ТАСС агентлаг Москвагийн Психоанализын хүрээлэнгийн хэвлэлийн албатай холбогдож, интернэт орчин дахь хуурамч оношийн асуудал хэр ноцтой байгаа, нийгмийн сүлжээ ашиглах үедээ сэтгэлзүйгээ хэрхэн хамгаалах, мөн энэ үзэгдэл мэргэжлийн сэтгэлзүйчдийн нийгэмлэгт хэрхэн нөлөөлж байгаа талаар тодруулжээ.

Сүүлийн жилүүдэд Оросын сэтгэлзүйн үйлчилгээний зах зээл эрчимтэй өсжээ. 2020-2024 онд сэтгэлзүйчид хандах хүмүүсийн тоо 15.6 саяас 19.6 сая болж, 26%-иар нэмэгдсэн байна. Харин салбарын нийт орлого 83.4 тэрбум рублиас 156.6 тэрбум рубль болж, бараг хоёр дахин өссөн гэж "BusinesStat" мэдээлжээ.

Энэ өсөлтөд нийгмийн сүлжээ, блогчид гол үүрэг гүйцэтгэсэн байна. Ялангуяа 35-аас доош насныхан сэтгэлзүйн сэдэвтэй анх сошиал орчноор дамжин танилцдаг болжээ. Гэвч дижитал орчин нь сэтгэлзүйн боловсролын эх үүсвэр болохын зэрэгцээ хуурамч сэтгэлзүйн зөвлөгөө, хуурмаг-оношийн гол талбар болж байгаа аж.

“Сэтгэлзүйн фастфуд” гэж юу вэ?

Москвагийн Психоанализын хүрээлэнгийн тайлбарласнаар, “Сэтгэлзүйн фастфуд” гэдэг нь хүний асуудалд маш хурдан, хялбаршуулсан хариулт өгдөг богино мэдээлэл аж. Жишээ нь: “Танд депресс байна”,  “Таны хүүхэд ADHD-тэй”, “Таны хамтрагч нарцисс”, “Та хортой харилцаанд байна” гэх мэт шууд дүгнэлтүүд.

Жинхэнэ сэтгэлзүйн тусламж гэдэг нь хүнийг гүнзгий судалж, тухайн хүний өөрийн түүх, туршлага дээр тулгуурлан асуудлыг ойлгох үйл явц юм. Харин сошиалын богино контент бэлэн шошго өгдөг, нарийн шинжилгээ шаарддаггүй, мэргэжлийн харилцааг орлодог.

Сошиал дахь “өөрийгөө оношлох” үзэгдэл

Мэргэжилтнүүдийн хэлснээр, хүмүүс сошиалаас хамгийн ихээр дараах “онош”-уудыг өөртөө тавьдаг байна. Үүнд  депресс, ADHD, PTSD (сэтгэлзүйн гэмтлийн дараах эмгэг), түгшүүрийн эмгэг, “интроверт” гэх тодорхойлолт, “нарцисс”, “хортой хүн”, “хам хамааралтай хүн”.

Гэвч мэргэжилтнүүд сануулж байна: Түр зуурын муу сэтгэл санаа бол депресс биш. Жинхэнэ депресс ихэвчлэн дор хаяж хоёр долоо хоног үргэлжилсэн, амьдралын сонирхол буурсан, нойр, хооллолт, бэлгийн дур хүсэл өөрчлөгдсөн зэрэг шинжүүдтэй байдаг аж.

Өөрийгөө оношлохын 5 аюул

Жинхэнэ өвчнийг анзаарахгүй өнгөрөөх

Хүн “зүгээр л түгшүүр байна” гэж бодсон ч илүү ноцтой асуудал байж болно.

Мэргэжлийн тусламж авах хугацаа алдах

Хүмүүс олон сар сошиал зөвлөгөөгөөр өөрийгөө “эмчлэх” гэж оролддог.

Шинж тэмдэг дордох

“Зүгээр л эерэг бай”, “инээмсэглэ” гэх хялбар зөвлөгөө нь хүнийг улам буруутай мэт мэдрүүлж болно.

Дахин сэтгэлзүйн гэмтэл авах

Хүнд сэдэвтэй контент үзэх нь өмнөх шархыг сэдрээж болно.

Оношоо өөрийн үнэмлэх мэт хүлээж авах

Жишээ нь: “Би депресстэй учраас ажиллаж чадахгүй” гэх мэт өөрийгөө хязгаарлах хандлага бий болдог. Хамгийн эмзэг бүлэг: залуус ба эмэгтэйчүүд

Судалгаагаар 24 хүртэлх насны залуус хамгийн эмзэг бүлэг гэж үзжээ. Учир нь, зан төлөв, өөрийн дүр төрх бүрэлдэж байгаа үе, тренд дагах хандлага өндөр, сошиалын “цуурай танхим”-д амархан автдаг.

18-30 насныхны бараг тал хувь сэтгэлзүйн контент тогтмол үздэг бөгөөд 30-40% нь сошиалд үндэслэн өөртөө онош тавьж үзсэн байна. Эмэгтэйчүүд ч мөн эрсдэлтэй бүлэгт ордог. Учир нь, өөрийгөө хөгжүүлэх,
харилцааны асуудал, сэтгэлзүйн зөвлөгөө гэсэн сэдвүүдэд илүү их анхаарал хандуулдаг тул псевдо-сэтгэлзүйчдийн маркетингийн бай болдог аж.

Хуурамч сэтгэлзүйчид мэргэжлийн салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?

Сошиал дахь хэт олон “мэргэжилтэн” хүмүүсийн итгэлийг бууруулж байна. Судалгаагаар 26.7% нь сошиалын сэтгэлзүйн контент үзсэний дараа мэргэжлийн хүн дээр очих шаардлагагүй гэж боддог. Хүн амын ердөө 15% нь сэтгэлзүйчдэд бүрэн итгэдэг. Мөн олон хүн эхний уулзалтаасаа хурдан үр дүн хүлээдэг. Гэвч сэтгэлзүйн эмчилгээ бол: “Шидэт эм биш”.

Хүний асуудал ихэвчлэн амьдралын харилцааны туршлагаас үүсдэг бөгөөд шийдэл нь мөн итгэлцсэн харилцааны явцад бий болдог.

Сэтгэлзүйн салбарт стандарт хэрэгтэй юу?

Мэргэжилтнүүд мэргэжлийн стандарт, лицензжүүлэлт, мэргэжлийн холбоод, ёс зүйн хяналт чухал гэж үзэж байна. Гэхдээ хэт хатуу зохицуулалт хийвэл мэргэжлийн тусламж авах боломж хязгаарлагдаж магадгүйг анхааруулжээ.

Тиймээс зөв шийдэл нь: академик боловсрол, практик туршлагатай мэргэжилтнүүд, мэргэжлийн холбоод, супервиз (мэргэжлийн хяналт, зөвлөгөө) зэрэг олон хүчин зүйлийг хослуулах явдал гэж үзэж байна.

Хуурамч сэтгэлзүйгээс хэрхэн хамгаалах вэ?

Мэргэжилтнүүд дараах зүйлсийг анхаарахыг зөвлөжээ:

✅ Сэтгэлзүйчийн боловсрол, мэргэжлийн эрхийг шалгах
✅ “3 хоногт амьдралаа өөрчилнө” гэх амлалтад болгоомжтой хандах
✅ Онош тавихдаа хэт яардаг хүмүүсээс зайлсхийх
✅ Шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл сонгох

Судалгаагаар хүмүүсийн 60.81% нь сэтгэлзүйн контент дээр “Энэ нь онош биш” гэсэн анхааруулга байхыг дэмжсэн байна.

Эх сурвалж: TASS