НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ энэ сарын 17-ноос 28-нд Улаанбаатар хотноо болно. Дэлхийн 197 улсын төлөөлөл оролцох энэхүү хурал цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг хэлэлцэхээс гадна газрын тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шийдлүүдийг танилцуулах томоохон талбар болох юм.

COP17-ийн хүрээнд “Цэнхэр бүс” нь албан ёсны хэлэлцээ, талуудын уулзалт, үндсэн гэрээ хэлэлцээрүүд явагдах хаалттай бүс бол “Ногоон бүс” нь олон нийтэд нээлттэй, иргэд, аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага болон бусад оролцогч талуудын дуу хоолойг хүргэх талбар байх нь.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын мэдээллээр, Ногоон бүсэд газрын доройтлыг бууруулах инновац, нөхөн сэргээлтийн санаачилга, үзэсгэлэн, олон нийтийн оролцоонд чиглэсэн үйл ажиллагаанууд зохион байгуулагдах ажээ.

Монгол Улсын хувьд Ногоон бүс нь зөвхөн үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулах талбай бус, монголчуудын байгальтай зохицон амьдарч ирсэн уламжлал, нүүдлийн соёл, мал аж ахуй, байгаль хамгаалах туршлагаа дэлхий нийтэд танилцуулах боломж болж байна.

Нийслэлээс Ногоон бүсэд зориулан долоон барилга, байгууламж байгуулжээ

Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтын ерөнхий инженер, COP17-ийн Ногоон бүсийг хариуцсан дэд хорооны нарийн бичгийн дарга Н.Лхагвасүрэнгийн мэдээлснээр, Ногоон бүсэд үндэсний оролцогчдод үнэ төлбөргүй үйлчлэх зориулалт бүхий нийт долоон барилга, байгууламжийн ажлыг гүйцэтгэжээ.

Тухайлбал, 4000 ам метр талбай бүхий үзэсгэлэнгийн танхимд дотоодын болон гадаадын аж ахуйн нэгжүүд өөрсдийн төсөл, бүтээгдэхүүн, шийдлээ танилцуулах ажээ. Одоогийн төлөвлөгөөгөөр энд нийт 39 аж ахуйн нэгж, төсөл, хөтөлбөр оролцох юм байна.

Мөн 1500 ам метр талбай бүхий шинжлэх ухааны павильон байгуулж, хоёр том хурлын заал болон олон нийтийн зориулалттай талбай төлөвлөжээ. Тус талбайд байгаль орчны чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд болон иргэд өөрсдийн судалгаа, туршлага, санаачилгаа танилцуулах боломжтой юм байна.

Үүнээс гадна 1700 ам метр талбай бүхий үзэсгэлэнгийн павильонууд ажиллаж, иргэний нийгмийн байгууллага, яам, агентлагуудын хэрэгжүүлж буй байгаль орчны төсөл, хөтөлбөрүүдийг олон нийтэд танилцуулах нь ээ.

Ногоон бүсийн бүтээн байгуулалт зөвхөн үзэсгэлэнгийн зориулалтаар хязгаарлагдахгүй. Ажилчдын хооллох хэсэг, техникийн үйлчилгээний байгууламж, урлаг, соёлын арга хэмжээнд оролцогчдын хувцас солих зэрэг туслах байгууламжуудыг мөн шийдсэн байна.

Ногоон бүсийн төлөвлөлтийн төв хэсэгт байрлах дугуй байгууламжид гол тайз байрлах бөгөөд COP17-ын 12 хоногийн хугацаанд урлагийн тоглолт, илтгэл, хэлэлцүүлэг зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдах аж.

Монголын түүх, нүүдлийн соёл Ногоон бүсийн онцлох хэсэг болно

Ногоон бүсийн нэгэн чухал хэсэг нь Монгол Улсын биет болон биет бус соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулахад чиглэж буй.

Тусгайлан байгуулсан гурван гэрт Монголын түүх, соёл, уламжлал, нүүдлийн ахуй, байгальтай зохицон амьдрах арга ухааныг харуулсан үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ.

Монгол Улс 2026 онд тохиож буй "Олон улсын бэлчээрийн газар нутаг ба малчдын жил"-тэй давхцан COP17-ыг зохион байгуулж байгаа нь нүүдлийн мал аж ахуй, бэлчээрийн тогтвортой менежментийн талаарх монголчуудын уламжлалт мэдлэг, туршлагыг олон улсын түвшинд харуулахад онцгой ач холбогдолтой юм.

Иймд Ногоон бүсэд зөвхөн Монголын соёлын өвийг танилцуулаад зогсохгүй малчдын дуу хоолойг сонсох, орон нутгийн сайн туршлагыг хуваалцах талбарыг бүрдүүлж байгаа аж.

Мөн Монгол Улсын 21 аймгийн байгаль орчин, газар ашиглалт, бэлчээр хамгаалал, орон нутгийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй шилдэг туршлагуудыг танилцуулахаар төлөвлөжээ.

481 арга хэмжээ, 42 мянган оролцогчийг хүлээн авна

COP17 Үндэсний хорооны ажлын албаны Ногоон бүсийн хөтөлбөр хариуцсан ахлах шинжээч Г.Эрдэнэцолмонгийн мэдээлснээр, Ногоон бүсэд одоогийн байдлаар 481 арга хэмжээ зохион байгуулах хөтөлбөр боловсруулж, нийт 42 мянган хүн оролцохоор төлөвлөжээ.

Энэ нь COP17-ын үндсэн хэлэлцээ явагдах Цэнхэр бүсийн төлөвлөсөн оролцогчдын тооноос хэд дахин өндөр үзүүлэлт юм.

Г.Эрдэнэцолмон “Цэнхэр бүс бол хаалттай бүс буюу талуудын бага хурал, үндсэн гэрээ хэлэлцээрүүд явагдах хэсэг. Харин Ногоон бүс нь иргэдэд зориулсан нээлттэй талбай. Ногоон бүс Монгол Улсын иргэн бүрт нээлттэй байхаар зохион байгуулж байгаа” хэмээн мэдээллээ.

Түүний мэдээлснээр, Ногоон бүсийн хөтөлбөрт одоогоор 180 төсөл, 110 хэлэлцүүлэг, 1500 орчим илтгэл, мэдээлэл багтжээ.

Энэ нь COP17-г зөвхөн төр, засгийн газрын төлөөлөгчдийн оролцдог дипломат уулзалт бус, иргэд, судлаачид, бизнес эрхлэгчид, залуучууд, иргэний нийгмийн байгууллагууд оролцож, санаа бодлоо хуваалцах өргөн хүрээний олон нийтийн арга хэмжээ болгох зорилготойг харуулж байна.

Кино, урлаг, соёлын арга хэмжээгээр дамжуулан байгаль хамгааллын санааг хүргэнэ

Ногоон бүсэд өдөр бүр соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахын зэрэгцээ байгаль орчинтой холбоотой кино, бүтээлүүдийг олон нийтэд хүргэх нь.

Тухайлбал, тусгай зориулалтын киноны гэрт олон улсын гурван, дотоодын гурван кино буюу нийт зургаан киноны нээлтийг хийхээр төлөвлөжээ. Мөн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хүний байгальтай харилцах харилцаа зэрэг сэдвээр бүтээсэн кино, нэвтрүүлэг, баримтат бүтээлүүдийг толилуулах юм байна.

Ингэснээр Ногоон бүс нь зөвхөн мэдээлэл авах, үзэсгэлэн үзэх орон зай бус, урлаг, соёл, шинжлэх ухаан, иргэдийн оролцоог нэг дор холбосон нээлттэй талбар болох аж.

COP17 Монголын хувьд дэлхийд туршлагаа харуулах боломж

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 хуралд дэлхийн 197 талын төлөөлөл оролцох бөгөөд газрын доройтол, цөлжилт, гангийн эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, газар нөхөн сэргээх, ус, бэлчээр, хүнсний тогтолцоо зэрэг асуудлыг хэлэлцэх нь.

Хурлын хөтөлбөрт газрын аюулгүй байдал ба шилжилт хөдөлгөөн, элсний болон шороон шуурга, бэлчээр ба малчид, хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэнд зэрэг сэдвээр өндөр түвшний хэлэлцүүлгүүдээс гадна Залуучуудын форум, Жендэрийн бүлэг, Уугуул иргэдийн бүлэг, Орон нутгийн иргэдийн бүлэг, Business4Land, Fashion4Land зэрэг олон талт арга хэмжээ багтжээ.

Монгол Улс COP17-ыг зохион байгуулж байгаа нь газрын доройтол, цөлжилт, гангийн сөрөг нөлөөнд өртөмтгий орны хувьд өөрийн туршлага, уламжлалт мэдлэг, бэлчээрийн мал аж ахуй, газар нөхөн сэргээх санаачилгаа олон улсад танилцуулахын зэрэгцээ шинэ технологи, хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагааг татах боломж юм.

Албан ёсны мэдээллээр, Монгол Улсын нутаг дэвсгэрийн бараг 77 хувь нь газрын доройтолд өртсөн гэсэн тооцоо байдаг. Тиймээс COP17 Монголын хувьд зөвхөн олон улсын арга хэмжээ зохион байгуулах тухай асуудал бус, газрын доройтлыг бууруулах бодит шийдэл, хөрөнгө оруулалт, технологи, хамтын ажиллагааг дотооддоо татах стратегийн ач холбогдолтой билээ.

Энэ утгаараа Ногоон бүс бол COP17-ын “олон нийттэй уулзах нүүр царай” юм. Энд дэлхийн улс орнуудын төлөөлөгчдөд Монголын байгаль, соёл, нүүдлийн амьдралын хэв маягийг танилцуулахаас гадна иргэн бүр газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд өөрийн дуу хоолойгоо хүргэх боломж бүрдэх юм.