Хотын замын түгжрэл, шатахууны үнэ, зогсоолын хүрэлцээ зэрэг асуудал хурцдахын хэрээр скутер, мопед болон бусад хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хэрэглээ дэлхийн олон оронд нэмэгдэж байна.

Монгол Улсад 2026 оны зургаа болон долдугаар сарын байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол шинээр бүртгэгджээ. 

Энэ нь он гарснаас хойших эхний таван сарын нийт тохиолдлоос 2 дахин их үзүүлэлттэй байна. Суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэн 2022 онд 50, 2023 онд 305, 2024 онд 532, 2025 онд 2792 хүн гэмтэж бэртжээ.

Хөнгөн, авсаархан, түлшний зарцуулалт багатай зэрэг давуу талтай эдгээр тээврийн хэрэгсэл хотын хөдөлгөөний ачааллыг бууруулах нэг шийдэл болж болох ч нөгөө талдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэ сорилт бий болгож буй.

Иймд улс орнууд скутер, мопедыг энгийн унадаг дугуйтай адилтган үзэхээс илүүтэй жолоочийн нас, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамж, дээд хурд, хүчин чадал, жолоодох эрх, бүртгэл, даатгал, хамгаалалтын хэрэгсэл, техникийн бүрэн бүтэн байдал зэрэг олон хүчин зүйлээр зохицуулах хандлагатай байгаа аж.

Европын холбооны хэмжээнд мопедыг ерөнхийдөө 50 см³-ээс ихгүй хөдөлгүүртэй, дээд хурд нь 45 км/цагаас хэтрэхгүй хоёр болон гурван дугуйт тээврийн хэрэгслийн ангилалд авч үздэг. Харин хүчин чадал, хурд нь үүнээс давсан тээврийн хэрэгслийг мотоциклийн ангилалд оруулдаг байна.

Гэхдээ энэ нь улс бүрт яг ижил дүрэм үйлчилдэг гэсэн үг биш. Улс орнууд өөрсдийн замын хөдөлгөөний онцлог, хот төлөвлөлт, хүн амын нягтаршил, осол аваарын нөхцөл байдалд тохируулан нэмэлт шаардлага тавьдаг. Үүнийг Их Британи, Герман, Сингапур болон БНСУ-ын жишээнээс тодорхой харж болно.

Их Британи: Мопед унахын өмнө сургалтад хамрагддаг, жолоодох эрх шаардлагатай

Их Британид мопедын зохицуулалтад жолоочийн нас, сургалт болон жолоодох эрх чухал байр суурь эзэлдэг байна. Мопед жолоодох хүн 16 нас хүрсэн байх ёстой. Мөн нийтийн замд мопед жолоодохын өмнө түр жолоодох эрх авч, Compulsory Basic Training буюу CBT сургалтад заавал хамрагдана. Сургалт нь жолоочийг замын хөдөлгөөний үндсэн дүрэм, тээврийн хэрэгслийн удирдлага болон аюулгүй жолоодлогын талаар анхан шатны мэдлэг, дадалтай болгоход чиглэдэг аж.

CBT сургалтад хамрагдсаны дараа жолооч тодорхой нөхцөлтэйгөөр мопед жолоодох боломжтой болдог байна. Харин мопед жолоодох бүрэн эрх авахын тулд онолын болон практикийн шалгалтыг амжилттай өгөх шаардлагатай. Их Британийн мопедын ангилалд ерөнхийдөө 45 км/цагаас илүүгүй дээд хурдтай тээврийн хэрэгсэл багтдаг, мопед, мотоцикл жолоодох үед хамгаалалтын малгай заавал өмсөхийг шаарддаг байна.

Эндээс нэг чухал зарчим харагдана. Мопед худалдаж авсан нь түүнийг нийтийн зам дээр шууд жолоодох эрхтэй гэсэн үг биш. Жолооч тодорхой сургалтад хамрагдаж, шаардлагатай тохиолдолд шалгалт өгч, замын хөдөлгөөнд оролцох чадвараа баталгаажуулсан байх ёстой аж.

Герман: Нас, тээврийн хэрэгслийн ангилал, техникийн үзүүлэлтийг уялдуулдаг

Германд скутер, мопедын зохицуулалт харьцангуй нарийн ангилалд суурилдаг. Тухайлбал, AM ангиллын жолоодох эрх нь L1e-B ангиллын хөнгөн хоёр дугуйт, L2e ангиллын гурван дугуйт болон тодорхой L6e ангиллын хөнгөн дөрвөн дугуйт тээврийн хэрэгслийг жолоодох боломж олгодог аж. AM ангиллын жолоодох эрхийг 15 наснаас авах боломжтой. Харин 16 нас хүрээгүй үед олгосон AM ангиллын эрхийг Германы нутаг дэвсгэрээс гадуур ашиглахад хязгаарлалт тавьдаг байна.

Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамж, дээд хурд, хүчин чадал нэмэгдэхийн хэрээр ангилал нь өөрчлөгдөж, улмаар илүү өндөр түвшний жолоодох эрх шаарддаг. Өөрөөр хэлбэл, Германд скутер, мопедыг зөвхөн “хоёр дугуйтай” гэдгээр нь нэг ангилалд багтаадаггүй. Харин хөдөлгүүрийн багтаамж, дээд хурд, хүчин чадал, тээврийн хэрэгслийн төрөл зэрэг техникийн үзүүлэлтийг харгалзан ангилдаг байна.

Энэ нь цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэж буй өнөө үед онцгой ач холбогдолтой туршлага юм. Учир нь, цахилгаан скутерийг зөвхөн хөдөлгүүрийн багтаамжаар ангилах боломжгүй тул дээд хурд, моторын хүчин чадал, жин зэрэг үзүүлэлтийг хамтад нь авч үзэх шаардлагатай болдог байна.

Сингапур: Бүртгэл, техникийн стандарт, аюулгүй байдлыг чангатгажээ

Сингапурын туршлага мөн анхаарал татаж буй. Хотын газар нутгийн хэмжээ бага, хүн амын нягтаршил өндөр, замын хөдөлгөөн ихтэй учраас тус улс хоёр дугуйт болон цахилгаан хөдөлгөөнт хэрэгслийн зохицуулалтад техникийн болон аюулгүй байдлын өндөр шаардлага тавьдаг аж.

Тухайлбал, Сингапурт мотоцикл, скутерийг замын хөдөлгөөнд оролцуулахын өмнө бүртгүүлэх шаардлагатай бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь агаарын бохирдлыг бууруулах, утааны ялгарлыг хянах тогтоосон стандартыг заавал хангасан байх ёстой. Мөн жолооч болон арын суудалд зорчиж буй хүн батлагдсан хамгаалалтын малгай заавал өмсөх ёстой аж.

Мотоцикл, скутерийг нийтийн замд ашиглахын тулд бүртгэл, даатгал болон техникийн шаардлагыг хангасан байх нь үндсэн нөхцөлүүдийн нэг юм байна. Импортын тээврийн хэрэгслийн хувьд бүртгэлийн үеэр даатгал болон техникийн шаардлага хангасныг нотлох баримт бичиг шаардагддаг аж.

Цахилгаан скутерийн хувьд бүр ч нарийн

Сингапурын онцлог нь бензин хөдөлгүүртэй моторт скутер болон цахилгаан скутерийг тусад нь авч үздэг явдал. Цахилгаан скутер зэрэг Personal Mobility Device буюу PMD-д хурд, жин, техникийн стандарт болон хаана зорчих боломжтой талаарх тусгай шаардлага үйлчилдэг байна.

Түүнчлэн 2026 оны зургадугаар сарын 1-нээс UL2272 аюулгүй байдлын стандартад нийцээгүй цахилгаан скутерийг хадгалахтай холбоотой илүү хатуу зохицуулалт хэрэгжиж эхэлжээ. Анх удаа зөрчил гаргасан тохиолдолд 2000 сингапур доллар хүртэл торгох, эсвэл гурван сар хүртэл хорих шийтгэл оногдуулах боломжтой аж.

Энэ нь цахилгаан скутерийн асуудлыг зөвхөн замын хөдөлгөөний аюулгүй байдал гэж харалгүй, мөн батерейн чанар, галын аюулгүй байдал, техникийн стандарт зэрэгтэй холбон зохицуулж буйг харуулж байна.

БНСУ: Скутер, мопедыг жолоочийн эрхээс эхлээд хамгаалалтын малгай хүртэл нарийн зохицуулдаг

Скутер, мопедын зохицуулалтын хувьд БНСУ-ын туршлага Монгол Улсад илүү ойрхон жишээ болж болох юм. Тус улс хоёр дугуйт тээврийн хэрэгслийг хөдөлгүүрийн багтаамж, хурд болон техникийн үзүүлэлтээр нь ангилж, түүнд тохирсон жолоодох эрх, аюулгүй байдлын шаардлага тавьдаг.

🛵 125 см³ хүртэлх мопед, скутер

БНСУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын байгууллагын мэдээллээр 125 см³ хүртэлх хоёр дугуйт тээврийн хэрэгсэл нь “원동기장치자전거” буюу хөдөлгүүртэй хөнгөн хоёр дугуйт тээврийн хэрэгслийн ангилалд багтдаг.

Энэ ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн шалгалтад 16 наснаас хамрагдах боломжтой. Харин 125 см³-ээс дээш хөдөлгүүртэй хоёр дугуйт тээврийн хэрэгсэл нь 2종 소형 буюу мотоциклийн тусгай ангилалд орж, уг ангиллын жолоодох эрхийг 18 наснаас авах боломжтой.

Ингэснээр БНСУ-д 125 см³ хүртэл хөнгөн хоёр дугуйт тээврийн хэрэгслийн ангилал, 125 см³-ээс дээш мотоциклийн тусгай ангилал гэсэн үндсэн ялгаа бий аж.

🪖 Малгайгүй бол торгуультай

БНСУ-д скутер, мопед төдийгүй цахилгаан скутер ашиглах үед хамгаалалтын малгай өмсөхийг заавал шаарддаг. Тухайлбал, цахилгаан скутер зэрэг Personal Mobility буюу хувь хүний хөдөлгөөнт төхөөрөмж ашиглаж буй хүн хамгаалалтын малгай өмсөх ёстой, шаардлагыг зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулдаг байна.

Энэ нь “Тээврийн хэрэгсэл жижиг учраас ослын эрсдэл бага” гэсэн ойлголтоос татгалзаж, жолоочийн бие хамгаалалтгүй байдлыг харгалзан үзэж буй хэрэг юм.

Цахилгаан скутер бүр ижил ангилалд багтдаггүй

БНСУ-ын зохицуулалтын бас нэг онцлог нь “цахилгаан скутер” гэсэн нэрээр бүх төхөөрөмжийг нэг ангилалд оруулдаггүй явдал.

Хувь хүний хөдөлгөөнт төхөөрөмж буюу PM ангилалд цахилгаан кик скутер болон тодорхой төрлийн хоёр дугуйт цахилгаан төхөөрөмжүүд багтдаг. Гэхдээ тухайн төхөөрөмж нь дээд хурд, жин зэрэг техникийн тодорхой шалгуурыг хангасан байх ёстой. Тухайлбал, PM ангилалд багтах төхөөрөмжийн дээд хурд 25 км/цагаас хэтрэхгүй, жин нь 30 кг-аас бага байх зэрэг шаардлага тавьдаг байна.

Цахилгаан скутер ч жолоодох эрх шаарддаг

БНСУ-д PM ангиллын цахилгаан скутерийг нийтийн замын хөдөлгөөнд ашиглахын тулд жолоодох эрхтэй байх шаардлагатай. Жолоодох эрхгүйгээр PM ашигласан тохиолдолд торгууль ногдуулж, согтуугаар жолоодохыг мөн хориглодог.

Ингэснээр Солонгосын зохицуулалт цахилгаан скутерийг зүгээр нэг тоглоом, эсвэл энгийн унадаг дугуй гэж бус, замын хөдөлгөөнд тодорхой эрсдэл үүсгэж болох хөдөлгөөнт хэрэгсэл гэж авч үзэж байгааг харуулж буй аж.

Явган хүний замаар дур мэдэн зорчихыг хориглодог

БНСУ-д цахилгаан скутерийг явган хүний замаар дур мэдэн жолоодохыг хориглодог. PM-ийн хөдөлгөөнийг дугуйн зам болон холбогдох замын хөдөлгөөний зохицуулалтын хүрээнд явуулахыг шаарддаг байна.

Мөн нэг төхөөрөмжөөр хоёр хүн зэрэг зорчихыг хориглодог. Энэ нь жижиг оврын, хөнгөн тээврийн хэрэгслийн хувьд ч замын хөдөлгөөний бусад оролцогчдод учруулах эрсдэлийг бууруулах зорилготой аж.

Согтуугаар скутер жолоодвол хариуцлага хүлээнэ

БНСУ-д цахилгаан скутерийг согтуугаар жолоодохыг мөн хориглодог. PM ашиглан согтуугаар хөдөлгөөнд оролцсон тохиолдолд торгууль болон жолоодох эрхтэй холбоотой арга хэмжээ авах боломжтой юм байна.

Харин PM-ийн шаардлагыг хангахгүй, илүү өндөр хурд, жинтэй цахилгаан скутер нь өөр ангиллын моторт тээврийн хэрэгсэлд тооцогдож болох бөгөөд энэ тохиолдолд согтуугаар жолоодсон үйлдэлд илүү өндөр хариуцлага хүлээлгэдэг байна.

Хурдыг техникийн түвшинд хүртэл бууруулах оролдлого

БНСУ-ын туршлагаас анхаарал татах өөр нэг жишээ нь цахилгаан скутерийн дээд хурдыг бууруулах туршилт аж. 2024 онд Засгийн газар нь цахилгаан скутерийн осол, гэмтлийг бууруулах зорилгоор зарим томоохон хотод PM-ийн дээд хурдыг 25 км/цагаас 20 км/цаг болгон бууруулах туршилтын хөтөлбөр хэрэгжүүлжээ.

Туршилтыг Сөүл, Бусан зэрэг хотод явуулсан байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн “Хурд хэтрүүлж болохгүй” гэж жолоочид сануулах бус, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурдыг өөрчлөх замаар ослын эрсдэлийг бууруулах арга хэмжээ авчээ.

Дэлхийн улс орнуудын туршлагаас ямар нийтлэг дүр зураг харагдаж байна вэ?

Их Британи, Герман, Сингапур, БНСУ-ын жишээг харьцуулан үзвэл улс орнуудын зохицуулалт өөр өөр боловч үндсэндээ хэд хэдэн нийтлэг зарчим ажиглагдаж байна. Нэгдүгээрт, тээврийн хэрэгслийг техникийн үзүүлэлтээр нь ангилдаг. Хөдөлгүүрийн багтаамж, дээд хурд, моторын хүчин чадал, жин зэрэг үзүүлэлт нь ямар ангиллын тээврийн хэрэгсэл болохыг тодорхойлдог.

Хоёрдугаарт, жолоочийн нас, жолоодох эрхийг тээврийн хэрэгслийн эрсдэлтэй уялдуулдаг. Хөнгөн, бага хурдтай тээврийн хэрэгсэлд тавих шаардлага харьцангуй бага байж болох ч хүчин чадал, хурд нэмэгдэхийн хэрээр сургалт, шалгалт, жолоодох эрхийн шаардлага өндөрсдөг байна.

Гуравдугаарт, хамгаалалтын хэрэгслийг заавал шаарддаг. Ялангуяа хамгаалалтын малгай нь мопед, мотоцикл болон цахилгаан скутерийн зохицуулалтын нийтлэг хэсэг болжээ.

Дөрөвдүгээрт, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд анхаардаг. Тоормос, гэрэл, дуут дохио, дээд хурд, батерей, ялгаруулалт зэрэг үзүүлэлтийг хяналтдаа авдаг.

Тавдугаарт, согтуугаар жолоодох болон явган зорчигчийн бүсэд дүрэм зөрчихийг хатуу хориглодог.

Эндээс нэг гол санаа тодорхой харагдана. Скутер, мопедыг “жижигхэн учраас энгийн” тээврийн хэрэгсэл гэж үзэхээс илүү эрсдэлийн түвшинд нь тохируулан шаталсан байдлаар зохицуулах нь олон улсын түгээмэл хандлага ажээ.

 Монгол Улсад юуг анхаарч болох вэ?

Монгол Улсад скутер, мопедын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр зөвхөн “хэдэн наснаас унах вэ?” гэсэн нэг асуултаар асуудлыг хязгаарлах боломжгүй болж байна. Юуны өмнө мопед, цахилгаан скутер, цахилгаан мотоцикл, мотоцикл гэсэн ойлголтуудыг техникийн тодорхой шалгуураар ялгах шаардлагатай.

Нэгдүгээрт, техникийн ангиллыг тодорхой болгох. Хөдөлгүүрийн багтаамжаас гадна дээд хурд, цахилгаан моторын хүчин чадал, тээврийн хэрэгслийн жин зэрэг үзүүлэлтийг хууль, дүрэмд тусгах нь зүйтэй.

Ялангуяа цахилгаан тээврийн хэрэгслийн хувьд хөдөлгүүрийн багтаамж буюу см³-ээр ангилах боломжгүй тул хурд, моторын хүчин чадал, жинг хамтад нь авч үзэх шаардлагатай байдаг аж.

Хоёрдугаарт, нас болон жолоодох эрхийг эрсдэлтэй уялдуулах. Их Британи сургалт, шалгалтыг түлхүү анхаардаг бол Герман, БНСУ тээврийн хэрэгслийн ангилалд тохирсон жолоодох эрхийн тогтолцоог ашиглаж буй юм байна.

Монгол Улсад ч хөнгөн мопед, бага хурдтай цахилгаан хөдөлгөөнт хэрэгсэл болон илүү өндөр хүчин чадалтай мотоциклд ижил шаардлага тавих бус, эрсдэлийн түвшинд нь тохируулан ялгаатай зохицуулалт хийх боломжтой.

Гуравдугаарт, хамгаалалтын хэрэгслийн шаардлагыг тодорхой болгох. Хамгаалалтын малгайгаас гадна гэрэлтүүлэг, тоормос, дуут дохио, ойлгогч хэрэгсэл, техникийн бүрэн бүтэн байдал зэрэг шаардлагыг тодорхой болгох шаардлагатай.

Дөрөвдүгээрт, бүртгэл, даатгалын тогтолцоог боловсронгуй болгох. Осол, мөргөлдөөн гарсан тохиолдолд хохирлыг барагдуулах, буруутай этгээдийг тогтоох, хариуцлагыг тодорхой болгохын тулд тодорхой ангиллын скутер, мопедод бүртгэл болон хариуцлагын даатгал шаардлагатай эсэхийг авч үзэх нь зүйтэй.

Тавдугаарт, замын дэд бүтцийг хамтад нь шийдэх. Скутер, мопедын хэрэглээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хаагуур зорчих, хаана зогсох, дугуйн зам болон авто замтай хэрхэн уялдах асуудлыг шийдэхгүй бол зөвхөн торгууль, хариуцлага нэмэх нь хангалтгүй.

Өөрөөр хэлбэл, скутер, мопедын зохицуулалт гэдэг нь зөвхөн жолоочид тавих шаардлага биш, хотын замын зохион байгуулалттай шууд холбоотой асуудал юм.

Скутер унах уу, үгүй юу биш, ямар скутерийг хэн, хаана, ямар нөхцөлөөр унах вэ?

Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад скутер, мопедыг бүхэлд нь хориглох эсвэл ямар ч зохицуулалтгүй орхих гэсэн хоёр туйлын шийдлээс илүү эрсдэлд суурилсан шаталсан зохицуулалт хэрэгжүүлэхийг зорьж байна.

Өөрөөр хэлбэл, хурд их байх тусам илүү өндөр түвшний жолоодох эрх. Хүчин чадал их байх тусам илүү өндөр шаардлага. Эрсдэл их байх тусам илүү сайн хамгаалалт, сургалт, хяналт.

Их Британийн сургалт, шалгалтад тулгуурласан арга, Германы нарийн ангиллын тогтолцоо, Сингапурын техникийн стандарт, бүртгэл, аюулгүй байдлын хатуу шаардлага, БНСУ-ын нас, хөдөлгүүрийн багтаамж, хурд болон техникийн үзүүлэлтэд суурилсан зохицуулалт нь Монгол Улсад скутер, мопедын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход судалж болохуйц жишээнүүд юм.

Эцсийн дүндээ скутер, мопедын хэрэглээг нэмэгдүүлэх эсэхээс илүүтэй түүнийг хэрхэн аюулгүй, хариуцлагатай, хотын хөдөлгөөнд зөв зохицуулан ашиглах вэ гэдэг нь чухал асуудал юм.

Монгол Улс энэ төрлийн тээврийн хэрэгслийн хэрэглээг зохицуулахдаа зөвхөн нэг улсын загварыг хуулбарлахаас илүүтэй дээрх орнуудын туршлагаас Монголын замын нөхцөл, цаг уур, хот төлөвлөлт, иргэдийн хэрэглээ болон замын хөдөлгөөний соёлд тохирох шийдлийг сонгох шаардлагатай юи.

Тиймээс цаашид скутер, мопедын асуудлыг зөвхөн Замын хөдөлгөөний дүрмийн хүрээнд бус, тээврийн хэрэгслийн ангилал, жолоочийн сургалт, насны хязгаар, техникийн стандарт, бүртгэл, даатгал, хамгаалалтын хэрэгсэл, замын дэд бүтэц, хяналт хариуцлага гэсэн цогц хүрээнд авч үзэх нь илүү үр дүнтэй юм.

Эцсийн зорилго нь скутер, мопедыг хориглох бус — хотын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн зэрэгцээ хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалсан зөв зохицуулалтыг бий болгох явдал юм.