Германд хүүхэд, өсвөр үеийнхнийг нийгмийн сүлжээний сөрөг нөлөөллөөс хамгаалах асуудал улам бүр хурцаар тавигдаж байна. Улс төрчид болон шинжээчид цахим орчны хэрэглээнд насны хязгаар тогтоох, платформуудын хариуцлагыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж эхэлжээ.
Өдгөө 18 настай Лени хоёр жилийн өмнө ухаалаг утас, цахим сүлжээнд хэт их цаг зарцуулж буйгаа өөрөө анзаарсан байна. Тэрбээр эцэг, эхтэйгээ ярилцахгүй, өрөөнөөсөө гарах нь багасаж, зарим амралтын өдрүүдэд бараг огт гардаггүй байжээ. Зарим үед TikTok болон YouTube үзэхэд өдөрт 10 хүртэл цаг зарцуулдаг байснаа ярьсан байна. Харин одоо тэрбээр хэрэглээгээ хянаж сурчээ.
Лени “Би хичээлдээ анхаарал бага хандуулж, өмнө нь сургуульдаа илүү их цаг зарцуулдаг байснаа ойлгосон. Тиймээс дэлгэцийн өмнө өнгөрүүлэх цагаа хянаж, утсаа ойр ойрхон тавьдаг болсон. Найзуудтайгаа хийх төлөвлөгөөгөө зөвхөн утас оролдохын тулд цуцлахаа больсон. Одоо би өдөрт дунджаар таван цаг орчим дэлгэц ашигладаг” гэж ярьжээ.
Германы өсвөр үеийнхний олонх ижил асуудалтай байна
Ленийн түүх Германы өсвөр үеийнхний олонхийн бодит байдлыг илэрхийлж байж болохыг судлаачид хэлж буй аж.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын судалгаагаар Германд 15 настай охид, хөвгүүд компьютер болон ухаалаг утасны дэлгэцийн өмнө долоо хоногт дунджаар 48 цаг, буюу өдөрт ойролцоогоор 7 цаг өнгөрөөдөг байна. Олон улсын харьцуулалтаар Герман улс 36 орноос тавдугаарт бичигджээ.
Германы DAK эрүүл мэндийн даатгалын байгууллагын судалгаагаар, тус улсад 1.5 сая орчим залууст нийгмийн сүлжээний хэрэглээ бодит асуудал болж, тэдний 350 мянга орчим нь цахим орчны хамааралтай гэж үзэж байгаа аж.
Нийгмийн сүлжээг хориглох санал гарч байна
Өсвөр үеийнхний нийгмийн сүлжээ ашиглалтыг хязгаарлах тухай санал Германд өмнө нь ч гарч байсан. Энэ асуудлыг шийдэхэд Австралийн туршлага анхаарлын төвд байгаа аж. Тус улс хагас жилийн өмнө 16-гаас доош насны хүүхэд, өсвөр үеийнхэнд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглосон дэлхийн анхны улс болсон билээ.
Лени ийм санааг ерөнхийд нь дэмждэг байна. Тэр “Энэ нь хүүхэд, өсвөр үеийнхнийг тодорхой хэмжээнд илүү хамгаалж чадна гэж бодож байна. Би өөрөө TikTok, Instagram, YouTube дээр зохицуулалтгүй, зохисгүй зүйлс их гардагийг анзаардаг” гэж хэлжээ.
Платформууд илүү хариуцлага хүлээх ёстой юу?
Германы “Цахим ертөнц дэх хүүхэд, залуучуудын хамгаалал” нэртэй хараат бус шинжээчдийн комиссын санал олон нийтийн анхаарлыг татжээ.
Комиссын хамтарсан дарга Надин Шён “Бид цахим мэдээллийн хэрэгслүүд ардчилсан яриа хэлэлцүүлэгт нөлөөлж, хүүхэд залуусын хөгжилд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгааг харж байна. Хүүхдүүдийн дэлгэцийн өмнө өнгөрүүлэх хугацаа нэмэгдэж, зарим нь бүр хамааралтай болж байна. Тиймээс платформуудыг илүү их хариуцлага хүлээдэг болгох хэрэгтэй" гэжээ.
Комиссоос нийт 56 зөвлөмж гаргасан бөгөөд хамгийн чухал санал нь
- нийгмийн сүлжээний платформууд насанд хүрээгүй хэрэглэгчдэд зориулсан аюулгүй тохиргоог анхнаас нь нэвтрүүлэх;
- насанд тохирсон контент санал болгох;
- зохисгүй агуулгыг мэдээлэх энгийн, ойлгомжтой систем бий болгох;
- эцэг эхийн цахим боловсролын үүргийг хуульд тусгах зэрэг аж.
Сургуулиудад гар утас хэрэглэхийг хязгаарлах санал
Шинжээчдийн комисс мөн долдугаар анги хүртэлх сурагчдын сургууль дээр гар утас ашиглахыг улсын хэмжээнд хориглох санал гаргасан байна. ХБНГУ-ын Боловсролын сайд Карин Прин “Өсвөр насныхны нийгмийн сүлжээг бие даан ашиглах насыг хуулиар 13-аар тогтоох санал бол зөв чиглэл гэж үзэж байна” гэжээ.
Тэрбээр мөн нас шалгах үр дүнтэй систем бий болгох, 18 хүртэлх насны хэрэглэгчдэд олон шатлалт хамгаалалт хэрэгтэйг онцолсон байна. Европын холбоо ч насны хязгаар тогтоох асуудлыг хэлэлцэж буй аж.
Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен долдугаар сарын 13-нд Европын холбооны шинжээчдийн тайланг танилцуулжээ. Тус тайланд:
- 13-аас доош насны хүүхдийг эцэг эхийн хяналтгүйгээр нийгмийн сүлжээ ашиглахыг хязгаарлах;
- ахлах насны өсвөр үеийнхнийг донтуулдаг контент, хүчирхийлэл, үзэн ядалтын хэллэгээс хамгаалах арга хэмжээ авах саналууд багтсан байна.
Эцэг эх, хүүхдүүдийн хоорондын ойлголцлын асуудал

Флориан Бушманн мөн 13-аас доош насны хүүхдэд цахим хэрэглээний хатуу хязгаарлалт хэрэгтэй гэж үздэг. Тэр өөрөө өсвөр насандаа компьютер тоглоомд хэт автсан, онлайн буудалцаант тоглоом тоглоход өдөрт 16 цаг хүртэл зарцуулдаг байжээ. Тэр “Би тэр үед виртуал ертөнцийн хоригдол болсон байсан” гэж дурссан байна.
Хожим нь Румынд болсон сурагчдын солилцооны үеэр байгальд цаг өнгөрөөж, шинэ хүмүүстэй харилцсанаар цахим хамаарлаасаа гарах хэрэгтэйгээ ойлгожээ.
Тэрбээр хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан “Баяртай, Аватар” нэртэй гарын авлага бичиж, “Оффлайн баатрууд” төслийн хүрээнд Германы сургуулиудаар явж цахим хэрэглээний талаар сургалт хийдэг байна.
Бушманн “Олон эцэг эх энэ асуудалд хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцахаа мэддэггүй. Тэд зөвхөн төхөөрөмж болон хүүхдийн зан үйлд анхаардаг болохоос, цаана нь байгаа хэрэгцээ, хүнийг нь олж хардаггүй” гэжээ.
Цахим хамаарлын шинэ хэлбэрүүд нэмэгдэж байна
Кёльн хотын Mediensuchtprävention NRW байгууллагын захирал Андреас Паули хүүхэд, өсвөр үеийнхний цахим хамааралтай өдөр бүр ажилладаг байна. Түүний хэлснээр, сүүлийн үед хоёр шинэ асуудал нэмэгдэж байгаа аж. Үүнд порнографын хамаарал, хяналтгүй онлайн худалдан авалт, их хэмжээний өр үүсгэх явдал оржээ.
Тэрбээр “Зарим 17 настай хүүхэд аль хэдийн 10 мянган еврогийн өртэй болсон тохиолдол байна” гэж ярьжээ.
“Бодит ертөнцийг илүү сонирхолтой болгох хэрэгтэй”
Лени одоо энэ чиглэлээр ажилладаг байгууллагад сайн дурын ажилтан хийдэг байна. Паулийн хэлснээр, цахим хамааралтай хүүхдүүдтэй үе тэнгийнхэн нь илүү амархан ойлголцож чаддаг байна. Тэрбээр "Хүүхэд, өсвөр үеийнхэнд бодит амьдралын туршлага хуримтлуулах боломжийг нэмэгдүүлэх хэрэгтэй" гэж зөвлөжээ.
Паули “Бид жил бүр хүүхдүүдэд зориулж ‘Утасгүй дөрвөн өдөр’ зохион байгуулдаг. Үүний дараа тэд ‘Цахим хэрэгсэлгүй байх үнэхээр сайхан юм байна. Стресс багатай, хүмүүстэй дахин харилцаж эхэллээ’ гэж хэлдэг” гэж ярьсан байна.
Түүний хэлснээр, өнөөдөр хамгийн чухал зүйл бол “Өсвөр үеийнхэн виртуал ертөнц рүү зугтахгүй байхаар бодит амьдралыг нь илүү сонирхолтой, үнэ цэнтэй болгох явдал” аж.
Эх сурвалж: DW