Норвегийн түүхч, Йелийн их сургуулийн профессор Одд Арне Вестад Орос-Украины дайны цаашдын явц, энхийн хэлэлцээний боломж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын байр суурийн өөрчлөлт болон дэлхийн шинэ мөргөлдөөний эрсдэлийн талаар ярилцжээ.
Вестад Хүйтэн дайны түүх, Хятад болон Зүүн Азийн түүхийн чиглэлээр мэргэшсэн нэрт судлаач юм. Түүний “Ирж буй шуурга. Эрх мэдэл, мөргөлдөөн ба түүхийн анхааруулгууд” нэртэй ном 2026 оны хавар хэвлэгджээ.
Тэрбээр Deutsche Welle (DW)-ийн “Geofactor” подкастад оролцох үеэрээ Оросын Украинд хийж буй дайн яагаад удаан үргэлжилж болох, хэрхэн дуусах боломжтой, мөн Дэлхийн гуравдугаар дайны эрсдэлийн талаар ярилцсан байна.
“Орос Украинд хурдан ялна гэж тооцоолсон нь 1914 оны нөхцөлтэй төстэй”
DW: -Сүүлийн үед Германы олон улс төрч, шинжээчид Орос-Украины дайн Дэлхийн нэгдүгээр дайнаас ч удаан үргэлжилж байна гэж ярьж байна. Та энэ харьцуулалтын талаар юу хэлэх вэ?
Одд Арне Вестад: -Оросын Украины эсрэг эхлүүлсэн түрэмгийллийн хамгийн анхаарал татах зүйл нь энэ дайн анхнаасаа маш хурдан дуусна гэсэн тооцоолол дээр эхэлсэн явдал юм. Энэ нь 1914 онд болсон үйл явдалтай тодорхой хэмжээгээр төстэй. Тухайн үед ч том гүрнүүд дайн богино хугацаанд дуусна гэж бодож байсан.
Гэвч Орос зөвхөн Украины ард түмний эсэргүүцэл, зоригийн улмаас бус, мөн Украины бий болгосон олон улсын холбоотны сүлжээний ачаар дайнд гацсан. Үүний үр дүнд өнөөдөр тэнцвэргүй боловч мухардмал байдал үүсээд байна. Хэрэв Оросыг хэлэлцээрийн ширээнд суулгах улс төр, дипломат томоохон ахиц гарахгүй бол энэ байдал нэлээд удаан үргэлжилж магадгүй.
“Энэ дайн дахиад хэдэн жил үргэлжилж болно”
DW: -Хэр удаан үргэлжилж болох вэ?
Вестад: -Миний бодлоор энэ дайн дахиад хэдэн жил үргэлжилж магадгүй. Одоогийн нөхцөлд Оросын талд фронт дээр шийдвэрлэх томоохон амжилт гаргах боломж хязгаарлагдмал байна. Украины боломж ч мөн адил хязгаартай.
Гэхдээ гол асуудал нь Орос өөрийн буурч буй нөөц болох хүн хүч, техник хэрэгслээ Украины зүүн хэсгийн тулаанд хэр удаан зарцуулах чадвартай байх вэ гэдэгт оршино.
Миний бодлоор хамгийн чухал зүйл бол Украины Ерөнхийлөгч Зеленскийн хэлж буйтай санал нийлж байгаа нэг зүйл юм. Юуны өмнө гал зогсоох тохиролцоонд хүрэх, дараа нь илүү тогтвортой нөхцөл бий болгох шаардлагатай.
Путин хоёр зүйлийг зэрэг хийхийг оролдоно
DW: -Орос цаашид юу хийх бол? Путин 2022 онд хийсэн шиг дахин дайчилгаа явуулах болов уу, эсвэл хэлэлцээр хийх үү?
Вестад: -Миний Орос дахь эх сурвалжаас авсан мэдээллээр Путин магадгүй хоёуланг нь хийхийг оролдоно. Тэрбээр Орост байгаа хязгаарлагдмал нөөц болох хүн хүч болон материалын боломжоо ашиглан, фронтод ямар нэгэн амжилтад хүрэхийг хичээх болно.
Харин энэ боломжгүй гэдэг нь тодорхой болох үед тэр гал зогсоох хэлэлцээрт бэлэн мэт харагдах алхам хийж магадгүй. Гэхдээ бодит гал зогсоох тохиролцоонд хүрэхэд тодорхой хугацаа шаардлагатай.
Европ Путинтэй шууд ярих хэрэгтэй
DW: -Европын удирдагчид Оростой хэлэлцээрийн ширээнд суух боломжийн талаар ярьж эхэлсэн. Европ шууд Путинтэй хэлэлцэх нь зөв үү?
Вестад: -Тийм. Ийм яриа хэлэлцээ хийх нь чухал. Европ өөрийн төлөөлөгч хэн байх талаар тохиролцож, Украинд болж буй нөхцөл байдлын талаар Путинтэй ярилцах нь зүйтэй.
Путин болон түүний гол холбоотон Хятад ойлгох ёстой зүйл бол Европ Украинд гал зогсоох хүртэл, мөн энхийн гэрээ байгуулсны дараа ч дэмжлэг үзүүлэх шийдвэртэй байгаа явдал юм.
Орос, Украин хоёрын хооронд жинхэнэ энхийн гэрээ байгуулагдах хүртэл Европ-Оросын харилцаа хэвийн байдалдаа эргэн орохгүй.
“Путины Европын улс төр өөрчлөгдөнө гэсэн найдвар бодит бус”
DW: -Путин Европт хэт барууны намууд хүчирхэгжинэ гэж хүлээж байгаа бололтой. Түүний тооцоо зөв байж болох уу?
Вестад: -Би тийм гэж бодохгүй байна. Оросын хувьд энэ бол аюултай бодлого. Учир нь, Путин Оросын ирээдүйг бусад орны улс төрийн өөрчлөлтөөс хэт хамааралтай болгож байна.
Тэр Хятадын дэмжлэг, эсвэл Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдох зэрэг хүчин зүйлд найдаж байгаа. Гэвч ийм найдвар түүхэнд олон удаа бүтэлгүйтэж байсан.
DW: Оросын ялалтын боломж яагаад хязгаарлагдмал вэ?
Вестад: Гурван гол шалтгаан бий. 1. Фронтын нөхцөл байдал. Орос шийдвэрлэх давшилт хийхийн тулд цэргийн хүчин чармайлтаа эрс нэмэгдүүлэх шаардлагатай. Гэвч одоогийн ашиглаж буй зэвсэг, арга барилаар үүнийг хийх боломж хязгаарлагдмал. 2. Барууны дэмжлэг бүрэн зогсохгүй. Европ болон АНУ Украиныг зэвсгээр дэмжихээ бүрэн зогсоохгүй. 3. Барууны улс төрийн задралд найдах нь бодит бус
Европ болон АНУ-ын ардчиллын хямрал Оросыг аварна гэсэн найдвар бол “биелэх боломжгүй мөрөөдөл.
“Трамп Путинд улам ихээр дургүйцэх болсон”
DW: -АНУ-ын байр суурь өөрчлөгдөж байна уу?
Вестад: -Трамп Путиныг сонирхох нь багассан. Тэр Ерөнхийлөгчийн албан тушаалдаа эргэн ирээд Путинтэй тохиролцож, дайныг хурдан дуусгана гэж найдаж байсан. Гэвч энэ нь биелсэнгүй.
Путины хэлж буй үг, түүний байр суурь Трамп болон түүний ойрын хүрээний хүмүүст “Путин Трамп болон АНУ-ыг нухацтай авч үзэхгүй байна, зүгээр л тоглож байна” гэсэн ойлголт төрүүлсэн.
Трампын хамгийн дургүй зүйл бол өөрийг нь хэн нэгэн хуурч, ашиглаж байна гэсэн мэдрэмж. Тиймээс Вашингтонд өөрчлөлт гарч байна. Энэ нь Украинд илүү их хайртай болсонтой холбоотой биш. Харин Путин болон Оросын төрийн бодлогод дургүйцэх нь улам нэмэгдсэнтэй холбоотой.
Хэрэв Орос илүү өргөн хэмжээний мөргөлдөөнд татагдан орвол өнөөгийн Оросын төрийн тогтолцоо аюулд орж болзошгүй. Оросын түүхэнд Австри-Унгарын эзэнт гүрэн болон Оросын эзэнт гүрэн хэт том дайнд оролцсоноор сулран доройтсон жишээ бий.
Дайны хамгийн бодит хувилбар эхлээд гал зогсоох; дараа нь урт хугацааны улс төрийн тохиролцоо хийх явдал. Нэг мөчид бүх талууд дайн үргэлжлүүлэх нь өөрсдийн ашиг сонирхолд нийцэхгүй гэдгийг ойлгоно.
DW: Дэлхийн гуравдугаар дайны эрсдэл бий юу?
Вестад: -Украины дайн өөрөө шууд дэлхийн хэмжээний дайны эхлэл болно гэж бодохгүй байна. Гэхдээ дэлхийд томоохон аюулгүй байдлын хямрал, урьдчилан таамаглах боломжгүй “хар хун” үйл явдал, террорист халдлага, эсвэл өөр бүс нутагт хяналтаас гарсан мөргөлдөөн гарвал нөхцөл байдал өөрчлөгдөж болно. 1914 оны зун яг ийм байдлаар их гүрнүүдийн дайн эхэлсэн.
Эх сурвалж: DW