Оросын Украины эсрэг түрэмгийллийн хуурай газрын фронтын шугамд томоохон өөрчлөлт бараг гарахгүй байгаа ч тэнгэрт өрнөж буй дайн улам ширүүсэж байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар, хоёр талын довтлох чадавх одоогийн байдлаар агаарын довтолгооноос хамгаалах системийн боломжийг давж эхэлжээ. Үүний улмаас довтолгооны үеэр илүү олон пуужин, дрон байндаа хүрч, стратегийн болон эдийн засгийн чухал дэд бүтэц олноороо эвдэрч, долоо хоног бүр энгийн иргэдийн амь нас хохирох тохиолдол нэмэгдэж байгаа аж.

Дэлхийн мөргөлдөөнийг ажигладаг ACLED байгууллагын Зүүн Европ хариуцсан судалгааны менежер Ольга Польшчук “Довтолгооны тохиолдол болон хохирогчдын тоо нэмэгдэж байгааг бид тодорхой харж байна. Мөн цохилт өгөх байнуудын төрөл улам олширч байна” хэмээн ярьжээ.

Украины алсын тусгалт дроны довтолгоо эрчимжиж байна

Украин улс фронтын шугамаас хэдэн мянган километрийн цаадах Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх боломжийг хэдийнэ бүрдүүлжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд Украины дроны технологи эрчимтэй хөгжиж, довтолгооны цар хүрээ, нарийвчлал нь нэмэгдсэн байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зургадугаар сарын сүүлчээр Оросын нутаг дэвсгэрийн гүнд хийх дроны цохилтыг эрчимжүүлэх 40 хоногийн кампанит ажил эхлүүлж байгаагаа зарлажээ. Түүний ахлах зөвлөхийн мэдээлснээр, энэхүү ажиллагаа цаашид ч үргэлжлэх аж.

Их Британид төвтэй аюулгүй байдлын судалгааны байгууллага болох RUSI-ийн ахлах судлаач Натиа Сескуриа “Энэ бол Оросын хувьд ноцтой асуудал. Учир нь, өнгөрсөн 40 хоногийн үйл явдлаас харахад тэд дроныг замд нь таслан зогсоох тал дээр ноцтой сул талтай байгаа нь ил болсон. Харин Украин байндаа амжилттай хүрч чадсаар байна” хэмээн онцолжээ.

ACLED-ийн шинжээч Польшчук "Украин өмнө нь Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хааяа нэг алсын тусгалт цохилт өгдөг байсан бол одоо газрын тос боловсруулах үйлдвэр, газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц, цахилгаан дэд станц болон эрчим хүчний өргөн хүрээний байгууламжуудыг тогтмол онилох болсон" гэж хэлсэн байна.

Мөн Киев эзлэгдсэн Украины зүүн нутгуудад байрлах Оросын цэргийн хүчний хангалт, ложистикийн сүлжээг тасалдуулахад чиглэсэн агаарын цохилтоо нэмэгдүүлжээ.

Оросын эдийн засгийн байгууламжууд ч бай болж байна

Шинжээчид Украины довтолгоо зөвхөн цэргийн объектуудаар хязгаарлагдахгүй, Оросын эдийн засгийг бүхэлд нь онилох хэмжээнд хүрч байгааг онцолжээ. Тухайлбал, Оросын хамгийн том цахим худалдааны компаниудын нэг болох Wildberries-ийн агуулахууд цохилтод өртсөн.

Украины Засгийн газар тус компанийн байгууламжуудыг Оросын фронтын цэргүүдэд хангамж нийлүүлдэг тул хууль ёсны цэргийн бай гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна. Мөн Украины тал саяхан Санкт-Петербург хотын орчим дахь Оросын агаарын хамгаалалтын системийг нэвтэлж, Москва хотод ч удаа дараа цохилт өгчээ.

Энэ нь дайныг Оросын энгийн иргэдэд улам ойртуулж, Кремльд тодорхой хэмжээгээр нөлөөлөх боломжтой бизнесийн элитүүдэд илүү их дарамт үзүүлэх зорилготой байж болох аж. Ингэснээр тэд дайныг зогсоохыг эрх баригчдаас шаардах нөхцөл бүрдэх боломжтой гэж шинжээчид үзэж буй юм байна.

Үүнээс гадна Сескуриагийн хэлснээр, Украины алсын тусгалт цохилтын нэг зорилго нь Оросын нөөцийг дроны довтолгооноос хамгаалахад зарцуулуулж, улмаар Оросын зуны давшилтыг удаашруулах явдал аж.

Орос агаарын хамгаалалтын системээ тараан байрлуулахад хүрч байна

Дайны эхний үед Орос улс агаарын хамгаалалтын системүүдээ Украины хил болон фронтын шугам дагуу голчлон төвлөрүүлж байжээ.

Харин Украины стратеги нь Орос болон эзлэгдсэн Украины зүүн нутгийн олон өөр байршилд зэрэг цохилт өгөх замаар Оросын армийг агаарын хамгаалалтын системүүдээ өргөн уудам нутаг дэвсгэрт тараан байрлуулахад хүргэхэд чиглэж буй аж.

Үүний улмаас Оросын агаарын хамгаалалтын сүлжээ өмнөхөөсөө илүү сийрэг, хамгаалалт сул болох эрсдэлтэй гэж шинжээчид үзжээ.

Сүүлийн үеийн довтолгоонууд мөн Оросын агаарын хамгаалалтын системүүд дронтой тэмцэх зорилгоор анх бүтээгдээгүйг харуулсан байна. Эдгээр системүүд нь гол төлөв уламжлалт цэргийн нисэх онгоц болон пуужинг устгахад зориулагдсан аж.

Зургадугаар сард цацагдсан нэгэн бичлэгт Оросын цэргүүд хурдны зам дээр болсон дроны довтолгооны үеэр хүн зөөврийн агаарын довтолгооноос хамгаалах систем (MANPADS) ашиглан яаравчлан хариу үйлдэл үзүүлж буй нь дүрслэгдсэн байна.

Крым дэх цохилтууд нэмэгджээ

Украины зэвсэгт хүчин мөн Оросын хяналтад байгаа Крымийн хойгт цохилтоо эрчимжүүлсэн байна. ACLED-ийн бүртгэлээр зургадугаар сард Крымийн эрчим хүч болон тээврийн дэд бүтцэд чиглэсэн цохилтын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.

Гэхдээ агаарын цохилтын өсөлт зөвхөн Украины талаас гараагүй аж. Польшчук “Украины хийж буй эдгээр бүх төрлийн цохилтын хариу тусгал Украины нутаг дэвсгэр дээр мөн адил ажиглагдаж байна” хэмээн хэлжээ.

Тухайлбал, Wildberries-ийн агуулахууд цохилтод өртсөний дараа Украины Rozetka цахим худалдааны компанийн олон агуулах мөн Оросын довтолгооны бай болсон байна.

A crater near what remains of a Wildberries warehouse in the Russian city of Elektrostal, which burned down following a Ukrainian drone attack.

Энгийн иргэдийн хохирол нэмэгдэж байна

Агаарын дайны эрчимжилт энгийн иргэдийн амь нас, эрүүл мэндэд учрах хохирлыг улам нэмэгдүүлжээ. НҮБ-ын мэдээллээр, 2026 оны зургадугаар сард Украинд амь үрэгдэж, шархадсан энгийн иргэдийн тоо 2022 оноос хойших нэг сарын хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн байна.

Энэ оны эхний зургаан сарын хугацаанд Украинд 1396 энгийн иргэн амиа алдсан, 7978 хүн шархаджээ. Энэ нь 2025 оны мөн үеийнхээс 37 хувиар өссөн үзүүлэлт аж. НҮБ-ын мэдээлснээр, энгийн иргэдийн хохирлын дийлэнх Украины Засгийн газрын хяналтад байгаа нутаг дэвсгэрт бүртгэгдсэн боловч Оросын эзэлсэн бүс нутгуудад ч хохирол гарсан байна.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, энэ оны эхнээс хойш Оросын дор хаяж 797 энгийн иргэн амиа алдсан байна. Гэхдээ CNN болон олон улсын мониторингийн байгууллагууд энэ тоог бие даан баталгаажуулах боломжгүйгээ тэмдэглэжээ.

Оросын Украины эсрэг агаарын довтолгоо хэд дахин их байна

Оросын шөнийн довтолгооны хэмжээ Украинд хийгдэж буй Украины цохилтоос хавьгүй өндөр хэвээр байгаа аж. Өнгөрсөн сард Москва Украины нутаг дэвсгэрт өдөрт дунджаар 172 удаа цохилт өгсөн бол Киев Оросын нутаг дэвсгэрт өдөрт дунджаар 28 удаа цохилт өгчээ.

Үүний зэрэгцээ Орос улс хэдэн сарын турш нэг удаагийн довтолгооны үеэр ашигладаг дрон, далавчит пуужин болон баллистик пуужингийнхаа тоог нэмэгдүүлсээр байна. Энэ нь Украины агаарын хамгаалалтын системийг олон тооны байгаар нэгэн зэрэг ачааллуулж, хамгаалалтыг нь нэвтлэх зорилготой тактик гэж шинжээчид үзэж байна.

Фронтын ойролцоох хотуудад энгийн иргэдийг онилсон жижиг оврын дроны довтолгоо ч үргэлжилж байгаа аж. Фронтын шугамын ойролцоо амьдардаг зарим иргэн Оросын цэргүүдийн дроны довтолгоог “дроны сафари” мэт болсон хэмээн тодорхойлжээ. Орос улс энгийн иргэдийг зориудаар онилдог гэх мэдээллийг үгүйсгэдэг.

Баллистик пуужингийн хэрэглээ нэмэгджээ

Стратегийн болон олон улсын судалгааны төв (CSIS)-өөс хийсэн дүн шинжилгээгээр, Орос улс долдугаар сард Украин руу 139 баллистик пуужин харвасан байна. Энэ нь 2026 оны аль ч сараас хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Баллистик пуужинг устгах нь агаарын хамгаалалтын хувьд хүндрэлтэй байдаг. Учир нь, тэд өндөр хурдтай, тодорхой өндөрт нисдэг бөгөөд тэдгээрийг таслан зогсоохын тулд АНУ-д үйлдвэрлэсэн Patriot системийн сөнөөгч пуужин шаардлагатай байдаг.

Patriot-ийн сөнөөгч пуужингууд өндөр өртөгтэй бөгөөд нөөц нь хязгаарлагдмал байгаа аж. Энэ сарын эхээр Орос Киев болон ойр орчмын бүсэд 20 гаруй баллистик болон усан онгоц эсэргүүцэх пуужин харвахад дор хаяж 17 хүн амиа алдсан байна. Тухайн довтолгооны үеэр харвасан пуужингуудаас алийг нь ч устгаж чадаагүй талаар мэдээлжээ.

Украины Ерөнхийлөгч Зеленский холбоотнуудаасаа Patriot системийн сөнөөгч пуужин нэмж нийлүүлэхийг удаа дараа хүсч буй. Гэвч Ирантай холбоотой дайн, мөргөлдөөн нь АНУ-д үйлдвэрлэсэн зэвсгийн нөөцөд дарамт учруулж, Украины хүсэлтийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэжээ.

Украины талын найдвар өнгөрсөн сард НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд Patriot системийн сөнөөгч пуужинг өөрийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэх боломж олгоно гэж мэдэгдсэнээр нэмэгдсэн. Гэвч Трамп хожим энэ байр сууриа өөрчилсөн билээ.

Дипломат хэлэлцээ хийх боломж байгаа юу?

Patriot системийн сөнөөгч пуужингаас гадна АНУ болон Европ дахь Украины холбоотнууд Киевийн байр суурийг бэхжүүлэх, улмаар дөрвөн жил гаруй үргэлжилж буй дайныг эцэслэх хэлэлцээг эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд илүү их зүйл хийх боломжтой гэж зарим ажиглагч үзэж буй аж.

Германд төвтэй эдийн засаг, аюулгүй байдлын судалгааны байгууллага болох Килийн хүрээлэнгийн мэдээллээр, АНУ 2025 оны хоёрдугаар сараас өмнө Украинд 130 тэрбум гаруй ам.доллар буюу 115 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр хуваарилсан байжээ.

Гэвч Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд АНУ-ын Конгресс Украинд зориулсан шинэ томоохон санхүүгийн болон цэргийн тусламжийн багцыг батлаагүй байна.

ACLED-ийн шинжээч Польшчукийн үзэж байгаагаар Украин одоогоор тодорхой хэмжээний давуу байр суурь, санаачилгыг олж авч байгаа бөгөөд Киев илүү итгэлтэй байр суурьтай байгаа үед хэлэлцээр хийх боломж үүсэж болох аж.

Тэрбээр “Бидний өнөөг хүртэл харсан зүйлээс үзэхэд Оростой хэлэлцээр хийх оролдлогууд төдийлөн үр дүнтэй байгаагүй” хэмээн хэлжээ. Түүний үзэж байгаагаар, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины дайны талаарх тооцоо, байр суурийг өөрчлөхөд Оросын дотоодын дарамт илүү чухал нөлөө үзүүлж магадгүй байгаа аж. Тэр "Оросын эдийн засгийг доройтуулах хэрээр ийм дотоод дарамт өсөх боломжтой" гэж үзжээ.

“Одоогоор дипломат ажиллагаа эрчимжих таатай үе харагдахгүй байна”

RUSI-ийн судлаач Натиа Сескуриа ч одоогийн нөхцөлд дипломат хэлэлцээ хийх таатай цонх харагдахгүй байна гэж үзэж байна. Тэрбээр CNN-д “Асуудал нь Путин АНУ-тай хэлэлцээ хийж эхэлж байсан үеийнх шиг хөшүүрэгтэй байхаа больсон. Тэр үед АНУ-ын байр суурь Орост илүү ашигтай байсан” хэмээн ярьжээ.

Түүний хэлснээр, одоогийн нөхцөлд Кремль дайныг дуусгах шийдвэрийг томоохон ялалт мэтээр өөрийн ард түмэнд тайлбарлахад хүндрэлтэй байгаа аж. Тиймээс Сескуриа “Миний бодлоор өөр нэг хувилбар нь хурцадмал байдлыг улам нэмэгдүүлэх явдал бөгөөд энэ нь одоогийн байдлаар илүү магадлалтай хувилбар байна” хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж: CNN