Лондон дахь Royal United Services Institute (RUSI)-ийн ахлах судлаач Сидхарт Каушал XXI зууны тэнгисийн цэргийн стратегид технологийн үзүүлж буй нөлөө, улс орны “том стратеги” дахь далайн хүчний үүргийг судалдаг.
Тэрбээр DW-д өгсөн ярилцлагадаа Украины Зэвсэгт хүчин Крымийг хэсэгчлэн тусгаарлах ажиллагаа Оросын эсрэг дайны явцад хэрхэн нөлөөлж байгаа талаар ярьжээ.
Мөн Украины Крымийн эрчим хүчний дэд бүтэц болон Азов, Хар тэнгис дэх хөлөг онгоцуудад хийж буй цохилтууд, түүнчлэн Оросын талаас Украин руу чиглэсэн хөлөг онгоцуудад хийж буй халдлага олон улсын эрх зүйд нийцэж байгаа эсэх, Хар тэнгисийн боомтуудад үзүүлж буй Оросын довтолгоо Украины хувьд хэр ноцтой асуудал болж буй талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.
DW: Украины дроны цохилт болон Крымийг хэсэгчлэн тусгаарласан ажиллагааны үр дүнд Орост илүү их нөлөөлж буй зүйл нь юу вэ? Иргэдэд үзүүлэх нөлөө юу, эсвэл Оросын армид үзүүлэх нөлөө юу?
Сидхарт Каушал: -Эдгээр хоёр хүчин зүйл хоорондоо салангид биш, харин харилцан нөлөөлдөг. Иргэдэд үзүүлэх нөлөө нь Оросын эрх баригчдад улс төрийн дарамт бий болгодог бол үүнийг бууруулахын тулд Москва агаарын хамгаалалтын систем зэрэг нөөцөө өөр чиглэлд хуваарилах шаардлагатай болж байна. Ингэснээр фронтын ойролцоо ашиглагдах байсан хүч хэрэгслийг ар талын хамгаалалтад татах нөхцөл үүсэж, Украины цэргийн ажиллагаанд давуу тал бий болгож болох юм.
Энэ нь Украины өмнө “Шахед” дрон анх гарч ирэх үед тулгарч байсан асуудалтай төстэй. Тухайн үед агаарын довтолгооноос хамгаалах системийг цэргээ хамгаалахад ашиглах уу, эсвэл энгийн иргэдийг хамгаалахад ашиглах уу гэсэн сонголт гарч байсан.
Хоёр дахь хүчин зүйл бол Крым Оросын Украины эсрэг явуулж буй дайны улс төрийн төв болсон явдал юм. Крымийн иргэдийг хангах боломж хязгаарлагдах, хүмүүс тус бүс нутгийг орхиж буй дүр зураг гарах нь улс төрийн тодорхой дарамт үүсгэж байна.
Гэхдээ Оросын удирдлага ийм төрлийн зардлыг өмнө нь Курск, Белгород зэрэг бусад бүс нутагт хүлээн авахад бэлэн гэдгээ харуулсан. Тиймээс эдгээр хоёр хүчин зүйлээс шууд бус цэргийн нөлөө нь илүү чухал үүрэгтэй гэж би үзэж байна.
DW: Крымийн энгийн иргэдийн тухайд асууя. Украин Крымийн эрчим хүчний системд цохилт өгч, иргэдийн цахилгаан хангамжид хүртэл нөлөөлж байна. Энэ нь олон улсын эрх зүйг зөрчиж байна уу?
Сидхарт Каушал: -Заавал тийм гэж хэлэх боломжгүй. Цахилгаан станц зэрэг эрчим хүчний байгууламжид хийсэн халдлага нь автоматаар олон улсын эрх зүйг зөрчсөн гэсэн үг биш. Учир нь, ийм байгууламжууд дайны ажиллагаанд шаардлагатай нөөцийн эх үүсвэр болж чаддаг.
Ийм ажиллагаа нь харьцааны зарчмаар хязгаарлагддаг. Өөрөөр хэлбэл, цэргийн үр ашиг нь энгийн иргэдэд учирч буй хохиролтой харьцуулахад зохистой байх ёстой. Мөн хамгийн чухал нь тухайн цохилтын зорилго юу байсан бэ гэдэг асуудал юм.
Хэрэв гол зорилго нь энгийн иргэдэд зориудаар хохирол учруулах байсан бөгөөд тухайн объектын цэргийн ач холбогдол маш бага байсан нь нотлогдвол олон улсын эрх зүйтэй зөрчилдөж болно.
Хэрэв тухайн объект цэргийн ач холбогдолтой бол. Крымийн хувьд ийм ач холбогдол тодорхой байгаа гэж би үзэж байна, зөвхөн цахилгаан станцад цохилт өгсөн гэдэг нь дангаараа дайны гэмт хэрэг гэж үзэх үндэслэл болохгүй.
DW: Та харьцааны зарчмын талаар ярилаа. Үүнийг хэрхэн тодорхойлдог вэ?
Сидхарт Каушал: -Энэ бол олон улсын эрх зүйн томоохон тодорхойгүй асуудлын нэг. Цэргийн объектын үнэ цэн болон учруулсан хохирлын харьцааг хэрхэн тогтоох талаар улс орнуудын дунд бүрэн нэгдсэн ойлголт байдаггүй. Гэхдээ өмнөх дайнуудын туршлага, олон улсын практикт тулгуурласан тодорхой ойлголтууд бий.
Крымийн дэд бүтэц Оросын өргөн хүрээний цэргийн ажиллагаанд ямар чухал үүрэгтэйг авч үзвэл эдгээр объектуудыг цэргийн хууль ёсны бай гэж үзэх үндэслэл бий. Өөрөөр хэлбэл, тухайн объектын цэргийн үнэ цэн энгийн иргэдэд учирч буй хохиролтой харьцуулахад зохистой гэж тайлбарлаж болно.
DW: Украин Хар болон Азовын тэнгист иргэний ачаа тээврийн хөлөг онгоцуудад цохилт өгч байгаа талаар юу хэлэх вэ? Энэ нь олон улсын эрх зүйд нийцэж байна уу?
Сидхарт Каушал: -Энд давхар зориулалттай хөлөг онгоцны асуудал гарч ирж байна. Украины тал эдгээр хөлөг онгоцууд Крым рүү түлш зэрэг цэргийн зориулалттай ачаа тээвэрлэж, Оросын дайны ажиллагааг дэмжиж байна гэж тайлбарлах байх.
Харин Оросын тал эдгээр нь голчлон энгийн иргэдийг хангах зориулалттай гэж мэдэгдэж болно. Тиймээс энэ асуудлын хууль эрх зүйн тал нь хоёр зүйл дээр төвлөрнө. Энэ нь тухайн хөлөг онгоц ямар зориулалтаар ашиглагдаж байсан, учруулсан хохирол нь тухайн цэргийн зорилготой хэр нийцэж байсан бэ гэдэг асуудал. Энэ бол эрх зүйн хувьд “саарал бүс” гэж хэлж болох асуудал.
Гэхдээ дайсны цэргийн ажиллагааг дэмжиж буй хөлөг онгоцыг саатуулах нь өөрөө гэмт хэрэг биш. Харин тухайн хөлөг онгоц үндсэндээ иргэний зориулалттай байсан гэдгийг нотлох шаардлагатай.
DW: Орос Украин руу чиглэсэн иргэний ачаа тээврийн хөлөг онгоцуудад халдлагаа нэмэгдүүлж байна. Үүнийг хариу арга хэмжээ гэж тайлбарлаж болох уу? Энэ нь олон улсын эрх зүйд нийцэх үү?
Сидхарт Каушал: -Нэг талаас далайн бүслэлт нь өөрөө олон улсын эрх зүйг заавал зөрчдөггүй. Гэхдээ олон улсын заншлын эрх зүйн дагуу бүслэлт хүчин төгөлдөр байхын тулд тодорхой нөхцөл шаарддаг. Тухайлбал, тухайн бүслэлтийг хэрэгжүүлэх бодит боломжтой байх ёстой. Өөрөөр хэлбэл, зөрчиж буй байж болзошгүй хөлөг онгоцуудыг зогсоох, шалгах боломжтой байх шаардлагатай.
Оросын хувьд Хар тэнгисийн баруун хойд хэсэгт ийм ажиллагаа явуулах нь өөрийн хөлөг онгоцуудад нь өндөр эрсдэлтэй. Тиймээс зөвхөн тодорхой боомт руу явж буй хөлөг онгоцуудыг пуужингаар буудах хэлбэрийн бүслэлт нь олон улсын эрх зүйтэй зөрчилдөх магадлал өндөр. Гэхдээ мэдээж Орос яг ийм ажиллагаа явуулж байгааг нотлох шаардлагатай.
DW: Эдгээр халдлагын улмаас далайчид амь насаа алдаж байна. Хариуцлагыг хэн хүлээх вэ?
Сидхарт Каушал: -Энэ бол маш сонирхолтой асуудал. Дэлхийн далайн тээврийн салбар маш олон улсын шинжтэй, асар том бөгөөд ихэнхдээ хувийн хэвшилд хамаардаг. Цөөн хэдхэн улс л томоохон худалдааны флоттой.
Хөлөг онгоцыг эзэмшдэг болон удирддаг компаниуд багийн гишүүдийн аюулгүй байдлын үндсэн хариуцлагыг хүлээнэ. Мөн ийм асуудал ихэвчлэн далайчдын харъяалагддаг улс орнуудад маргаан дагуулдаг.
Үнэндээ далайн тээврийг тухайн бүс нутгаас холдуулахын тулд олон тооны халдлага шаардлагагүй. Учир нь, даатгалын асуудал, дайны эрсдэлийн нэмэлт төлбөр, хүний амь насны эрсдэл зэрэг хүчин зүйлс компаниудын шийдвэрт хүчтэй нөлөөлдөг.
DW: Украины Хар тэнгисийн боомтуудаар дамжих олон улсын худалдаа бараг зогссон. Энэ нь Украины хувьд хэр ноцтой асуудал вэ?
Сидхарт Каушал: -Энэ бол маш том цохилт. Учир нь, Украины валютын орлого олох боломжийг хязгаарлаж байна. Мөн Украины бүтээгдэхүүнийг өөр замаар тээвэрлэх шаардлага үүснэ. Жишээлбэл, хуурай замын тээвэр ашиглах нь хөрш орнуудын улс төрийн асуудлаас шалтгаалан хүндрэлтэй байж болно. Учир нь, Украины хямд үнэтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь зарим хөрш орны фермерүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан.
Дунай мөрний Измаил, Рени зэрэг боомтууд тодорхой хэмжээгээр нөхөж чадна. Гэхдээ эдгээр нь Одесса зэрэг томоохон боомтуудыг бүрэн орлох хүчин чадалгүй. Хэрэв Орос Украины эдийн засагт системтэйгээр цохилт өгсөөр байвал эдгээр боомтууд ч мөн халдлагын бай болох эрсдэлтэй.
Тиймээс үр дагавар нь валютын орлого буурах, экспортын чиглэл өөрчлөгдөх, улс төрийн дарамт нэмэгдэх зэрэг олон талын нөлөөтэй байна. Украины эдийн засаг Европын холбооны түншүүдийн дэмжлэгээс тодорхой хэмжээгээр хамааралтай байгаа нь энэ цохилтыг хэсэгчлэн зөөлрүүлж чадна. Гэсэн хэдий ч нийт үр дагавар нь маш ноцтой хэвээр байх болно.
Эх сурвалж: DW