Монголчуудын хувьд энэ зун амаргүй өнгөрч байна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, шатахууны хомсдол, инфляцын дарамт зэрэг асуудал айл өрхийн өдөр тутмын амьдралд бодитоор нөлөөлж, олон нийтийн бухимдлыг нэмэгдүүлэв.

Иргэдийн хувьд хамгийн чухал асуудал нь амьжиргаа, орлого, үнийн өсөлт болоод байгаа энэ үед улс төрийн хүрээнд огт өөр сэдэв зонхилж эхэлжээ. Өөрөөр  хэлбэл, улс төрийн хүрээний анхаарал хэдийнэ 2027 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль руу чиглэсэн нь сүүлийн үеийн уулзалт, хэлэлцүүлгүүдээс харагдаж байна.

Жил бүрийн зун улс төрийн бүлэглэлүүд албан бус уулзалт зохион байгуулж, намрын улс төрийн өнгө төрхийг тодорхойлдог жишиг энэ жил ч үргэлжлэв.

Энэ удаад эрх баригч намын нөлөө бүхий улстөрчид Хөвсгөл, Хэнтийн бүсэд тус тус уулзсан гэх мэдээлэл улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж байна. Ажиглагчдын үзэж буйгаар, эдгээр уулзалтаар зөвхөн намрын чуулганы асуудал бус, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн стратеги, боломжит нэр дэвшигчдийн талаар ч хэлэлцсэн бололтой.

Сүүлийн жилүүдэд Монголын улс төр нэг сонгуулиас нөгөө сонгуулийн бэлтгэл рүү тасралтгүй шилждэг болсон. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгууль жилийн дараа болох хэдий ч улс төрийн хүчнүүд өнөөдрөөс байр сууриа бэхжүүлэх, дэмжлэгээ нэмэгдүүлэх, дотоод өрсөлдөөнөө зохицуулах алхмуудаа эхлүүлсэн нь нууц биш.

Ялангуяа эрх баригч намын дотор ирээдүйн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хэд хэдэн улстөрчийн нэр яригдаж байгаа нь дотоод өрсөлдөөн эрчимжих дохио болж байна. Энэ нь намын дотоод эв нэгдэл, эрх мэдлийн тэнцвэрт байдалд ч тодорхой хэмжээнд нөлөөлөх төлөвтэй.

Нөгөө талаас улс төрийн судалгааны байгууллагууд боломжит хувилбаруудыг загварчилж, нэр бүхий улстөрчдийн рейтинг, сонгуулийн магадлалын талаар таамаглал гаргаж эхэлсэн нь сонгуулийн цикл бодитоор эхэлснийг илтгэж байна. Гэхдээ эдгээр нь зөвхөн өнөөгийн нөхцөлд тулгуурласан тооцоо бөгөөд эцсийн үр дүнг урьдчилан тогтооход эрт буй юм.

Харин иргэдийн хувьд улс төрийн гол шалгуур нь өөр асуудал хэвээр байна. Үнийн өсөлт саарах уу, шатахууны нийлүүлэлт тогтворжих уу, ажлын байр, орлого нэмэгдэх үү гэдэг нь сонгуулийн стратегиас илүү бодит ач холбогдолтой асуудал юм.

Иймээс намрын улс төр зөвхөн эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнөөр хэмжигдэхгүй. Иргэдийн амьдралд тулгамдсан эдийн засгийн асуудлуудад хэрхэн бодитой шийдэл санал болгож, хэрэгжүүлэх нь улс төрийн хүчнүүдийн нэр хүндийг тодорхойлох гол шалгуур болох нь дамжиггүй.

2027 оны сонгуулийн тухай яриа эхэлсэн ч сонгогчид эцсийн дүндээ ирээдүйн амлалтаас илүү өнөөдрийн үр дүнг чухалчилж байна.