УИХ-ын гишүүн асан Н.Гүндалайтай Монгол Улсын өнөөгийн байдал, улс төр, эдийн засаг,
өмч хувьчлал, иргэдийн амьдрал, хөгжлийн гарцын талаар ярилцлаа.
-Монгол Улс сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд иргэдийн амьжиргааг жигд дээшлүүлж чадсангүй. Таны бодлоор өнөөдөр энэ бүхний хариуцлагыг хэнээс нэхэх нь зүйтэй вэ?
-Үүнийг тухайн үед төр, засгийг хэн удирдаж байснаар нь л үнэлэх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд ойролцоогоор 70-80 хувьд нь Монгол ардын нам, 20-30 хувьд нь Ардчилсан нам эрх барьсан байна.
Гэхдээ асуудлыг зөвхөн УИХ-ын 76, одоо бол 126 гишүүнтэй холбож ойлгож болохгүй. Иргэд "гишүүд улс орныг хөгжүүлэх ёстой" гэж ярьдаг ч бодит байдал дээр улсын хөгжлийн бодлого, томоохон шийдвэрийг ялсан намын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар тодорхойлдог.
Төрийн бодлогыг хэрэгжүүлэх хамгийн том эрх мэдэл тэдэнд байдаг. Тиймээс өнөөдрийн эдийн засгийн хүндрэл, хөгжлийн алдаа, иргэдийн амьдралд тулгарч байгаа олон асуудлын хариуцлагыг тухайн үеийн төрийн дээд удирдлагууд хүлээх ёстой гэж би үздэг.
-“Өмч хувьчлал” нэрийн дор Монголын ард иргэдийн нийтлэг өмч цөөн хүний гарт төвлөрсөн гэх шүүмжлэл байдаг. Та энэ асуудлын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Миний бодлоор анхнаасаа хөгжлийн бодлого буруу тавигдсан. Өмч хувьчлал өөрөө буруу биш. Харин юуг хувьчлах, юуг төрийн мэдэлд үлдээх вэ гэдэг дээр маш том алдаа гарсан. Стратегийн ач холбогдолтой үйлдвэрүүдийг төрийн мэдэлд үлдээх ёстой байсан. Ард иргэдэд очих боломжтой өмчийг шударгаар хувьчлах хэрэгтэй байлаа.
Харамсалтай нь, хувьчлал нэрийн дор хамгийн үнэ цэнтэй үйлдвэрүүдийг цөөн хүн өөрийн болгосон. Жишээлбэл, спиртийн үйлдвэр, ноос, ноолуурын үйлдвэрүүд зэрэг ашигтай ажиллах боломжтой олон үйлдвэр хувьчлагдсан. Социализмын үед байгуулсан үйлдвэрүүдийг зориуд үнэгүйдүүлж, ашиггүй мэт харагдуулсны дараа маш хямд үнээр хувьчилсан.
Харин Вьетнам зэрэг орнууд өмч хувьчлалаа илүү ухаалгаар хийж, стратегийн салбаруудаа төрийн мэдэлд хадгалж чадсан. Тиймээс өнөөдөр эдийн засгийн хувьд илүү тогтвортой хөгжиж байна.
-Улаанбаатарын түгжрэл, төлөвлөлтийн асуудал биднийг багагүй бухимдуулдаг. Олон улсын зарим байгууллага 2040 он хүртэл автомашины түгжрэл буурахгүй гэсэн судалгаа гаргасан байдаг юм билээ. Яах ёстой юм бол?
-Энэ бол ганц хотын даргын асуудал биш. 30 гаруй жилийн турш газар олголтыг замбараагүй явуулж, төлөвлөлтгүйгээр өндөр барилгууд барьсан. Авто зогсоолгүй, өргөн замгүй, сургууль, цэцэрлэггүй хорооллууд бий болгосон. Ийм нөхцөл байдал үүсэх нь олон жилийн өмнөөс тодорхой байсан. Үүнийг Ерөнхий сайд ч зогсоож болох байсан, Ерөнхийлөгч ч анхаарах боломжтой байсан. Шаардлагатай бол УИХ хууль, тогтоол гаргах бүрэн боломжтой байсан.
Гэтэл үе үеийн төрийн удирдлагууд энэ асуудалд хангалттай анхаарал хандуулаагүй. Өнөөдөр бүх бурууг зөвхөн хотын даргад тохох нь шударга биш. Хотын дарга ч гэсэн Засгийн газар, УИХ-ын бодлого, шийдвэрийн хүрээнд ажилладаг. Тиймээс энэ бол төрийн бүх шатны удирдлагын хамтын хариуцлага юм.
-Таны бодлоор Монгол Улс энэ нөхцөл байдлаас гарахын тулд хамгийн түрүүнд юуг өөрчлөх хэрэгтэй вэ?
-Миний бодлоор аливаа өөрчлөлтийг толгойноосоо эхлэх хэрэгтэй. Улс орны хөгжлийг нэг айлын амьдралтай адилхан гэж ойлгож болно. Юуны өмнө мөнгөө зөв олдог байх хэрэгтэй. Олсон мөнгөө зөв зарцуулдаг байх хэрэгтэй.
Хамгийн гол нь, төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд биш, иргэдийн амьдралд хэрэгтэй салбаруудад зориулж чаддаг байх ёстой. Энэ бол маш энгийн зарчим. Хэдэн зуун хууль, онол ярьснаас илүү төсвөө зөв удирдах нь чухал. Учир нь, мөнгөгүй бол ямар ч сайн бодлого хэрэгжихгүй.
-МОНГОЛ УЛС ӨӨРИЙН ЭДИЙН ЗАСАГ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРЧИМ ХҮЧ ЗЭРЭГ ҮНДСЭН АСУУДЛАА ДОТООДДОО ШИЙДЭХ БОДЛОГО БАРИМТЛАХ ЦАГ БОЛСОН-
-Дэлхийн улс төр, дайны нөхцөл байдал Монгол Улсад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Бид энэ дунд яаж "хөл алдахгүй" байж болох вэ?
-Сүүлийн жилүүдэд дэлхийн нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Украины дайн, Газын мөргөлдөөн, АНУ-ын гадаад бодлогын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс болж олон улсын харилцаа өмнөхөөсөө өөр болсон. Ийм үед Монгол Улс бусдад найдахаас илүү өөрийн хөгжлийн зөв гарцыг олох шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, өөрийн эдийн засаг, үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, эрчим хүч зэрэг үндсэн асуудлаа дотооддоо шийдэх бодлого баримтлах цаг болсон гэж бодож байна.
-Иргэдийн дунд УИХ-ын 126 гишүүний тоо, парламентын бүтэцтэй холбоотой шүүмжлэл их байна. Тоо нэмэгдээд, чанар өөрчлөгдсөн гэж хэлэхэд бас учир дутагдалтай юм. Та санал нийлэх үү?
-126 гишүүнтэй болсон нь өөрөө хөгжлийн баталгаа биш. Хэдэн гишүүнтэй байх нь гол асуудал биш, харин тэр хүмүүс ямар чанартай бодлого гаргаж байна вэ гэдэг хамгийн чухал. Өмнө нь 76 гишүүнтэй байх үед ч Монгол Улс хөгжих боломж байсан. Харин асуудал нь тоондоо биш, төрийн тогтолцоо, хариуцлагын тогтолцоонд байна.
Парламентын гишүүд хууль батлах, төрийн бодлогыг хэлэлцэх үүрэгтэй. Гэхдээ улс орны урт хугацааны хөгжлийн чиглэлийг Засгийн газар, Ерөнхий сайд, эрх баригч намын бодлого тодорхойлдог. Тиймээс гишүүдийн тоог нэмэхээс илүү сонгогдсон хүмүүсийн мэдлэг, туршлага, эх орныхоо төлөө ажиллах хандлага чухал.
Хэрэв төрийн бодлого зөв байвал цөөн хүнтэй парламент ч үр дүнтэй ажиллаж чадна. Харин бодлого буруу байвал олон хүнтэй парламент ч асуудлыг шийдэж чадахгүй.
-Авлига, хүнд суртал Монгол Улсын хөгжлийн хамгийн том саад болж буй. Төрийн тогтолцоонд үүссэн энэ асуудлыг хэрхэн шийдэх ёстой гэж та боддог вэ?
-Санал нийлнэ. Авлига бол зөвхөн мөнгө завшсан асуудал биш. Энэ бол улсын хөгжлийг удаашруулдаг хамгийн том хүчин зүйлүүдийн нэг. Авлига байгаа газар шударга өрсөлдөөн алдагдана. Хөдөлмөрлөж, зөв бизнес хийх гэж байгаа хүмүүсийн боломж багасна. Харин танил тал, эрх мэдэлтэй хүмүүс давуу байдал олж авдаг.
Төрийн байгууллага иргэдэд үйлчлэх ёстой байтал зарим үед иргэд төрийн хаалгыг тогшиж, зөвшөөрөл авахын тулд олон шат дамжлага "давдаг" болсон. Хүнд суртал бол бас нэг төрлийн дарамт. Бизнес эрхлэх, үйлдвэрлэл явуулах, хөрөнгө оруулалт хийхэд төр саад болох биш, дэмждэг байх ёстой.
Авлигыг зөвхөн хууль гаргаад шийдэхгүй. Хариуцлагатай төр, ил тод тогтолцоо, шударга шүүхийн тогтолцоо хэрэгтэй. Хамгийн гол нь, төрийн албыг мэргэжлийн, тогтвортой болгох шаардлагатай.
-ЗАЛУУСЫНХАА ИТГЭЛИЙГ СЭРГЭЭХ БОДЛОГО ХАМГИЙН ЧУХАЛ-
-Монгол залуус гаднын орнууд руу явж, ажиллаж амьдрахыг илүүд үзэх болсон. Ид хөдөлмөрлөж бүтээх насан дээрээ хүний нутагт голдуу "боолын хөдөлмөр" эрхэлж байгааг бас буруутгах аргагүй ч юм шиг?
-Залуусыг буруутгах аргагүй. Хүн бүр өөрийнхөө болон гэр бүлийнхээ амьдралыг сайжруулахыг хүсдэг. Хэрэв эх орондоо хөдөлмөрлөсөн хүн амьдралаа дээшлүүлэх боломж бага байна гэж мэдэрвэл өөр боломж хайх нь ойлгомжтой. Гэхдээ энэ бол Монгол Улсын хувьд маш том анхаарах асуудал.
Бид залуусаа эх орондоо үлдээх орчин бүрдүүлэх ёстой. Үүнд зөвхөн өндөр цалин биш, тогтвортой ажлын байр, шударга нийгэм, ирээдүйдээ итгэх итгэл хэрэгтэй. Өнөөдөр олон залуу "Энд хичээгээд ч үр дүн гарахгүй юм байна" гэсэн бодолтой болж байгаа нь хамгийн аюултай. Улс орны хамгийн үнэт баялаг бол хүн. Тиймээс залуусынхаа итгэлийг сэргээх бодлого хамгийн чухал.
-Монгол Улсад дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар олон жил ярьж байгаа ч бодит үр дүн хангалтгүй байна. Үүний шалтгаан юунд байна гэж хэлэх вэ?
-Манай улс уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засагтай болсон. Байгалийн баялагтай байх нь давуу тал боловч зөвхөн баялгаа зарж амьдрах нь урт хугацааны зөв зам биш. Бид өөрсдөө үйлдвэрлэдэг, боловсруулдаг улс болох хэрэгтэй.
Малын гаралтай түүхий эдээ экспортлоод, буцаагаад өндөр үнээр бэлэн бүтээгдэхүүн авч байгаа нь эдийн засгийн хувьд ашиггүй. Монголд ноос, ноолуур, арьс шир, хүнс, хөдөө аж ахуй зэрэг салбарт дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх бүрэн боломж бий.
Гэхдээ үйлдвэр барих хүмүүсийг татвар, зээл, бодлогоор дэмжих хэрэгтэй. Төр өөрөө бизнес хийх биш, бизнес эрхлэх орчныг нь бүрдүүлэх ёстой.
-Та гадагшаа их явдаг, гадна, дотнын хөрөнгө оруулагчидтай байнга холбоотой байдаг байх. Тэдэнд тулгамдаж буй хамгийн том асуудал юу байна вэ?
-Хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд тогтвортой байдлыг хардаг. Хууль нь өнөөдөр нэг өөр, маргааш өөр болдог улс оронд хэн ч урт хугацааны хөрөнгө оруулалт хийхээс болгоомжилно. Монгол Улсад боломж маш их бий. Бид байгалийн баялагтай, залуу хүн амтай, стратегийн байрлалтай. Гэхдээ зөвхөн боломж хангалтгүй. Итгэлцэл хэрэгтэй.
Төрийн бодлого тогтвортой, шүүхийн орчин шударга, дүрэм журам ойлгомжтой байж байж хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалт гэдэг бол зөвхөн гаднаас мөнгө оруулах асуудал биш. Энэ бол ажлын байр, шинэ технологи, мэдлэг, хөгжил дагуулдаг зүйл.
-МИНИЙ ХҮСДЭГ МОНГОЛ БОЛ ИРГЭД НЬ ЭХ ОРОНДОО ИТГЭЛТЭЙ АМЬДАРДАГ УЛС-
-Монголчууд хорт хавдрын өвлчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Бодлого сулаас ийм нөхцөл байдалд хүрэв үү? Улсын эрүүл мэндийн бодлогын талаар та ямар байр суурьтай байдаг вэ?
-Эрүүл мэнд бол төрийн хамгийн чухал үүргүүдийн нэг. Хүн эрүүл байж л ажиллана, амьдралаа авч явна, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна. Тиймээс эрүүл мэндийг зөвхөн эмнэлэг барих асуудал гэж ойлгож болохгүй.
Хамгийн түрүүнд урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Өнөөдөр бид өвдсөний дараа эмнэлэгт очдог тогтолцоотой байна. Харин дэлхийн хөгжсөн орнууд өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд илүү их анхаардаг.
Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх шаардлагатай. Хүний эрүүл мэндийг хамгаалж байгаа хүмүүс өөрсдөө тогтвортой, баталгаатай нөхцөлд ажиллах ёстой. Эрүүл мэндийн салбарт зөвхөн төсөв нэмэхээс гадна тэр мөнгийг үр ашигтай зарцуулах, хариуцлагатай удирдах асуудал чухал.
-Залуусын амьдралд хамгийн их дарамт болж байгаа асуудлын нэг нь орон сууцны үнэ, амьдрах орчин байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх ёстой гэж та үздэг вэ?
-Өнөөдөр олон залуу гэр бүл байртай болохын тулд олон жил зээл төлж байна. Зарим нь амьдралынхаа ихэнх хугацааг өр төлөхөд зориулж байна. Төрийн бодлого зөвхөн барилга барихад биш, иргэдийн орлоготой уялдах ёстой.
Хэрэв цалин өсөхгүй, эдийн засгийн боломж нэмэгдэхгүй байхад байрны үнэ өсөөд байвал асуудал шийдэгдэхгүй. Мөн хот төлөвлөлтийн асуудал маш чухал. Орон сууц барихдаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам, нийтийн тээврийг хамтад нь төлөвлөх ёстой.
Өнөөдөр бид заримдаа зөвхөн хэдэн давхар барилга барьж байгаа мэт ойлгодог. Гэтэл үнэндээ хүн амьдрах бүхэл бүтэн орчныг бий болгож байгаа хэрэг.
-Та түрүүн төрийн бодлого, төсвийн зөв зарцуулалтын талаар ярьсан. Нийгмийн салбарт хөрөнгө оруулалтыг хэрхэн зөв хийх ёстой вэ?
-Төрийн хамгийн том зорилго бол иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх. Зам, барилга хэрэгтэй. Гэхдээ хүний хөгжил түүнээс ч илүү чухал. Боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл, ажлын байр бий болгох салбарт зарцуулсан хөрөнгө хамгийн их өгөөжтэй байдаг.
Харамсалтай нь, зарим үед богино хугацаанд харагдах төслүүдийг илүү чухалчилж, урт хугацааны хөгжлийн суурь болсон салбарууд орхигдож байна. Төр өнөөдөр хийсэн ажлаараа биш, 10-20 жилийн дараах үр дүнгээрээ үнэлэгдэх ёстой.
-Таны хувьд гэр бүл, хувийн амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Хүн төрийн ажил хийж байна уу, хувийн бизнес эрхэлж байна уу гэдгээс үл хамааран хамгийн чухал зүйл бол гэр бүл хүний үнэт зүйл гэж боддог. Амжилт гэдэг зөвхөн албан тушаал, хөрөнгө мөнгөөр хэмжигдэхгүй.
Хүн ар гэртээ зөв харилцаатай, үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлж, нийгэмдээ хэрэгтэй хүн байж чадвал тэр өөрөө хамгийн том амжилт. Төрийн ажил бол хариуцлага. Харин гэр бүл бол хүний түшиг. Энэ хоёрын тэнцвэрийг хадгалах нь чухал.
-Та ирээдүйн Монгол Улс ямар байгаасай гэж хүсдэг вэ?
-Миний хүсдэг Монгол бол иргэд нь эх орондоо итгэлтэй амьдардаг улс. Залуус нь гадаад руу явахыг зөвхөн амьдралаа сайжруулах цорын ганц гарц гэж харахгүй, эндээ хөдөлмөрлөж, амжилтад хүрэх боломжтой байх ёстой. Үүний тулд зөв бодлого, зөв удирдлага, шударга тогтолцоо хэрэгтэй.
Монгол Улсад боломж бий. Бидэнд газар нутаг, байгалийн баялаг, хөдөлмөрч ард түмэн байна. Хамгийн гол нь зөв шийдвэр гаргаж, урт хугацааны зорилготой ажиллах хэрэгтэй. Улсыг зөв хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд зөв бодлого, зөв удирдлага хэрэгтэй.
-Танд баярлалаа. Амжилт хүсье!
-Баярлалаа.