АНУ-ын дэд ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнс (Жей Ди Вэнс) долдугаар сарын 31-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярилцах үеэрээ Оросын Новороссийск боомтод орж буй газрын тосны танкеруудын эсрэг Украины хийж буй нисгэгчгүй онгоцны эрчимжсэн цохилтуудыг зогсоохыг Киевээс хүссэн байна.

Энэ талаар Financial Times (FT) сонин наймдугаар сарын 12-ны лхагва гарагт Украины албан тушаалтнууд болон бусад эх сурвалжийн мэдээлэлд тулгуурлан уламжилжээ.

FT "Вашингтон Украины үйл ажиллагаа газрын тосны зах зээлийг улам тогтворгүй болгож, мөн Каспийн хоолойн консорциум (КХК)-ийн терминал руу Казахстанаас хоолойгоор дамжин ирсэн түүхий нефтийг тээвэрлэж буй танкеруудыг довтолсноор Америкийн компаниудад хохирол учруулж болзошгүйд санаа зовж байсан" гэж мэдээлсэн байна.

Мөн тус хэвлэл "Албан тушаалтнуудын мэдэгдэл болон нээлттэй эх сурвалжийн мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд, уг утасны ярианаас хойш Украин улс КХК-ийн терминалын ойролцоох танкеруудад цохилт өгөөгүй" гэж тэмдэглэжээ.

FT-д мэдээлснээр, Киев КХК-ийн дэд бүтэц болон Хар тэнгист зорчиж буй Оросын бус хөлөг онгоцонд цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн аж. Гэхдээ тухайн хөлөг онгоц Украины хориг арга хэмжээнд хамрагдаагүй, мөн Оросын нефть болон Оросын бусад ачаа тээвэрлээгүй байх нөхцөлтэй аж.

Украины өндөр албан тушаалын нэгэн эх сурвалж “Бид Америкийн түншүүдийнхээ саналыг маш анхааралтай сонсдог” хэмээн мэдэгдээд, Вашингтоны хүсэлтийн дагуу Киев зохих “механизмууд”-ыг бий болгосон гэжээ.

Түүний хэлснээр, КХК-ийн асуудал АНУ болон Казахстаны засгийн газруудтай хийсэн хэлэлцээний үеэр тогтмол яригддаг байсан аж.

Chevron болон ExxonMobil-ийн ашиг сонирхол

Америкийн эрчим хүчний томоохон компаниуд болох Chevron болон ExxonMobil нь Казахстаны нефтийг экспортлох гол суваг болсон КХК-н хувь эзэмшдэг. Түүнчлэн тэд КХК-аар дамжин нефть экспортолдог баруун Казахстан дахь нефтийн ордуудаас мөн хувь эзэмшдэг байна. Тухайлбал, 

Chevron Казахстаны хамгийн том Тенгиз нефтийн ордын 50 хувийг эзэмшдэг бол ExxonMobil тус ордын 25 хувийг эзэмшдэг байна.

АНУ-ын нэгэн албан тушаалтан “Трампын засаг захиргаа КХК-ийг Казахстанаас Европын зах зээлд эрчим хүчний нөөц нийлүүлэх амин чухал суваг гэж үзэж байна. Энэ нь Оросоос эрчим хүч нийлүүлэхээс өөр хувилбар болж байна” гэж онцолжээ.

Kpler компанийн мэдээллээр, КХК долдугаар сард өдөрт ердөө 1.3 сая баррель нефть ачсан байна. Энэ нь өмнөх сарынхаас өдөрт 300 мянга гаруй баррелиар бага, харин тавдугаар сарынхаас 600 мянган баррелиар бага үзүүлэлт аж.

Вэнсийн хэвлэлийн алба, Зеленскийн засаг захиргаа болон Казахстаны Гадаад хэргийн яам сэтгүүлчдийн тайлбар авах хүсэлтэд хариу өгөөгүй байна. Мөн КХК, Chevron болон Exxon компанийн төлөөлөгчид уг асуудлаар тайлбар өгөхөөс татгалзжээ.

Эх сурвалж: DW