Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт Монголч эрдэмтний XIII их хурал хоёр дахь өдрөө салбар хуралдаануудаар үргэлжилж байна. Тус хуралд Монголын түүх, цэрэг дайны урлаг, шашны бодлого, нийгэм, соёлын харилцаа зэрэг Монголын эзэнт гүрний түүхийн олон талт асуудлыг дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрдэмтэд хэлэлцэж буй юм.

Энэ хүрээнд Монголын түүх судлалын салбар хуралдаанд АНУ-ын Хойд Жоржиагийн их сургуулийн профессор Тимоти Мэй “Чингис хаан ба монголчуудын дайтах урлагийг дахин авч үзэх нь: 1221 оны 11 дүгээр сарын 24-ний Энэтхэг мөрний тулалдаан” сэдвээр илтгэл тавив.

Монголын эзэнт гүрний цэрэг, дайны түүхийг олон жил судалж буй тэрбээр монголчуудын дайтах урлаг, эзэнт гүрний хил хязгаар дахь цэргийн зохион байгуулалт, түүнчлэн эзэнт гүрэн даяар өрнөсөн соёл, худалдаа, ахуй амьдралын харилцаа, солилцооны талаар судалгаагаа үргэлжлүүлж байгаа аж. 

Профессор Тимоти Мэй Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой арав гаруй ном бүтээл туурвисны дотор “Монголчуудын дайтах урлаг” хэмээх бүтээл нь түүний судалгааны гол чиглэлийн нэгийг тодорхойлдог байна.

Түүнчлэн тэрбээр тамма хэмээх Монголын цэргийн нэгтгэлүүдийн үүрэг, зохион байгуулалтыг нарийвчлан судалжээ. Таммын цэргүүд эзэнт гүрний зах хязгаарын бүс нутагт очиж, Монголын төрийн хяналт, ноёрхлыг тогтоох, хамгаалах үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж байв.

Гэхдээ түүний судалгааны хүрээ зөвхөн цэрэг дайны түүхээр хязгаарлагдахгүй. Монголын эзэнт гүрэн даяар өрнөж байсан соёлын болон бусад төрлийн харилцаа, солилцоо, тэр дундаа хүмүүсийн хоол хүнс, ундааны хэрэглээнд гарсан өөрчлөлтийг ч судалж байгаа аж. Энэ нь Монголын эзэнт гүрнийг зөвхөн байлдан дагуулалт, дайн тулааны түүхээр бус, асар уудам газар нутагт олон үндэстэн, олон соёлын уулзвар бий болгосон түүхэн орон зай гэдгээр нь харах шаардлагатайг харуулж буй юм.

Нүүдэлчдийн дайтах урлаг орчин үеийн дайнд

Монголчуудын дайтах арга ухааныг өнөөгийн бодит амьдрал, тэр дундаа орчин үеийн цэрэг дайны ажиллагаатай харьцуулан авч үзэхэд сонирхолтой олон зүйл ажиглагддаг гэж профессор Тимоти Мэй үзэж байна. Түүний тайлбарласнаар, хүмүүс үүнийг ухамсартайгаар Монголын түүхтэй холбон ойлгож байгаа эсэхээс үл хамааран орчин үеийн дайны талбарт нүүдэлчдийн дайтах арга барилын зарим үндсэн шинжийг шинэ технологитой хослуулан ашиглаж буй жишээ харагддаг.

Монголын нүүдэлчин цэргийн давуу талуудын нэг байсан хурд, хөдөлгөөнт байдал, нөхцөл байдалд түргэн дасан зохицох чадвар өнөөдөр шинэ технологийн орчинд өөр хэлбэрээр дахин гарч ирж байна. Тиймээс дэлхийн улс орнууд нүүдэлчдийн дайтах арга барил, тэдний дайн байлдааныг хэрхэн ойлгож, төлөвлөж, хэрэгжүүлж байсан түүхэн туршлагыг илүү анхаарч судлах шаардлагатай гэв.

Гэхдээ XIII зууны тактикийг өнөөдөр шууд хуулбарлах тухай биш, харин тухайн үеийн хөдөлгөөнт байдал, уян хатан байдал, мэдээлэл ашиглах арга, орчныг зөв үнэлэх, дайсны үйл ажиллагаанд түргэн хариу үйлдэл үзүүлэх зэрэг зарчмуудыг орчин үеийн технологитой уялдуулан шинээр авч үзэх тухай асуудал юм. Энэ утгаараа Монголын эзэнт гүрний цэрэг дайны түүх өнөөдөр ч судалгааны үнэ цэнээ алдаагүй хэвээр байгаа аж.

Олон шашинт эзэнт гүрнийг тогтоон барьсан бодлого

Монголын эзэнт гүрний түүхийн өөр нэг чухал асуудал нь зөвхөн цэрэг дайны амжилт бус, олон үндэстэн, олон шашинт асар уудам эзэнт гүрнийг хэрхэн удирдаж байсан бодлого юм.

Монголын түүх судлалын салбар хуралдаанд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор, профессор Ц.Энхчимэг “Монгол хаадын шашны бодлого: Шашин хоорондын зөрчлийг шийдвэрлэсэн нь” сэдвээр илтгэл тавив.

Түүний судалгаанаас үзэхэд, Монголын эзэнт гүрэн олон үндэстэн, олон шашин шүтлэгтэй ард түмнийг нэг захиргаанд багтаасан хэдий ч шашин хоорондын мөргөлдөөнийг зохицуулахад анхаарч, тодорхой бодлого хэрэгжүүлж байсан байна. Энэ бодлогын эхлэл Чингис хааны үеэс тавигдсан гэж үздэг.

Чингис хаан Умард Хятадад хийсэн аян дайны үеэр Бумбын шашны тэргүүн Чанчунь бумбатай уулзаж, тус шашны сүм хийдүүдийг алба татвараас чөлөөлөх, эзэнт гүрний нутаг дэвсгэрээр өртөө улаагаар үнэ төлбөргүй зорчих боломж олгосон Алтан гэрэгэ хүртээсэн тухай түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Улмаар энэхүү эрхийн баталгааг ашиглан Чанчунь бумбын шавь нар Хятадын нутаг дэвсгэрээр чөлөөтэй зорчиж, сүм хийдүүдээ дахин байгуулан бэхжүүлэх боломжтой болсон байна.

Монголчууд Дундад Азийг эрхшээлдээ оруулсны дараа тухайн бүс нутагт дэлгэрсэн Исламын шашны урсгалуудтай харилцахдаа ч тодорхой бодлого баримталжээ. Тухайлбал, Исламын шашны харьцангуй зөөлөн, дотоод сүсэг бишрэлд түлхүү тулгуурладаг суфизмын төлөөлөгч Сейф ад-Дин Бохарзиг хүндэтгэн дэмжиж байсан тухай судалгаанд өгүүлдэг.

Цаашлаад Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд Буддын шашны нөлөө нэмэгдэхийн хэрээр Монгол хаадын шашны бодлого шинэ шатанд гарсан байна. Мөнх хаан Буддын шашны Гармаа ламыг багшаар урьсан бол Хубилай хаан 1264 онд зарлиг гаргаж, Буддын шашныг төрийн шашны хэмжээнд өргөмжлөн, Пагва ламыг улсын багшаар томилжээ. Ийнхүү Юань улсын төрийн бодлогод Буддын шашин чухал байр суурь эзлэх болсон байна.

Гэвч төрийн зүгээс нэг шашныг дэмжсэн нь бусад шашныг бүрэн үгүйсгэсэн гэсэн үг биш байв. Харин ч олон үндэстэн, олон шашин зэрэгцэн оршиж байсан учраас шашин хоорондын харилцааг зохицуулах, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, сүм хийд болон шашны байгууллагын эрх ашгийг хамгаалах шаардлага улам бүр нэмэгдсэн байна.

Шашны асуудлыг зөвхөн тунхаглаад зогсохгүй хуулиар зохицуулж байв

Монголын төр шашны эрх чөлөө, шашны байгууллагын асуудлыг зөвхөн аман байдлаар зохицуулж байсангүй. Үүнийг хууль, зарлигаар баталгаажуулж байсныг түүхэн баримтууд харуулдаг.

Тухайлбал, Юань улсын үеийн монгол бичиг болон дөрвөлжин бичгээр үлдсэн шашинтай холбоотой 47 зарлиг байдаг бөгөөд тэдгээрийн дийлэнх нь Буддын шашинтай холбоотой аж. Энэ нь тухайн үеийн Монголын төр шашны асуудлыг хуульчилж, улмаар гаргасан хууль, зарлигийг хэрэгжүүлэхэд анхаарч байсныг харуулах нэгэн чухал баримт юм.

Үүний зэрэгцээ шашин хоорондын зөрчлийг хүчээр шийдвэрлэхээс илүүтэйгээр шашны тэргүүнүүдийг оролцуулсан мэтгэлцээн, ном хаялцах хэлбэрээр асуудлыг хэлэлцэх уламжлал ч байсан байна. Монгол хаадын ивээл дор зохион байгуулсан ийм мэтгэлцээнүүд нь тухайн үеийн шашны зөрчлийг илрүүлэх, үзэл санааны ялгааг тодруулах, улмаар төрийн хэмжээнд зохицуулах арга замыг эрэлхийлсэн нэг хэлбэр байжээ.

Үүний хамгийн алдартай жишээний нэг нь 1254 онд Хархорум хотод Мөнх хааны ивээл дор болсон шашны мэтгэлцээн юм. Тус мэтгэлцээнд Буддын шашны төлөөлөгчид давамгайлж, Бумбын шашны тал ялагдал хүлээсэн байна. Үүний дараа Бумбын шашинтнууд ихээхэн гомдол гаргасантай холбоотойгоор Мөнх хаан дүү Хубилайдаа уг асуудлыг шийдвэрлэхийг даалгажээ.

Хубилай тухайн үед их хаанаар өргөмжлөгдөөгүй байсан ч ахынхаа даалгаврыг биелүүлж, 1258 онд Шанд хотод дахин томоохон мэтгэлцээн зохион байгуулсан байна. Түүнд Пагва лам тэргүүтэй 300 орчим Буддын шашны лам, Бумбын шашны 200 гаруй санваартан оролцсон гэж судалгаанд дурддаг. Энэ удаагийн мэтгэлцээнд ч Бумбын шашны төлөөлөгчид ялагдал хүлээсний дараа тус шашны нөлөө буурч, улмаар дахин сэргэх боломж нь хязгаарлагдсан байна.

Түүхийн туршлагаас өнөөдөр суралцах нь

Монголын эзэнт гүрний түүхийг эргэн харахад, түүний хүч чадал зөвхөн морин цэрэг, зэвсэг техник, байлдан дагуулалтаар хэмжигдэхгүй нь тодорхой. Асар уудам газар нутагт олон үндэстэн, олон шашин, олон соёл зэрэгцэн орших нөхцөлд хэрхэн захирч, зөрчлийг хэрхэн зохицуулж, өөр өөр шашин, соёлын төлөөлөгчдийн эрх ашгийг хэрхэн хамгаалж байсан нь эзэнт гүрний тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Монгол хаадын бодлогын хүрээнд сүм хийдүүдийг алба татвараас чөлөөлөх, шашны хүмүүсийг цэргийн албанд татахгүй байх, шашны байгууллагын өмч хөрөнгийг хамгаалах зэрэг арга хэмжээ авч байсан тухай түүхэн баримт бий. Өөрөөр хэлбэл, бусдын шашин шүтлэг, сүм хийд, өмч хөрөнгөд дур зоргоор халдахыг хязгаарласан зохицуулалт үйлчилж байжээ.

May be an image of one or more people, people studying, crowd and text

Энэ бүхний цаана нэг чухал зарчим харагдана. Тэр нь олон янзын шашин, соёл зэрэгцэн орших нөхцөлд зөрчлийг үл тоомсорлох бус, харин эрт илрүүлж, хууль эрх зүйн хүрээнд зохицуулан шийдвэрлэх явдал юм.

Өнөөдөр дэлхий дахинд шашин, соёл, үндэс угсаа, үзэл санааны ялгаатай байдлаас үүдэлтэй зөрчил, үл ойлголцол олонтаа гарч байна. Энэ нөхцөлд Монголын эзэнт гүрний үеийн туршлагыг орчин үеийн нөхцөлтэй шууд адилтгах боломжгүй ч ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, хуулийн хүрээнд зохицуулах, харилцан ойлголцлыг дэмжих, аливаа зөрчлийг хүчирхийлэлд хүргэхээс өмнө шийдвэрлэх зэрэг зарчим нь өнөөдөр ч үнэ цэнтэй хэвээр байна.

Ийнхүү Монгол судлалын XIII их хуралд хэлэлцэгдэж буй судалгаанууд Монголын эзэнт гүрнийг зөвхөн өнгөрсөн үеийн түүх төдийгөөр бус, өнөө цагийн цэрэг стратеги, төрийн удирдлага, шашин хоорондын харилцаа, олон соёлын зэрэгцэн оршихуй зэрэг асуудлыг ойлгоход сургамж өгөхүйц түүхэн туршлагын эх сурвалж болохыг дахин тодотгож байна.