Орос улс пуужин болон дроны цохилтын байнуудаа Украины сая сая иргэнийг бараа бүтээгдэхүүнээр хангадаг объектууд руу чиглүүлж эхэлжээ. Үүнд логистикийн төвүүд, агуулахууд, худалдааны сүлжээний үйлдвэрлэлийн байгууламжууд багтсан байна.

2026 оны наймдугаар сарын 5-ны шөнө Киев болон Киев мужид өгсөн пуужингийн өргөн цар хүрээтэй довтолгооны улмаас Украины болон олон улсын дор хаяж 14 томоохон компанийн агуулах, логистикийн төв, үйлдвэрлэлийн байгууламжууд сүйдэж, гал гарсан байна. Шинжээчид "Энэ нь ганц нэг тохиолдол бус, Украины бизнесийн салбарт чиглэсэн системтэй цохилт болж байна" гэж үзжээ.

Хохирол амссан компаниудын дунд Украины хамгийн алдартай бизнесүүд багтсан аж. Тухайлбал, Rozetka компанийн Бровары дахь түгээлтийн төв сүйджээ. Тус төв өдөрт 100 мянга гаруй захиалга боловсруулдаг байжээ.

"Новая почта" компанийн Киев дэх ангилан ялгах төв цохилтод өртөж, хүний амь нас хохирсон байна. Мөн Fozzy Group ("Сільпо"), Novus, Эпицентр, Intertop, Puma, Liqui Moly Ukraine, Toyota Ukraine зэрэг компанийн агуулах, барааны нөөцүүд гэмтжээ.

Украины Засгийн газар бизнес, худалдаа, логистикийн салбарын төлөөлөгчидтэй яаралтай хурал хийж, зээл олголтыг дэмжих, гаалийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, дайны эрсдэлийн даатгалын механизм бий болгох, агуулахуудыг тараан байрлуулахад төрийн байр ашиглуулах зэрэг арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

Хомсдол, үнийн өсөлт гарах уу?

Шинжээчдийн үзэж буйгаар, агуулахуудыг онилсонцохилтын дараа Украинд бүх нийтийг хамарсан барааны хомсдол үүсэх магадлал бага боловч зарим барааны нийлүүлэлт тасалдаж, үнэ өсөх эрсдэлтэй болжээ. Үүний гол шалтгаан нь логистикийн асуудал аж. Гол түгээлтийн төвүүдийн нэг нь устахад ачаалал бусад төвүүдэд шилжиж, хүргэлтийн зай уртсаж, тээвэрлэлт болон хадгалалтын зардал нэмэгддэг.

Шинжээч Илья Несходовский "Бараа хүргэлтийн гол холбоос алга болсноор бусад логистикийн төвүүдийн ачаалал нэмэгдэж, зардал өснө" гэж тайлбарлажээ. Зарим компаниудын хувьд үр дагавар хэдийнэ мэдэгдэж эхэлсэн байна. Жишээлбэл, Puma компани агуулах нь устсаны улмаас зарим бүтээгдэхүүний нийлүүлэлт ойрын хэдэн долоо хоног, магадгүй хэдэн сарын хугацаанд тасалдаж болзошгүйг анхааруулжээ.

Украины бизнес гадаад руу шилжих үү?

Шинжээчдийн үзэж буйгаар, бизнесүүд үйл ажиллагаагаа гадаад руу шилжүүлэх эсэх нь хэрэглэгчид хаана байгаагаас хамаарах аж.

Rozetka, Новая почта зэрэг дотоодын хэрэглэгчдэд чиглэсэн компаниуд Украины зах зээлээс гарах хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ. Харин Европын хэрэглэгчдэд зориулсан үйлдвэрлэлтэй компаниуд Польш болон Европын холбооны бусад орнуудад үйлдвэрлэлээ шилжүүлэх боломжтой аж.

Жишээлбэл, Эпицентр компанийн керамик хавтангийн үйлдвэр сүйдсэний дараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гадаад дахь өөрийн хоёр үйлдвэрт шилжүүлэхээр болсон байна. Украины үйлдвэрийг сэргээхэд 1.5-2 жил шаардагдана гэж тооцжээ.

Гэхдээ энэ нь бизнесүүд Украиныг орхиж байгаа хэрэг биш, харин дайны нөхцөлд үйлдвэрлэлийн хүчин чадлаа түр хугацаанд шилжүүлж буй арга хэмжээ аж.

Бизнесийг хэрхэн хамгаалах вэ?

"Новая почта" компанийн үүсгэн байгуулагч Владимир Поперешнюк бизнесийг хадгалахын тулд төрийн зохицуулалтыг багасгах, олон улсын логистикийг хөнгөвчлөх, татварын хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай гэж үзэж буй юм байна. Тэр "Төр дайсны пуужинг бүрэн зогсоож чадахгүй байж болох ч бизнесийн боломжийг нээж өгөх нь түүний хийж чадах зүйл" гэж хэлжээ.

Эдийн засагч Владимир Дубровский дайны эрсдэлийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Түүний тайлбарласнаар, төр даатгалын зардлын тодорхой хэсгийг хариуцвал бизнес илүү найдвартай ажиллах боломжтой болох аж.

Аюулгүй байдлын асуудлыг шийдэхгүй бол бизнес тогтвортой ажиллах боломжгүй

Шинжээчид нэг зүйл дээр санал нэгджээ: Санхүүгийн тусламжаас өмнө аюулгүй байдлын асуудлыг шийдэх шаардлагатай.

Пуужин болон дроны довтолгоо үргэлжилсээр байвал даатгалын компаниуд эрсдэлийг үүрэх боломжгүй болж, даатгалын үнэ өсөх бөгөөд энэ нь барааны үнэд шууд нөлөөлөх аж. Тиймээс бизнесүүд эрсдэлээ тараах, нэг газар их хэмжээний бараа төвлөрүүлэхгүй байх, жижиг агуулахуудыг олон газар байрлуулах арга хэрэглэж эхэлсэн байна.

Одоогийн байдлаар нийт хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа ч компаниудын мэдэгдлээс харахад ихээхэн хэмжээний гарз учирсан нь тодорхой байгаа ажээ. Rozetka компанийн үүсгэн байгуулагч Владислав Чечеткин шууд хохирлыг "хэдэн тэрбум гривен"-ээр хэмжигдэнэ гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь компанийн 21 жилийн түүхэн дэх хамгийн том алдагдал болжээ.

Бизнесүүд одоо төрөөс хувийн агаарын довтолгооноос хамгаалах систем байгуулах, ашиглах журмыг хөнгөвчилж өгөхийг хамгийн түрүүнд хүсэж байгаа аж.

Эх сурвалж: DW