Монгол, Оросын соёл иргэншил хоорондын харилцаанд угсаатны соёлын хүчин зүйлсийн гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцлээ

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллагын эхлэл 1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулагдсанаар тавигдсан гэж үздэг.

Тус хүрээлэнд ажиллаж байсан Зөвлөлтийн судлаачид болон Монголын залуу судлаачид хамтран тухайн үеийн Монгол Улсын бүрэлдэхүүнд байсан угсаатны бүлгүүдийн түүх, ахуй, соёл, зан заншил, хүн ам зүй болон угсаатны зүйн асуудлыг судалж эхэлсэн нь Монголын угсаатан судлалын шинжлэх ухааны хөгжлийн чухал үе шат болжээ.

May be an image of text

Энэ уламжлалын үргэлжлэл болгон Чингис хаан Үндэсний музейд өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 13-нд “Монгол-Оросын соёл иргэншил хоорондын харилцаан дахь угсаатны соёлын хүчин зүйлс: Өнөөгийн чиг хандлага ба хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний дугуй ширээний уулзалт боллоо.

Монгол, Оросын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцсон тус хэлэлцүүлгээр хоёр орны харилцаанд угсаатны соёл, түүх, уламжлал, хил орчмын бүс нутгийн онцлог болон эдийн засгийн хүчин зүйлс ямар үүрэг гүйцэтгэж ирсэн, цаашид хэрхэн судлах боломжтой талаар санал солилцсон юм.

May be an image of one or more people, newsroom and text

Уулзалтыг Чингис хаан Үндэсний музейн Судалгаа, сан хөмрөгийн төвийн эрхлэгч, антропологийн ухааны доктор Г.Бямбарагчаа нээж, Монгол, Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний экспедицийн судалгааны ажил 1960-аад оноос эхлэн өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж ирснийг онцоллоо.

Тэрбээр энэхүү хамтын ажиллагааны үргэлжлэл болсон өнөөдрийн уулзалтад хоёр орны эрдэмтэн, судлаачид оролцож, угсаатны зүй, соёлын судалгааны чиглэлээр хийсэн ажлынхаа үр дүнг танилцуулж буйг тэмдэглэв.

Хэлэлцүүлгийн хүрээнд ОХУ-ын ШУА-ийн Холбооны судалгааны социологийн төвийн Социологийн хүрээлэнгийн Соёл иргэншил ба харьцуулсан улс төр судалгааны төвийн тэргүүн, улс төрийн ухааны доктор А.С.Железняков “Соёл иргэншлийн улс төр судлалын судалгаан дахь Монголын эх сурвалжууд” сэдвээр илтгэл тавьсан.

May be an image of one or more people, people studying and text

Чингис хаан Үндэсний музейн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Ч.Батдорж “Монгол Улсын шинжлэх ухааны байгууллагаас угсаатан судлалын чиглэлээр явуулсан үйл ажиллагаа: 1924-1930-аад он” сэдвээр судалгааныхаа үр дүнг танилцууллаа.

Доктор Ч.Батдорж илтгэлдээ Монголын угсаатан, газар зүй, хүн ам зүйн судалгаанд Зөвлөлтийн судлаач А.Д.Симуковын оруулсан хувь нэмрийг онцолсон юм.

А.Д.Симуков Монгол орны физик газарзүй, байгаль цаг уур, мал аж ахуй, хүн ам зүй зэрэг олон чиглэлээр судалгаа хийж, нүүдлийн мал аж ахуйн жилийн дөрвөн улирлын онцлогт тулгуурлан Монгол орныг зургаан төрлийн хэв маягт ангилсан байна.  Тухайлбал, хангайн, талын болон дорнодын говийн бүс нутгийн байгаль, нүүдлийн онцлогийг ялган авч үзжээ.

Түүний 1934 онд туурвисан “БНМАУ-ын физик газарзүй” хэмээх бүтээл нь Монгол орны газар зүй, байгаль цаг уур, мал аж ахуй, хүн ам зүй зэрэг өргөн хүрээний асуудлыг хамарсан судалгааны томоохон бүтээл болсон бөгөөд хожим 2007 онд дахин хэвлэгдсэн байна.

Тус бүтээлд Монгол Улсын хүн ам зүйн асуудлыг тухайн үеийн судалгааны арга зүйд тулгуурлан авч үзэж, угсаатны бүлгүүдийг монгол, түрэг, манж-тунгус болон бусад гэсэн ангиллаар судалсан нь онцлог байв.

Түүнчлэн Монголын XX зууны угсаатны аж байдал, ахуй соёл, зан заншил, гэр бүл, хүн амын талаарх судалгааны чухал суурийг тавьсан бүтээлүүдийн нэг болсон талаар илтгэгч онцоллоо.

May be an image of text

Хэлэлцүүлэг цааш үргэлжилж, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн профессор Т.Н.Литвинова “Орос, Монголын соёл иргэншил хоорондын харилцаан дахь угсаатны хүчин зүйлсийг хээрийн судалгааны аргаар судалсан туршлага” сэдвээр, СУИС-ийн тэргүүлэх багш, профессор Ж.Долгорсүрэн “Орос, Монголын соёл иргэншлийн харилцаан дахь угсаатны хүчин зүйлийн судалгааны өнөөгийн байдал” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Мөн ОХУ-ын ШУА-ийн Холбооны судалгааны социологийн төвийн Социологийн хүрээлэнгийн Соёл иргэншил ба харьцуулсан улс төр судалгааны төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.В.Никифоров “Орос, Монголын хил орчмын бүс нутаг иргэншил хоорондын харилцааны тулгуур болох нь” сэдвээр судалгаагаа танилцуулсан бол Чингис хаан Үндэсний музейн эрдэм шинжилгээний дэд ажилтан Н.Гонгоржав Монголын баруун бүс нутаг дахь ард түмний соёлын харилцаа, итгэл бишрэлийн асуудлыг хөндсөн илтгэл хэлэлцүүлэв.

May be an image of one or more people

Түүнчлэн ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Одинцовын салбарын Бүс нутгийн удирдлага, үндэсний бодлогын тэнхимийн багш О.А.Кочеткова “Орос, Монголын соёл иргэншил хоорондын харилцаан дахь эдийн засгийн асуудлууд” сэдвээр илтгэл тавьж, хоёр орны харилцаанд эдийн засгийн хүчин зүйлсийн гүйцэтгэх үүрэг, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг хөндсөн байна.

Эрдэмтэн, судлаачдын илтгэл, хэлэлцүүлгээс үзэхэд Монгол, Оросын харилцааг зөвхөн улс төр, эдийн засгийн хүрээнд авч үзэхээс гадна хоёр орны ард түмний түүхэн харилцаа, угсаатны соёл, уламжлал, хил орчмын бүс нутгийн онцлог, итгэл бишрэл зэрэг соёлын хүчин зүйлстэй уялдуулан судлах шаардлага улам бүр нэмэгдэж байгаа нь харагдаж байлаа.

May be an image of text that says 'ЧИНГИ мГИМО Орчин уеиин poc, 1/C инголын соелын харилцаан дахь саатны учин зуйлс" кионбайгуулкву МОнгол- ОРОСЫН СОЕЛ ИРГЭНШИЯ ХООРОНДЫН ХАРИЛЦААН ДАХЬ ГСААТНЫ СОЕЛЫН ХУЧИН ЗУЙЛС: енеГИИΗ ЧИГ ХАНДЛАГА БА ХЭТИЙН теЛОВ сэдэвт эрдэм гээний дугуй ширээнийуул элэлцуулаг E'

Хэлэлцүүлгийн төгсгөлд Монгол, Оросын судлаачид цаашид хамтарсан судалгааны ажлыг өргөжүүлж, судалгааны үр дүнгээ хоёр улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлүүлэхээр тохиролцлоо.

Ийнхүү 1920-иод оноос эхлэлтэй Монгол, Оросын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны уламжлалыг орчин үеийн судалгааны арга зүй, шинэ чиглэлээр баяжуулж, хоёр орны соёл иргэншил хоорондын харилцааг шинжлэх ухааны үүднээс гүнзгийрүүлэн судлах нэгэн чухал алхам боллоо.