэрийг АНУ-д нэгтгэх эрх мэдэлтэй эсэх нь мөн маргаантай асуудал.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейганы үед Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Брюс Фейн ийм үйлдэл хийхэд Сенатаар соёрхон баталсан гэрээ, эсвэл Конгрессын хууль шаардлагатай гэж тайлбарлажээ.
Түүний хэлснээр, АНУ өмнө нь Луизиана, Хавай, Панамын суваг, Пуэрто-Рико зэрэг газар нутгийг өөрийн мэдэлд авахдаа тодорхой хууль, гэрээний үндэслэлтэй байсан аж.
Хэрэв Трамп Ормузын хоолойг хүчээр АНУ-ын нутаг дэвсгэрт нэгтгэхийг оролдвол энэ нь олон улсын эрх зүй, тэр дундаа НҮБ-ын дүрмийн хүрээнд түрэмгий дайны гэмт хэрэгт тооцогдох эрсдэлтэй гэж Фейн үзжээ.
Олон улсын эрх зүйн мэргэжилтэн, Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн дэд декан Натали Клейн мөн АНУ Ормузын хоолойд хууль ёсны хяналт тогтоох цорын ганц боломж нь дайны үеийн эзлэн түрэмгийлэгч хүчний статустай болох тохиолдол байж болохыг тайлбарласан байна.
Гэхдээ ийм нөхцөлд АНУ Иран эсвэл наад зах нь Ираны эрэг орчмын нутаг дэвсгэрт цэргийн хяналт тогтоосон байх шаардлагатай аж.
Ормузын хоолой олон улсын эрх зүйн хувьд хэнийх вэ?
Ормузын хоолой нь Иран болон Оманы эрэг хооронд орших олон улсын ач холбогдолтой усан зам юм.
НҮБ-ын Далайн эрх зүйн конвенц буюу UNCLOS-ын дагуу эрэг орчмын улс өөрийн нутаг дэвсгэрийн усанд бүрэн эрх эдлэх боловч энэ усан бүс нь эргээсээ 12 далайн милийн буюу ойролцоогоор 22 км-ийн зайд хязгаарлагддаг.
Мөн бусад улсын хөлөг онгоц тодорхой нөхцөлд уг усан бүсээр саадгүй нэвтрэх эрхтэй гэж олон улсын далайн эрх зүйд үздэг аж.
Ормузын хоолойн хамгийн нарийн хэсэг ойролцоогоор 21 далайн миль буюу 39 км өргөн. Иймээс Иран болон Оманы 12 далайн милийн нутаг дэвсгэрийн усан бүс хоорондоо давхцдаг байна.
АНУ болон Иран UNCLOS-ийг албан ёсоор соёрхон батлаагүй боловч олон улсын хоолойн талаарх уг конвенцын зарим дүрмийг олон улсын заншлын эрх зүйн хэм хэмжээ гэж өргөнөөр хүлээн зөвшөөрдөг ажээ.
Трампын мэдэгдэл улс төрийн зорилготой юу?
Жоржтауны их сургуулийн Катар дахь салбарын улс төрийн шинжлэх ухааны дэд профессор Пол Масгрейвийн үзэж байгаагаар Трамп ийм төрлийн мэдэгдлийг голчлон АНУ-ын дотоодын үзэгчид болон өөрийн дэмжигчдэд хандаж хийдэг аж.
Тэрбээр Трампыг телевизийн реалити шоуны ертөнцөөс улс төрд орж ирсэн, өөрөөр хэлбэл “шоу хийдэг хүн” гэж тодорхойлжээ. Пол Масгрейв “Тэр томоор ярьдаг хүн. Зарим тохиолдолд түүний үгийг нухацтай авч үзэх хэрэгтэй. Гэхдээ үг бүрийг нь шууд утгаар нь хүлээж авах хэрэггүй” гэж хэлсэн байна.
Түүний үзэж байгаагаар, Ормузын хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгох нь бодит болон хууль эрх зүйн хувьд хэрэгжих боломжгүй боловч Трамп Ираны эсрэг байр сууриасаа буцахгүй байгааг уг мэдэгдэл харуулж байгаа аж.
АНУ-д ч нөхцөл байдал амаргүй байна
Трампын Ираны эсрэг явуулж буй дайн АНУ-ын дотоодод төдийлөн түгээмэл дэмжлэг авахгүй байгаа аж. Reuters/Ipsos-ийн санал асуулгаар америкчуудын ердөө 35 орчим хувь нь дайныг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Мөн Америкийн хэвлэлүүд АНУ-ын зэвсгийн нөөц, тэр дундаа Patriot пуужингийн довтолгооноос хамгаалах системийн сум, хэрэгсэл багасаж байгаа талаар мэдээлсэн байна. Үүнээс гадна шатахууны үнэ нэмэгдэж, нэг галлон бензиний дундаж үнэ 4 ам.доллараас давсан нь Америкийн хэрэглэгчдэд томоохон асуудал болж буй аж.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс өнгөрсөн долоо хоногт засаг захиргааны дайны үеийн нэн тэргүүний зорилго нь шатахууны үнийн өсөлтийг хянах явдал болсон бөгөөд Ираны цөмийн зэвсэгтэй болох боломжийг зогсоох асуудал хоёрдугаарт тавигдаж байгааг хэлжээ.
Эх сурвалж: ALJAZEERA