АНУ болон Ираны хоорондын сөргөлдөөн энэ долоо хоногт дахин хурцдаж, өнгөрсөн сард байгуулсан гал зогсоох хэлэлцээр болон харилцан ойлголцлын санамж бичиг (MoU) эрсдэлд оров.
Хоёр талын ээлж дараалсан цохилт, хариу арга хэмжээний дараа бүс нутгийн нөхцөл байдал улам хурцдаж, дэлхийн эрчим хүчний зах зээлд ч тодорхойгүй байдал үүсээд байна.
АНУ-Ираны шинэ хурцадмал байдал даваа гарагт эхэлсэн байна. Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус (IRGC) Оманы эргийн ойролцоо гурван худалдааны хөлөг онгоц руу халджээ. Тэдгээрийн нэг нь Катарын шингэрүүлсэн байгалийн хий (LNG) тээвэрлэгч хөлөг байсан талаар мэдээлсэн байна.
Энэхүү үйл явдал нь бүс нутгийн далайн тээвэр, ялангуяа Хормузын хоолой орчмын аюулгүй байдлын асуудлыг хурцатгав.
Дараагийн өдөр нь АНУ Ираны цэргийн байршлуудад хариу цохилт өгсөн талаар мэдэгдэв. Үүний дараа Иран Персийн булан дахь АНУ-ын цэргийн баазууд руу пуужин, нисгэгчгүй онгоц ашиглан довтолсон байна. Ингэснээр хоёр улсын хооронд “цохилт-хариу цохилт”-ын мөчлөг дахин эхэлжээ.
Лхагва гараг: Трамп гал зогсоох хэлэлцээр дууссаныг мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа гал зогсоох тохиролцоо дууссан талаар мэдэгдсэн байна. Энэхүү мэдэгдэл нь олон улсын зах зээлд түгшүүр төрүүлж, газрын тосны үнэ өсөхөд нөлөөлжээ.
Хоёр талын харилцан цохилт үргэлжилсний дараа Ираны хувьсгалт гвардийн тэнгисийн хүчин Ормузын хоолойг цаашид мэдэгдэх хүртэл хаасан тухай мэдэгдсэн байна.
Ираны талын мэдээлснээр, зөвшөөрөлгүй чиглэлээр зорчиж байсан контейнер хөлөг онгоц руу цохилт өгсний дараа ийм шийдвэр гаргасан байна.
Хормузын хоолой: Мөргөлдөөний гол төв
АНУ-Ираны сөргөлдөөний хамгийн том маргаан дэлхийн эрчим хүчний хамгийн чухал далайн гарцуудын нэг болох Ормузын хоолойг хэн хянах вэ? гэсэн асуудал болж байна. АНУ болон Иран энэ асуудалд өөр өөр байр суурьтай байгаа бөгөөд Иран Ормузын хоолой дахь хөдөлгөөнийг хянах эрхтэй гэж үзэж байгаа бол АНУ олон улсын чөлөөт навигацийн зарчмыг хамгаалж буй аж.
АНУ-ын шинжээчдийн үзэж буйгаар, Иран энэ бүс нутагт өөрийн стратегийн нөлөөг нэмэгдүүлэхийг зорьж буй юм байна. Далайн стратегийн асуудлын судлаач Иан Ралби “Иран өмнө нь хэн ч хийж байгаагүй зүйл хийхийг оролдож байна. Тэд зөвшөөрлийн тогтолцоо төдийгүй төлбөр, хяналтын механизмыг хүчээр хэрэгжүүлэхийг зорьж байна” хэмээн тайлбарлажээ.
Түүний үзэж буйгаар, энэ байдал нь дэлхийн худалдаа, эрчим хүчний урсгалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.
Ираны өмнөд хэсэгт дэлбэрэлтүүд бүртгэгдэв
АНУ-ын шинэ цохилтын үеэр Ираны өмнөд хэсгийн хэд хэдэн мужид дэлбэрэлт болсон тухай мэдээллүүд гарчээ. Ираны төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Бушер мужид Бушер хот, Канган, Дейр, Асалуйе зэрэг газруудад дэлбэрэлт сонсогдсон байна.
Эдгээр бүс нутагт цэргийн объект, эдийн засгийн байгууламжууд бай болсон гэж мэдээлжээ. Бушер хот нь Ираны цөмийн эрчим хүчний станц байрладаг чухал бүс боловч одоогоор тус байгууламжид ямар нэгэн хохирол учирсан эсэх батлагдаагүй байна.
Ормузын хоолойг хянах стратегийн байрлалтай Жаск, Сирик хотууд мөн дэлбэрэлтэд өртсөн байна. Жаск хотод гэхэд л 10 гаруй дэлбэрэлт сонсогдсон гэж Ираны мэдээллийн агентлагууд мэдээлжээ.
Ираны өмнөд хэсгийн томоохон боомт болох Бандар Аббас, Чабахар орчимд мөн дэлбэрэлт болсон байна. Эдгээр боомтууд нь Ираны худалдаа, далайн тээврийн стратегийн чухал төвүүд аж.
Ираны агаарын довтолгооноос хамгаалах систем ажиллав
Ираны баруун өмнөд хэсгийн Бандар-е Махшахр хотод агаарын довтолгооноос хамгаалах систем идэвхжсэн гэж Ираны хагас албан ёсны мэдээллийн агентлаг мэдээлжээ. Гэвч тухайн бүс нутагт бодит цохилт болсон эсэх талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.
Ираны төрийн телевизийн мэдээлснээр Бушер мужид нийт 12 дэлбэрэлт сонсогдсон байна. Үүнд: Бандар-е Дейрт 5 дэлбэрэлт, Асалуйед 4 дэлбэрэлт, Бушер хотод 3 дэлбэрэлт бүртгэгдсэн гэжээ.
Мөн Бушер хотын Ришех дүүрэг дэх цэргийн хуаран болон Бандар-е Дейр дэх цэргийн пост халдлагад өртсөн гэж мэдээлсэн байна.
Хоёр талын хэлэлцээр эрсдэлд орлоо
АНУ болон Иран өнгөрсөн сард гал зогсоох тохиролцоонд хүрч, цаашдын хэлэлцээг үргэлжлүүлэх нөхцөл бүрдсэн. Гэвч Ормузын хоолойн хяналт, далайн тээврийн эрхийн асуудал тодорхойгүй хэвээр үлдсэн нь шинэ мөргөлдөөний гол шалтгаан болж байна.
Вашингтоны байр суурь болон Тегераны шаардлага зөрчилдөж, улмаар өмнөх хэлэлцээрийн ирээдүйд эргэлзээ үүсээд байна.
Ормузын хоолой нь дэлхийн газрын тос, байгалийн хийн тээврийн хамгийн чухал замуудын нэг бөгөөд энд үүссэн аливаа тогтворгүй байдал нь газрын тосны үнэ, олон улсын худалдаа, эрчим хүчний нийлүүлэлт зэрэгт шууд нөлөөлөх боломжтой.
АНУ-Ираны мөргөлдөөн цааш хэрхэн өрнөх нь зөвхөн хоёр улсын харилцаа төдийгүй Ойрхи Дорнодын тогтвортой байдал, дэлхийн эдийн засгийн төлөвт нөлөөлөх томоохон асуудал болоод байна.
Эх сурвалж: AL JAZEERA