Барууны орнуудын нөлөө буурч, Дорнодын хүчний нөлөө өсөн нэмэгдэж байна. Үнэхээр ч дэлхийн хүчний төв Дорнод руу, тэр дундаа Хятад руу шилжиж буй мэт харагдана. Гэвч энэхүү өөрчлөлтийг авч үзэхдээ бид нэг чухал асуултыг өөрсдөдөө тавих хэрэгтэй. Барууны орнууд дэлхийд хэр удаан ноёрхсон бэ?

Энэ нь дэлхийд Pax Britannica буюу Британийн ноёрхол, улмаар Pax Americana буюу Америкийн ноёрхол тогтсон сүүлийн 200 жилээр хязгаарлагдах уу? Эсвэл шинжлэх ухааны хөгжил, дэлхийн хэмжээний тэлэлтийг Барууныхан тэргүүлж ирсэн сүүлийн 500 жилийг хамрах уу?

Энэ бол чухал маргаан. Учир нь, Барууны ноёрхол хүн төрөлхтний түүхэн дэх богино хугацааны, өнгөц үзэгдэл байсан уу, эсвэл илүү гүн үндэстэй, урт хугацааны түүхэн хүчин зүйл байсан уу гэдгийг тодорхойлоход уг асуудал чухал ач холбогдолтой.

200 жил үү, эсвэл 500 жил үү?

Сингапурын дипломатч, эрдэмтэн Кишор Махбубани болон Шотландын түүхч Найл Фергюсон энэ асуудлаар эсрэг байр суурьтай байдаг аж.

Махбубанигийн үзэж буйгаар, Барууны дэлхийд ноёрхсон үе 1800-аад оноос эхэлжээ. Тэрээр “Америк болон Барууны орнуудын сүүлийн 200 жилд дэлхийд тогтоосон гайхалтай ноёрхол нь түүхийн хувьд асар хиймэл, түр зуурын үзэгдэл" байжээ.

Харин Фергюсон Барууны ноёрхол 1500-аад оноос эхэлсэн гэж үздэг. Тэр “Бид Барууны 500 жилийн ноёрхлын төгсгөлийг туулж байна. Энэ хугацаанд хүн төрөлхтний ихэнх хэсэг Сэргэн мандалт болон Шашны шинэчлэлийн дараа Баруун Европт бүрэлдэн тогтсон соёл иргэншилд ямар нэг хэмжээгээр захирагдаж ирсэн” гэж хэлжээ.

Хятад дэлхийд тэргүүлж байсан үе

Гэхдээ XV зуун хүртэл дэлхийн хүчний төв Хятадад байсан гэдэгтэй маргах хүн цөөн. Үүнийг 1400-гаад оны эхэн үеийн Мин улсын хамгийн хүчирхэг хаадын нэг Юнлэ хааны үед болсон хоёр том үйл явдал тодорхой харуулдаг аж.

Нэгдүгээрт, Юнлэ хаан Хятадын мэдлэг, шинжлэх ухааны асар том эмхэтгэл бүтээхийг даалгажээ. Уг бүтээл 11 мянга гаруй ботьтой байсан бөгөөд Википедиа бий болох хүртэл хүн төрөлхтний мэдэж байсан хамгийн том нэвтэрхий тольд тооцогдож байв.

Тухайн үед Европ хэвлэх машиныг хараахан бүтээгээгүй, эртний сонгодог үеийн мэдлэгийн ихэнх хэсэг мартагдсан, үлдсэн цөөн мэдлэгийг Христийн шашны сүм хийдүүдэд илгэн дээр гараар хуулан бичиж хадгалдаг байжээ.

Хоёрдугаарт, Юнлэ хаан Хятадын алдарт адмирал Жэн Хэгийн удирдсан асар том флот, түүний Зүүн Өмнөд Ази, Энэтхэг, Персийн булан болон Зүүн Африк руу хийсэн зургаан удаагийн аяллыг дэмжиж байж.

Жэн Хэгийн флот 317 хөлөг онгоцтой байсны 60 гаруй нь 400 фут буюу 120 гаруй метр урт, 50 орчим метр өргөн байжээ. Олон давхар эдгээр аварга хөлөг онгоц есөн шурагт багана, 12 далбаатай байсан гэдэг.

Ийм хэмжээний флотыг дахин бүрдүүлэхэд Дэлхийн нэгдүгээр дайн хүртэл хугацаа шаардагдсан гэж үздэг. Анхны аялалд нь далайчин, цэрэг төдийгүй эрдэмтэн, одон орончдыг оролцуулсан 28 мянга орчим хүн явжээ.

Үүнийг тухайн зууны төгсгөлд Италийн аялагч Христофор Колумбын удирдан Атлантын далайд гарсан ердөө гурван жижиг хөлөг онгоцтой харьцуулахад Хятадын далайн хүч ямар хэмжээнд байсныг төсөөлөхөд хангалттай.

Түүнчлэн тэр үед Хятад улс цаас, хэвлэх технологи, дарь, луужин, төмөр боловсруулах дэвшилтэт арга, усан инженерчлэл зэрэг олон технологийг хэдийнэ бий болгосон байжээ. Инженерчлэл, хими, металлурги, анагаах ухаан, математик, навигацын салбарт Хятадын шинжлэх ухаан, технологийн түвшин дэлхийн бусад бүс нутгаас илт давуу байсан аж.

Үүнээс гадна тухайн үеийн дэлхийн худалдааны томоохон хэсэг Торгоны замаар дамжин Хятадтай холбогдож байв.

Европын хөгжил ба дэвшил

Тиймээс 1500 оноос өмнөх үед Европ дэлхийн төвөөс харьцангуй захын байр суурьтай байлаа. Харин түүнээс хойш дэлхийн тэргүүлэх байр суурийг Баруун эзэлсэн үү, эсвэл Махбубанигийн үзэж буйгаар Хятад 1800-аад оны эхэн хүртэл тэргүүлсэн хэвээр байсан уу? Үүнд нэг мөр хариулахад амаргүй. Учир нь, хоёр талын байр суурийг дэмжих баримт бий аж.

XVI зуунаас Европ дэлхийн хэмжээний далайн худалдааны сүлжээ, хилийн чанад дахь эзэнт гүрнүүдийг байгуулж, дэлхийн олон бүс нутагт байнгын цэргийн оролцоотой болсон. Үүний зэрэгцээ Николай Коперник, Галилео Галилей, Иоганн Кеплер, Готфрид Лейбниц, Исаак Ньютон, Эдмонд Халлей зэрэг эрдэмтдийн бүтээлээр дамжин Европт шинжлэх ухааны хувьсгал урьд өмнө байгаагүй эрчээр өрнөжээ.

Гэхдээ энэ тал дээр Хятадын байр суурийг хамгаалах хоёр үндэслэл бий аж. Нэгдүгээрт, Жэн Хэгийн аварга флот, алсын аяллуудаас харахад Хятад хүссэн бол дэлхийн далайн сүлжээ болон хилийн чанад дахь эзэнт гүрнүүдийн тэргүүлэгч байж болох байсан ч энэ нь Хятадын тухайн үеийн үзэл санаа, төрийн бодлоготой нийцээгүй байна.

Хятадын универсал үзэл нь түүхийн хувьд дотогш чиглэсэн шинжтэй байжээ. Өөрийгөө “Дундад улс” хэмээн үзэж, тэнгэр ба дэлхийн “зэрлэг” хэмээн ойлгогдох зах хязгаарын дунд орших төв гэж тодорхойлдог байсан тул Хятад дэлхийг бүхэлд нь тэлэн эзлэхээс илүү өөрийн соёл иргэншлийг хөгжүүлэхэд анхаарч байжээ.

Махбубанигийн тайлбарласнаар, “Хятадын сэтгэлгээ үргэлж дэлхийн соёл иргэншлийг хөгжүүлэхээс илүү Хятадын соёл иргэншлийг хөгжүүлэхэд чиглэж ирсэн”. Тиймээс Жэн Хэгийн аяллууд Юнлэ хааны үеийн онцгой тохиолдол байсан гэж үзэж болох аж.

Хоёрдугаарт, Европын шинжлэх ухааны хувьсгал Хятадын өмнө нь бий болгосон мэдлэг, технологийн сууринд ихээхэн тулгуурласан гэж үздэг. Энэ байр суурийг олон судлаач, тэр дундаа Жон М.Хобсон дэвшүүлсэн байдаг аж. Түүний үзэж буйгаар, Хятад болон Дорнодын олон технологийн хөгжил Европын хожмын ололт амжилтын чухал урьдач нөхцөл болжээ.

Хятадын эдийн засгийн хүч

Хятад юу хийж болох байсан ч хийгээгүй, мөн Европын шинжлэх ухааны хувьсгалд ямар хэмжээгээр нөлөөлсөн нь ямар ч байсан нэг зүйл тодорхой.

1600-гаад оноос 1800-аад оны эхэн хүртэл Хятад дэлхийн нийт ДНБ-ий дөрөвний нэгээс гуравны нэг орчмыг бүрдүүлж байжээ. 1820 онд ч Хятад дэлхийн эдийн засгийн ойролцоогоор 30 хувийг дангаараа бүрдүүлж байсан гэх тооцоо бий аж.

Шотландын эдийн засагч Адам Смит 1776 онд Хятадыг бүх Европыг нийлүүлснээс ч баян орон хэмээн бичиж байжээ. Харин эдийн засгийн түүхч Андре Гундер Франк Хятад улс 1800 он хүртэл дэлхийн эдийн засгийн төв байсан гэж үздэг аж.

Иймээс Барууны ноёрхол хэдий үеэс эхэлсэн талаарх хоёр байр суурь хоёулаа тодорхой үндэслэлтэй. Гэхдээ Хятад улс 200 жилийн өмнө хүртэл дэлхийн тэргүүлэх эдийн засаг байсан гэх баримт нэлээд жинтэй.

Ийм нөхцөлд Хятад улс дэлхийн хөгжлөөс хоцорсон байсан гэж хэлэхэд хэцүү. Энэ утгаараа Махбубанигийн байр суурь илүү үнэмшилтэй гэж үзэж болох аж.

XIX зуунд Хятадын хүч огцом буурсан нь тодорхой. Европын зарим улс Аж үйлдвэрийн хувьсгалыг эрчимтэй нэвтрүүлж байхад Хятад уламжлалт эдийн засгийн тогтолцоондоо баригдсан хэвээр үлджээ.

Европын эдийн засаг, цэргийн шинэчлэл Хятадаас хол давж, улмаар Хятадын түүхэнд “доромжлолын зуун” хэмээн нэрлэгдэх үе эхэлсэн. 1900 он гэхэд Хятад, Энэтхэг хоёр нийлээд дэлхийн нийт үйлдвэрлэлийн ердөө 7 хувийг бүрдүүлж байжээ.

Барууны ноёрхол хэр удаан үргэлжилсэн бэ?

Өнөөдөр Хятад дахин хүчирхэгжиж буй энэ үед Барууны ноёрхол яг хэр удаан, ямар хэмжээнд үргэлжилсэн бэ гэдгийг тодорхойлох нь чухал хэвээр байгаа аж.

Энэ нь Хятадын олон мянган жилийн түүхэн тэргүүлэх байр суурийн дунд түрхэн зуурын төдий үзэгдэл байсан уу? Эсвэл дэлхийн түүхэнд илүү гүн, өргөн хүрээтэй, удаан хугацааны үр дагавар үлдээсэн түүхэн үе байсан уу?

Эцэст нь хэлэхэд, хариулт нь энэ хоёрын дунд оршиж байна.

Эх сурвалж: FAIR OBSERVER