ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Михаил Галузины ТАСС агентлагт өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Тэрбээр Украины мөргөлдөөнийг зохицуулах боломжит хувилбаруудын талаар ярьж, Приднестровье болон Беларусийн эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаарх асуултад хариулжээ. Мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яагаад эрх мэдлээ бүх хүчээрээ хадгалан үлдэхийг эрмэлзэж байгаа талаар тайлбарласан байна.
-АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Анкорижийн уулзалт амжилтгүй болсон гэж мэдэгдэж, шинэ санаа, шинэ хувилбар эрэлхийлэх шаардлагатайг онцолсон. Энэ нөхцөлд Орос улс Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлыг зохицуулах асуудлаар ямар нөхцөлөөр яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна вэ? Москва урьдын адил буулт, харилцан тохиролцоонд бэлэн хэвээр байна уу, эсвэл байр суурь нь улам хатуу болж байна уу? Украины Зэвсэгт хүчний Оросын иргэний дэд бүтцийн эсрэг хийж буй террорист халдлага үүнд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Үнэхээр америкчуудын хэлж буй зүйл болон хийж буй үйлдлүүд хоорондоо нэлээд зөрчилдөж байна. Зургадугаар сард Рубио Вашингтон өөрийгөө “төвийг сахисан зуучлагч” гэж үзэхгүй байгаа тухай хэлсэн мэдэгдлийг бид анзаарсан. Үүний зэрэгцээ тэрбээр хэдхэн хоногийн өмнө АНУ ойрын долоо хоногуудад Украины асуудлаар хэлэлцээ зохион байгуулахыг оролдоно гэж мэдэгдсэн.
Харин АНУ Киевийн дэглэмд зэвсэг нийлүүлсээр байгаа, тагнуулын мэдээлэл өгч буй болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлж байгаа нь өөрөө бүхнийг илэрхийлж байна. Энэ бүхэн энх тайвныг эрэлхийлж буй гэсэн зорилготой нийцэхгүй байна. Бид Вашингтонтой үргэлжилж буй харилцаа, холбооныхоо хүрээнд энэ бүх асуудлыг хурцаар тавьж байна.
Манай талаас ОХУ-ын удирдлагаас дэвшүүлсэн тусгай цэргийн ажиллагааны зорилтуудад тууштай хэвээр байж, тэдгээрийг Анкориджийн тохиролцоо, ойлголтуудыг харгалзан хэрэгжүүлэхэд бэлэн байна.
Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлыг дипломат арга замаар зохицуулах боломжтой гэдэгт бид итгэлтэй байна. Үүний тулд улс төрийн зохих хүсэл зориг байх шаардлагатай. Түүнчлэн Оросын аюулгүй байдлыг хангах талаар хууль эрх зүйн хувьд заавал биелүүлэх тодорхой баталгаанууд шаардлагатай байна. Ингэснээр манай улсын баруун хил орчимд Өрнөдийн хамтын дахин түрэмгийлэл үйлдэх нөхцөл үүсэхгүй байх ёстой.
Одоогийн шатанд бид Киевийн дэглэмээс манай улсын энгийн иргэд, иргэний объектуудын эсрэг өдөр бүр үйлдэж буй террорист ажиллагаа, одоо бүр олон улсын дэд бүтцийн эсрэг чиглэсэн үйлдлүүдийг харгалзан үзэхээс өөр аргагүй байна. Киевийн дэглэм үүнийг маш богино хараатай хийснээрээ өөрийн нөхцөл байдлыг улам дордуулж байна.
Зеленскийд энх тайван хэрэггүй. Мөргөлдөөнийг үргэлжлүүлэх нь түүний болон түүний хүрээллийнхний хувьд эрх мэдлээ хадгалж үлдэх, үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө хариуцлага хүлээхээс зайлсхийх цорын ганц арга зам болж байна.
Ийм нөхцөлд бидэнд Украиныг цэрэггүйжүүлэх, “нацификациас ангижруулах” болон түүний нутаг дэвсгэрээс үүдэж буй аюул заналыг арилгах зорилтуудыг цэргийн арга замаар цаашид тууштай хэрэгжүүлэхээс өөр сонголт үлдэхгүй байна.
Гэсэн хэдий ч бид хэлэлцээний үйл явцын хаалгыг хаагаагүй. Харин одоо бөмбөг манай талд биш байна.
-Стамбул болон Женевийн хэлбэрээр хэлэлцээг сэргээх боломж хэвээр байна уу? Эсвэл энэ үе шат хэдийнэ өнгөрсөн үү?
-Украины хямралыг шийдвэрлэх улс төр, дипломат арга зам нь бидний хувьд үргэлж хамгийн зохистой, давуу хувилбар байсаар ирсэн бөгөөд одоо ч хэвээр байгааг дахин хэлье. Манай төлөөлөгчид оролцсон өмнөх харилцаа, хэлэлцээнүүд Москвагийн буруугаас болж зогсонги байдалд ороогүй.
2022 оны Стамбулын хэлэлцээ тухайн үеийн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Киевийг “зүгээр л дайтаарай” гэж уриалсны улмаас тасарсан нь сайн мэдэгдэж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины санаачилгаар 2025 онд Стамбулд дахин эхэлсэн харилцаа холбоог Киев “ахиц дэвшил байхгүй” гэсэн шалтгаанаар зогсоосон. Урт хугацааны, шударга зохицуулалтыг бий болгоход тулгуурлах ёстой бидний зарчим, хандлагад өөрчлөлт ороогүй.
Эдгээрийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2024 оны зургадугаар сарын 14-нд ОХУ-ын Гадаад хэргийн яаманд хэлсэн үгэндээ тодорхой илэрхийлсэн. Манай улс эдгээр зарчимд нийцэж, бодит нөхцөл байдал болон манай улсын хууль ёсны аюулгүй байдлын ашиг сонирхлыг харгалзан үзсэн бүх бүтээлч саналд нээлттэй хэвээр байна.
-Украины дотоод улс төрийн хямрал, тухайлбал Зэвсэгт хүчний шинэ ерөнхий командлагч Драпатыйг томилсон зэрэг боловсон хүчний өөрчлөлтүүд юуг харуулж байна вэ? Энэ нь мөргөлдөөний явцад хэрхэн нөлөөлөх бол?
-Нэмэгдэхүүн, хасагдахууны байрыг өөрчилсөн ч Зеленскийн “халаас” дахь мөнгө өөрчлөгдөхгүй. Киевийн дэглэмийн тэргүүн эрх мэдэл болон барууны санхүүгийн “тэжээлийн эх үүсвэр”-т тавих хяналтаа өөртөө хадгалж үлдэх хүсэлтэй холбоотойгоор эдгээр боловсон хүчний өөрчлөлтийг хийсэн нь тодорхой.
Украинд мөргөлдөөнийг үргэлжлүүлэх өөрийн нөөц боломж аль эрт дууссан. Тиймээс Киевт албан тушаалтнуудыг ийнхүү сольж, байр суурийг нь өөрчилж байгаа нь Украины дотоод нөхцөл байдалд ч, мөргөлдөөний явцад ч ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Орос улс тавьсан бүх зорилго, зорилтуудаа бүрэн хэрэгжүүлэх хүртэл цэргийн тусгай ажиллагааг үргэлжлүүлнэ.
Зэвсэгт хүчний шинэ ерөнхий командлагч Драпатыйн тухайд гэвэл тэрбээр өөрийн жинхэнэ дүр төрхийг аль эрт харуулсан. Киевийн дэглэмийн неонацист мөн чанарыг нэг бус удаа илчилж байсан. Тухайлбал, тэрбээр Украины хэвлэлд өгсөн ярилцлагадаа Оросын үндэстэн “оршин байх эрхгүй” гэж мэдэгдэж байсан.
Донбассын оршин суугчдыг ч хэвлэлд нийтлэх боломжгүй бүдүүлэг үг хэллэгээр доромжилж байсан. Иймэрхүү мэдэгдлүүд нь Украиныг “нацификациас ангижруулах” зорилго үндэслэлтэй болохыг дахин нотолж байна.
БИД ЭНЭ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
-Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Баку хотод Орос, Германы төлөөлөгчдийн хооронд Украины асуудлыг зохицуулахтай холбоотой уулзалт болсон гэж мэдээлсэн. Та энэ мэдээллийг батлах, эсвэл үгүйсгэх боломжтой юу?
-Украины асуудлыг зохицуулахтай холбоотойгоор Германы талтай ямар нэгэн албан ёсны харилцаа, уулзалт байгаагүй, одоо ч байхгүй. Одоогийн Германы улс төрийн удирдлагын Оросын эсрэг туйлын түрэмгий үг хэллэг, практик алхмуудыг харгалзан үзвэл ийм уулзалт болох магадлал ч бага.
Харин Орос, Германы янз бүрийн олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчдийн албан бус уулзалтууд болж байсан бөгөөд үргэлжилж байна.
-ЕАЭЗХ-ны орнууд Армениас тус холбоонд гишүүнээр үлдэх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг тодорхой хугацааны дотор хүлээж байна уу? Ойрын хугацаанд Ереваны эсрэг холбооны зүгээс ямар нэгэн арга хэмжээ авах гэж байна уу?
-ОХУ, Беларусь, Казахстан, Киргизстаны Ерөнхийлөгчдийн 5 дугаар сарын 29-ний хамтарсан мэдэгдэлд Арменийн Европын чиг баримжаатай холбоотойгоор тус улсад Европын холбоонд элсэх, эсвэл ЕАЭЗХ-ны бүрэлдэхүүнд цаашид үлдэх эсэх асуудлаар аль болох богино хугацаанд бүх нийтийн санал асуулга явуулах шаардлагатай гэж дурдсан. Гэхдээ тодорхой огноо заагаагүй.
Үүний зэрэгцээ энэ асуудлыг 12 дугаар сард болох Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр хэдийнэ тодорхой болсон. Тэр үед төрийн тэргүүнүүдэд 2014 оны 5 дугаар сарын 29-ний ЕАЭЗХ-ны гэрээний Арменид үйлчлэхийг түдгэлзүүлбэл ямар үр дагавар гарах боломжтой талаар тайлан танилцуулах ёстой.
Хэрэв тэр үед бүх нийтийн санал асуулга явуулах тухай уриалгыг хүлээн аваагүй бол холбооны удирдагчид энэ нөхцөл байдлыг цаашдын хамтарсан алхмуудаа тодорхойлохдоо харгалзан үзэх нь ойлгомжтой.
Өөрийн зүгээс нэмж хэлэхэд, Арменийн Үндсэн хуулийн 205 дугаар зүйлд төрийн дээд байгууллагаас дээгүүр эрх мэдэл бүхий олон улсын байгууллагад гишүүнээр элсэхтэй холбоотой ийм төрлийн санал асуулгыг Бүгд Найрамдах Арменийн Засгийн газар санаачлах ёстой гэж заасан байдаг.
Үүний зэрэгцээ 2025 онд “Европын холбоонд элсэх үйл явцыг эхлүүлэх тухай” ирээдүйн хуулийн төслийг хэлэлцэх үед Үндсэн хуулийн заалтыг үл харгалзан уг хуулийг батлахад бүх нийтийн санал асуулга шаардлагагүй гэж бидэнд тайлбарлаж байсан. Учир нь уг баримт бичиг нь ямар ч бодит утга агуулгагүй, ердөө улс төрийн тунхаглал гэж тайлбарласан.
Харин одоо бид зургадугаар сарын сонгуулийн үр дүн нь Арменийн ард түмэн Европыг чиглэсэн бодлого, цаашид тус улсад Европын хэм хэмжээ, дүрмийг нэвтрүүлэхийг бүх нийтээр дэмжиж буйн нотолгоо болсон гэх тайлбарыг сонсож байна. Тиймээс дахин бүх нийтийн санал асуулга явуулах шаардлагагүй гэж үзэж байгаа.
Сануулахад, Пашинян сонгуулийн кампанит ажлынхаа үеэр заримдаа хоорондоо эрс зөрүүтэй, будлиантай мэдэгдлүүд хийж байсан. Үүний зэрэгцээ Арменийг Европын холбоонд одоогоор хэн ч урьсангүй, цаашдаа ч тус улс Европын холбооны гишүүн болж магадгүй, бүр огт болохгүй ч байж болно гэдгийг нэлээд ил тод хүлээн зөвшөөрч байсан.
Үнэхээр маш олон зүйл яригдсан ч энэ нь нөхцөл байдлыг огт тодорхой болгосонгүй. Тиймээс Орос, Беларусь, Казахстан, Киргизстаны удирдагчид Арменийн иргэд энэ асуудлын талаар үнэндээ ямар байр суурьтай байгааг мэдэх шаардлагатай гэж мэдэгдсэн.
Тэр дундаа “Та Европын холбоонд элсэхийг хүсэж байна уу?” гэсэн хийсвэр, онолын асуулт биш, харин “Ирээдүйд Европын холбоонд элсэх магадлал нь бүрэн тодорхой бус байгаа нөхцөлд ЕАЭЗХ-ны гишүүнчлэлээс татгалзахад бэлэн үү?” гэсэн тодорхой, практик асуулт байх ёстой.
Учир нь, ийм байдлаар асуух нь Бүгд Найрамдах Арменийн иргэдэд хамгийн шударга хандлага болно. Мөн ЕАЭЗХ-ны бусад гишүүн орнуудад ч мөн адил шударга байна.
-ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Армени улс төлбөр, хураамжаа төлөхгүй байгаатай холбоотойгоор Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ) үүргээ биелүүлээгүйтэй холбоотой дүрмийн заалтыг хэрэгжүүлэх асуудлыг авч үзнэ гэж анхааруулсан. Энэ үйл явц ямар шатанд явж байна вэ? Армен улс Европын холбоотой ойртож, ХАБГБ болон ЕАЭЗХ-нд хандах хандлага нь өөрчлөгдөж буй нөхцөлд Москва Еревантай харилцах харилцааны ирээдүйг хэрхэн харж байна вэ?
-ХАБГБ-ын дүрэм нь олон улсын гэрээ бөгөөд уг гэрээнд оролцогч бүх тал, тэр дундаа ХАБГБ-ын байгууллагуудын үйл ажиллагааг санхүүжүүлэх үүрэг бүхий гишүүн орон бүр гэрээгээ шударгаар биелүүлэх ёстой.
Ереван тус байгууллагын үйл ажиллагаанд оролцохоос татгалзаж, жил бүрийн төсвийн шийдвэрт гарын үсэг зурахгүй байгаа нь зөвхөн өөрт нь олгогдсон эрхээ ашиглахгүй байгааг илэрхийлж байгаа болохоос Армени улс үндэсний хураамжаа хугацаанд нь шилжүүлэх үүргээсээ чөлөөлөгдөж байгаа гэсэн үг биш.
Байгууллагын институцийн үр ашигтай ажиллагааг хадгалах зарчмаас үзвэл олон улсын аливаа байгууллагад ийм тохиолдолд үндсэн баримт бичгүүдэд нь заасан зохих журмууд байдаг.
ХАБГБ ч мөн адил. Гэхдээ гишүүн орнуудын аль нэгэнд хязгаарлалтын арга хэмжээ авах эсэхтэй холбоотой аливаа шийдвэр нь бүхэлдээ Хамтын аюулгүй байдлын зөвлөлийн бүрэн эрхэд хамаарна. Тус зөвлөлд ХАБГБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд багтдаг.
Тэд байгууллагын дүрмийн холбогдох заалтууд, тухайлбал 20 болон 25 дугаар зүйлд үндэслэн ийм шийдвэр гаргах эрхтэй. Зөвлөлийн дараагийн хурал 11 дүгээр сарын 11-нд Москвад болно.
-Зеленскийн сүүлийн үеийн түрэмгий мэдэгдлүүдийн нөхцөлд Украины зүгээс Беларусийн эсрэг зэвсэгт өдөөн хатгалга хийх эрсдэл хэвээр байна уу? Москва, Минск хоёр Киевийг энэ чиглэлд тогтоон барихын тулд хамтран ямар арга хэмжээ авч болох вэ?
-Ийм эрсдэлийг бид мэдээж харгалзан үзэж байна. Зургадугаар сард Киевийн дэглэмийн зарим төлөөлөгчөөс манай ахан дүүсийн Беларусь улсын эсрэг үндэслэлгүй заналхийлэл үнэхээр гарсан. Түүгээр ч зогсохгүй эдгээр түрэмгий мэдэгдлийг Европын Комиссын түвшинд түүний албан ёсны төлөөлөгч Анита Хипперийн амаар дэмжсэн.
Бид Киев болон түүний Европ дахь ивээн тэтгэгчдийн ийм төлөвлөгөөг Украины хунта бүс нутагт энх тайван тогтоох сонирхолгүй байгаагийн бас нэг нотолгоо гэж үзэж байна. Мөн мөргөлдөөний газарзүйн хүрээг өргөжүүлж, ойрын хөрш орнуудыг мөргөлдөөнд татан оролцуулахыг эрмэлзэж байна гэж үзэж байна.
Нөхцөл байдлыг тогтворгүй болгох, манай холбоотны эсрэг аливаа өдөөн хатгалга хийх оролдлогыг бид бүхэлдээ Холбоот улсын эсрэг халдлага гэж үзэх болно. 2025 оны гуравдугаар сараас эхлэн Орос, Беларусь хоёрын хооронд Холбоот улсын хүрээнд аюулгүй байдлын баталгааны тухай гэрээ хэрэгжиж байгаа.
Уг гэрээ нь аль нэг талын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндсэн хуулийн байгуулалд заналхийлэл гэж үнэлэгдэх аливаа үйлдэлд хамтран хариу арга хэмжээ авах тодорхой механизмыг тогтоосон.
Энэ гэрээний үзэл санаа болон үг, үсгийн дагуу Орос, Беларусийн аюулгүй байдал салшгүй бөгөөд холбоотнуудын аль нэгний эсрэг гаднаас чиглэсэн аливаа халдлага нь бүхэлдээ Холбоот улсад учруулсан сорилт гэж үзэгдэнэ.
Нэгдсэн батлан хамгаалах орон зайн хүрээнд Нэгдсэн бүс нутгийн цэргийн бүлэглэл болон Нэгдсэн агаарын довтолгооноос хамгаалах систем амжилттай ажиллаж байна.
2024 онд Беларусийн нутаг дэвсгэрт Оросын стратегийн бус цөмийн зэвсэг, 2025 оны сүүлээр “Орешник” пуужингийн цогцолборууд байрлуулсан. Байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор хамтарсан цэргийн сургуулилтууд төлөвлөгөөний дагуу явагдаж байна.
2025 онд өргөн цар хүрээтэй “Запад-2025” цэргийн сургуулилтын хүрээнд Холбоот улсын эсрэг түрэмгийллийг няцаах янз бүрийн хувилбаруудыг боловсруулсан. Мөн 5 дугаар сарын 21-нд стратегийн болон тактикийн цөмийн хүчнийг удирдах чиглэлээрх анхны хамтарсан сургуулилтууд болсон.
Өрнөдийн түншүүд Киевийн дэглэмийг Европын тивд нөхөж баршгүй үр дагаварт хүргэж болзошгүй өдөөн хатгалгаас татгалзуулах хангалттай ухаалаг байна гэж найдаж байна.
-Одоогийн байдлаар Киевийн дэглэм болон Молдавын эрх баригчдын зүгээс Приднестровьед зэвсэгт өдөөн хатгалга хийх эрсдэл ямар байна вэ?
-Өнөөгийн нөхцөлд Киев болон Молдавын эрх баригчдаас Приднестровийн эсрэг шууд зэвсэгт өдөөн хатгалга хийх эрсдэлийг бид харьцангуй бага гэж үнэлж байна. Гэсэн ч үүнийг бүрэн үгүйсгэх боломжгүй.
Молдавын албан тушаалтнууд Приднестровийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх хүсэлтэй гэдгээ системтэйгээр мэдэгдэж байгаа хэдий ч Кишинев Киев, НАТО болон түүний гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа нь анхаарал татаж байна. Молдавын удирдлага болон Киевийн дэглэм нэг зүйлийг ойлгох ёстой.
220 мянга гаруй Оросын иргэн оршин суудаг Днестр мөрний зүүн эрэгт зэвсэгт түрэмгийлэл үйлдэх нь түрэмгийлэгчдийн өөрсдөд нь сүйрлийн үр дагавартай байх болно.
Бид өмнө нь олон удаа хэлж байсанчлан ийм бодлогогүй, хариуцлагагүй үйлдлийг олон улсын эрх зүйн дагуу ОХУ-ын эсрэг халдлага гэж үзэх бөгөөд шийдэмгий, цаг алдалгүй хариу арга хэмжээ авна.
Приднестровьед байгаа Оросын иргэд, Оросын цэргийн шуурхай бүлэг болон манай энхийг сахиулагчдыг найдвартай хамгаалахын тулд бидэнд байгаа бүх арга хэрэгслийг эргэлзэлгүйгээр ашиглана.
БИД ҮЙЛ ЯВДАЛ ЯМАР Ч БАЙДЛААР ӨРНӨСӨН БЭЛЭН БАЙНА
-Кишинев Оросын дипломат ажилтнуудын эрхийг илт зөрчиж, хүч хэрэглэн, ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудыг баривчлахаар заналхийлж байгаагийн цаана ямар зорилго байна вэ? Москва үүнд хэрхэн хариу өгөх боломжтой вэ?
-Молдавын албан ёсны Кишиневийн эрх баригчид бие даасан байдлынхаа өнгө төрхийг ч алдсан бөгөөд Брюсселийн зааврыг, ялангуяа Оросын эсрэг чиглэсэн зааврыг ямар ч эргэлзээгүйгээр биелүүлж байгааг бид олон удаа онцолж ирсэн.
Үүнээс үүдэн Молдавын эрх баригчид улс орны нийгэм, улс төрийн орон зайг Оростой холбоотой бүх зүйлээс ямар ч үнээр хамаагүй цэвэрлэхийг эрмэлзэж байна.
Үүний тулд Кишиневийн дэглэм Оросын болон орос хэл дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, Оростой бүтээлч яриа хэлэлцээг сэргээх сонирхолтой улс төрийн өрсөлдөгчдийнхөө эсрэг хэлмэгдүүлэлт явуулж, Орос, Молдавын эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг аль болох хүндрүүлэхийг оролдож байна.
Энэ нөхцөлд Молдавын удирдагчдыг манай дипломат албаны өдөр тутмын үйл ажиллагаа бухимдуулж байгаа нь ойлгомжтой. Учир нь манай дипломат албаны үүрэг бол Орос, Молдавын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хоёр орны ард түмний уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх явдал юм.
Оросын Элчин сайдын яамны ажилтнууд, дипломат шуудан зөөгчид болон албан тушаалтнуудын эсрэг өдөөн хатгалгын практик нь 2020-2021 онд тус улсад барууныг чиглэсэн, Оросын эсрэг хүчнүүд засгийн эрхэнд гарснаас хойш Кишиневийн зүгээс хэрэглэгдэж эхэлсэн.
Молдавын тал Элчин сайдын яамны ажилтнуудын тоонд квот тогтоож, манай дипломатуудыг удаа дараа хөөж гаргасан, тэднийг магадлан итгэмжлэхээс татгалзсан, хилээр нэвтрэхэд нь саад болсон тохиолдлууд гарч байсан.
Мэдээж харилцан адил байх зарчмыг харгалзан үзэж, эдгээр бүх дайсагнасан үйлдэлд зохих хариу өгч ирсэн бөгөөд цаашид ч өгөх болно. Хоёр орны хил дамнасан хөдөлгөөнтэй холбоотой бүхий л асуудлаар соёлтой дипломат яриа хэлэлцээ хийхээс Молдавын тал харамсалтай нь зөрүүдлэн зайлсхийсээр байна.
-Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Омск хотод Владимир Путинтэй уулзах үеэрээ Украины мөргөлдөөнийг “царцааж”, “Стамбулын томьёолол 2.0”-д эргэн очих санал гаргасан. Үүнээс өмнө Каспийн хоолой дамжуулах консорциумын (КХДК) дэд бүтцэд халдлага үйлдэгдсэн бөгөөд Астана үүнийг буруушаасан боловч хэнийг буруутгаж байгаагаа нэрлээгүй. Ийм халдлага дахин давтагдах аюул Казахстаны байр суурийг өөрчлөх боломжтой юу? КХДК-ийн Новороссийскээр дамжих экспорт бүрэн зогсох эрсдэл бий юу?
-Казахстан бол бидний хамгийн ойрын түнш, холбоотон бөгөөд бид олон стратегийн асуудлаар харилцан итгэлцсэн яриа хэлэлцээ явуулдаг. Украины эргэн тойрон дахь нөхцөл байдалд Казахстаны удирдлагын анхаарал хандуулж байгаад бид талархаж байна.
Мөн мөргөлдөөнийг аль болох хурдан энхийн замаар зохицуулах арга зам эрэлхийлэх Казахстаны хүчин чармайлтыг бид өндрөөр үнэлдэг. Түүнчлэн Астана өмнө нь хэлэлцээ хийх талбараа санал болгож байсан. Гэвч Владимир Путин олон удаа хэлж байсанчлан мөргөлдөөний үндсэн шалтгааныг арилгахгүйгээр ямар нэгэн “царцаалт” хийх боломжгүй.
Зеленский бодит байдалтай холбоо тасарсан бөгөөд мөргөлдөөнийг хурцатгахыг оролдож, Киевийг түнш гэж үздэг улс орнуудын дургүйцлийг ч төрүүлж байна. Иргэний эрчим хүчний дэд бүтцийн объектуудыг зэрлэгээр буудаж байгааг л авч үзье.
7–8 дугаар сард Украины Зэвсэгт хүчин нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан Каспийн хоолой дамжуулах консорциумын үйл ажиллагааг хангадаг объектуудын эсрэг илт террорист халдлагууд үйлдсэн. Уг консорциум нь юуны түрүүнд Казахстаны эдийн засгийн ашиг сонирхолд үйлчилдэг.
Үүнд дэлхийн хамтын нийгэмлэг, тэр дундаа Киевийн дэглэмд нөлөө бүхий АНУ болон Европын орнууд зохих хариу үйлдэл үзүүлнэ гэж найдаж байна. Учир нь эдгээр улсын газрын тос, байгалийн хийн компаниуд КТК-ийн хувьцаа эзэмшигчид юм.
Манай Казахстаны найз нөхөд терроризмын бүх хэлбэр, илрэлийн эсрэг тэмцэх шаардлагатайг маш сайн ойлгож байгаа гэж үзэж байна.
Үүнд хүрэх хамгийн сайн арга бол Киевийн дэглэмийн террорист үйл ажиллагааг таслан зогсоож, энх тайван, Евразийн аюулгүй байдлыг хангах явдал юм. Үүний тулд Украины эргэн тойрон дахь мөргөлдөөнийг түүний үндсэн шалтгааныг арилгах замаар шийдвэрлэх шаардлагатай.
Манай улс тусгай цэргийн ажиллагааныхаа хүрээнд яг үүнийг зорьж байна. Бидний мэдэж байгаагаар, аюулгүй байдал гэдэг нь бүгдэд байх ёстой, эс бөгөөс хэнд ч байхгүй.
-Орос, Гүржийн хооронд эдийн засгийн харилцаа идэвхтэй хөгжиж, бараа эргэлт болон аялал жуулчлалын урсгал эрчимтэй өсөж байна. Одоогийн Гүржийн удирдлага өнөө үед ховор тохиохоор харьцангуй бие даасан гадаад бодлого явуулж байгаа. Гэвч хоёр орны улс төрийн яриа хэлэлцээ бүрэн зогссон. Ойрын хугацаанд үүнийг сэргээх боломжийг та хэрхэн үнэлж байна вэ?
-Манай хоёр орны харилцааны үндэс нь олон зуун жилийн түүх, соёлын холбоо, нэгдмэл оюун санааны суурь дээр тогтдог.
Улс төрийн тодорхой зөрчилдөөнүүд байгаа хэдий ч бид Гүржтэй харилцан хүндэтгэсэн харилцааг бий болгохыг эрмэлздэг. Үнэхээр сүүлийн жилүүдэд худалдааны хамтын ажиллагаа, аялал жуулчлалын салбарт мэдэгдэхүйц ахиц гарсан.
Гүржид ирж буй дөрвөн жуулчин тутмын нэг нь Оросын жуулчин байна. Мөн Оросын багтаамжтай зах зээл нь Гүржийн экспортын гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хувьд хамгийн чухал зах зээл болж байна.
Үүнийг бид сайшааж байна. Учир нь манай хоёр орны иргэдэд чухал ач холбогдолтой зүйл болох хүмүүнлэгийн болон бизнесийн харилцааг өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь бидний зорилт гэж үздэг.
Онцлон хэлэхэд, түүхэн хувь заяа болон газарзүйн хувьд нягт холбоотой байдлыг харгалзан үзвэл Орос, Гүрж хоёр бие биедээ байгалиасаа заяасан түншүүд юм.
Гүржид үзүүлж буй урьд өмнө байгаагүй гадаад дарамт, Оростой харилцах харилцаагаа зогсоох тухай тулган шаардсан шаардлагууд Өрнөдийнхний хүссэн үр дүнд хүрээгүй нь ч үүнийг нотолж байна.
Бид Тбилиситэй прагматик харилцаагаа цаашид өргөжүүлэхэд нээлттэй. Гүржийн амжилттай хөгжлийн баталгаа нь сөргөлдөөнд бус, манай улстай хамтран ажиллахад оршино гэдэг нь ойлгомжтой. Харин хоёр талын улс төрийн харилцааны тухайд одоогоор ямар ч харилцаа холбоо байхгүй.
Үүний шалтгаан нь Гүржийн тал ийм яриа хэлэлцээнд бэлэн бус байгаатай холбоотой. Энэ нь Гүржид тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд хэрхэн тусалж байгаа талаар би мэдээж дүгнэхэд хэцүү. Гэхдээ энэ бол тус улсын эрх баригчдын гаргасан шийдвэр юм.
Эх сурвалж: TASS