Үнэн хэрэгтээ юу болоод байна вэ?
Европын зарим орон ган гачгийн улмаас усны хомсдол үүссэн талаар мэдээлсний дараа нийгмийн сүлжээнд дэлхий нийтээр ундны усны хомсдолд орох тухай түгшүүр төрүүлсэн мэдээллүүд тархжээ.
Тухайлбал, Молдавын эрх баригчид гол мөрний усны түвшин буурсантай холбоотойгоор ус болон цахилгааны хэрэглээнд хязгаарлалт тогтоосон байна. Харин Нидерландын Засгийн газар усны нөөц хомсдож байгааг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ хүн амын ундны усны хангамж хэвийн, цаашид ч хүртээмжтэй хэвээр байхыг онцолжээ.
ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Усны асуудлын хүрээлэнгийн Гадаргын усны загварчлалын лабораторийн эрхлэгч, техникийн шинжлэх ухааны доктор Михаил Болгов хэлэхдээ “Дэлхийн усны нөөцийг эрдэм шинжилгээний байгууллагууд үе үе үнэлдэг ч энэ нь тун ховор хийгддэг. Бидний багажийн ажиглалтын мэдээлэлд үндэслэн жил бүр нөхөн сэргээгддэг цэнгэг усны нөөц гамшгийн хэмжээнд хүртлээ багасаж байна гэж хэлэх боломжгүй” гэжээ.
Түүний хэлснээр, дэлхийн усны нөөцөөрөө хоёрдугаарт ордог ОХУ-д харин Арктикийн бүсийн гол мөрний усжилт нэмэгдэж, энэ нь тус улсын усны нөөцийн ихээхэн хэсгийг бүрдүүлдэг байна. Үүний зэрэгцээ Волга, Дон мөрний сав газарт сүүлийн арван жилд ус багатай үе ажиглагдаж, Каспийн тэнгисийн усны түвшин буурч, Азовын тэнгисийн усны давсжилт нэмэгджээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, дэлхийн уур амьсгалын тогтолцоонд хур тунадас, чийгшлийн хэмжээ ихээхэн хэлбэлздэг. Ерөнхийдөө уур амьсгалын эрс тэс үзэгдэл нэмэгдэж, үер, шар усны үерийн үеийг ус багатай жилүүд ээлжлэн дагах болсон байна. Гэхдээ ийм үзэгдэл дэлхийн түүхэнд өмнө нь ч тохиолдож байсан аж.
Тухайлбал, Европын гол мөрнөөс ган гачгийн үед ил гардаг, өмнөх хуурайшилтын жилүүдэд хүмүүсийн үлдээсэн тэмдэг бүхий “өлсгөлөнгийн чулуунууд” үүний нэг жишээ. Эдгээр чулуу ган гачиг, усны түвшин эрс буурсан үед үе үе ил гардаг бөгөөд энэ нь усны эрс хомсдол ер бусын үзэгдэл биш болохыгг харуулж буй юм байна.
Болгов "Гэхдээ усны салбарын мэргэжилтнүүдийн санааг зовниж буй гол асуудал усны хэрэглээ тасралтгүй нэмэгдэж байгаа явдал" гэж онцолжээ.
Дэлхийн хүн ам байнга өсөж, энэ өсөлт нь Төв Ази, Африк зэрэг усны нөөц хомс бүс нутгуудад илүү их ажиглагдаж байгаа аж. Үүний зэрэгцээ бохир усны бараг 80 хувийг хангалттай цэвэршүүлэлгүйгээр гол, нуурт нийлж буйн улмаас ахуйн болон ариун цэврийн үндсэн хэрэгцээндээ хүрэлцэхүйц усгүй нөхцөлд амьдарч буй хүмүүсийн эзлэх хувь нэмэгдсэн байна.
Гэвч дэлхий дээрх ус алга болж байгаа хэрэг биш. Ус далай, эх газар, агаар мандал, мөсөн бүрхүүл хооронд байнга шилжин хуваарилагдаж байдаг. Харин уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөнд эмзэг бүс нутгуудад усны хомсдол улам даамжрах эрсдэлтэй байгаа аж.
Москвагийн Улсын их сургуулийн Хуурай газрын гидрологийн тэнхимийн эрхлэгч, газарзүйн шинжлэх ухааны доктор, профессор Наталья Фролова “Дэлхий дээр ус бүрэн дуусах нь физикийн хувьд боломжгүй. Манай гараг дээрх усны нийт хэмжээ харьцангуй тогтмол байдаг. Ус ууршиж, хур тунадас болон бууж, урсан шилжих зэрэг байгалийн нарийн мөчлөгт оршдог” гэж хэлжээ.
Тэрбээр бүх мөсөн гол хайлсан ч ус дэлхийгээс алга болохгүй, харин далайн давстай устай холилдох талаар тайлбарласан байна. Иймээс асуудал нь усны нийт хэмжээнд бус, усны чанар болон бидэнд хэрэгтэй газар, хэрэгтэй цагт шингэн хэлбэрийн цэнгэг ус хүрэлцэж байгаа эсэхэд оршиж буй аж.
Мэргэжилтний хэлснээр, дэлхий дээрх хамгийн хомс нөөц болох хүртээмжтэй цэнгэг усны хувьд ч нийт хэмжээгээрээ хангалттай. Харин “зөв газар, зөв цаг, зөв чанар” гэсэн гурван асуудлыг шийдэх шаардлагатай ажээ.
Усны хомсдлыг даван туулахын тулд усыг зөв, үр ашигтай ашиглах, хэмнэх, усны эх үүсвэрийг хамгаалах нь чухал. Өөрөөр хэлбэл, өнөөгийн усны хямралын гол шалтгаан нь дэлхий дээр ус бага байгаад бус, усыг хэрхэн зөв ашиглаж, хамгаалж байгаатай холбоотой.
Фроловагийн мэдээлснээр, дэлхийн нийт цэнгэг усны 70 орчим хувийг хөдөө аж ахуй, тэр дундаа тариалангийн талбайн усалгаанд ашигладаг байна. Харин хөгжиж буй орнуудад ус дамжуулах шугам, хуучирсан суваг шуудууны эвдрэлээс шалтгаалан усны 60 хүртэлх хувь замдаа хөрсөнд шингэн алдагддаг ажээ.
Гэхдээ дэлхийн олон улс усны хомсдлыг бууруулах арга замыг хэдийнэ амжилттай хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, Израиль бохир усныхаа 86 хувийг дахин боловсруулж, хөдөө аж ахуйд ашигладаг байна. Мөн Персийн булангийн орнууд болон Австралид далайн усыг нарны эрчим хүч, мембран технологийн тусламжтайгаар цэвэршүүлэх өртөг улам буурч байгаа аж.
Эх сурвалж: TASS