Монгол Улсад өнгөрч буй долоо хоногт улс төр, эдийн засаг, нийгмийн олон салбарт зэрэгцсэн томоохон үйл явдлууд өрнөв. Гадна талаас нь харахад, бодлогын шийдвэр, хууль эрх зүйн шинэчлэл, салбар хоорондын тохиролцоо идэвхтэй явагдаж байгаа мэт боловч эдгээрийн бодит үр нөлөө иргэдийн өдөр тутмын амьдралд хэрхэн, ямар "хурдтай" тусах нь тодорхойгүй хэвээр үлдлээ.
Долоо хоногийн хамгийн анхаарал татсан сэдвүүдийн нэг нь эрчим хүчний салбарын хөдөлмөрийн маргаан байлаа. Учир нь, салбарын ажилтнууд цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлага тавьж, ажил хаялт зарлах хэмжээнд хүрсэн нь эрчим хүчний системийн эмзэг байдлыг давхар ил гаргасан үйл явдал болсон.
Эрчим хүчний салбарынхан ажил олгогч Эрчим хүчний яамтай цалингийн асуудал дээр тохиролцож чадаагүй тул ажил хаяхаа мэдэгдсэний дараа Засгийн газар "Эрчим хүчний ажилтнуудын цалингийн санг 10 хувиар нэмэхээр болов. Мөн ирэх аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 5 хувиар, 2027.01.01-ний өдрөөс 10 хувиар, 2027.10.01-ний өдрөөс 5 хувиар тус тус нэмэхээ мэдэгдсэн юм.
Талуудын хэлэлцээрийн үр дүнд ийн цалингийн санг үе шаттайгаар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрч, ажил хаялтыг зогсоосон нь богино хугацаанд нийгмийн тогтвортой байдлыг хадгалсан эерэг шийдэл болсон. Гэвч энэ тохиролцоо зөвхөн түр зуурын дарамтыг намжаасан хэрэг. Цаана нь салбарын цалин хөлсний бодлого, санхүүжилтийн тогтолцоог урт хугацаанд шинэчилж чадах уу гэдэг асуулт хэвээр үлдлээ.
Үүнтэй зэрэгцэн баяр наадмыг зохион байгуулах хүрээнд энэ жилээс төрийн өндөр албан тушаалтнуудад олгодог урилгыг хязгаарлаж, тасалбарыг нийтэд ил тод, 100 хувь худалдаалах шийдвэр танилцуулсан. Энэ нь нийгмийн шударга ёс, хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой алхам гэж тайлбарлаж буй. Гэвч бодит амьдрал дээр энэ өөрчлөлт хэр бодитой хэрэгжих вэ гэдэг өөр асуудал шүү.
Оюутолгойн ногдол ашгийн сураг
Эдийн засгийн салбарын хувьд хамгийн том хэлэлцүүлэг дагуулсан асуудал нь уул уурхайн стратегийн төсөл болох Оюутолгой болон хөрөнгө оруулагч тал болох "Рио Тинто"-той холбоотой хэлэлцээ байлаа, Засгийн газраас мэдээлснээр, менежментийн зардал, зээлийн хүүг бууруулснаар урт хугацааны өрийн дарамтыг хөнгөлсөн, Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлсэн, мөн тодорхой нөхцөлд 2026 оноос ногдол ашиг авах боломж бүрдсэн зэрэг томоохон тоон өөрчлөлтүүд зарлагдсан.
Засгийн газар "Зээлийн хүүг бууруулснаар бидний төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөг хэмнэлээ. Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум ам.доллар буюу 8 их наяд төгрөгөөр нэмэгдэх боломжтой. Энэ онд ногдол ашиг авах асуудлаар Рио Тинтотой тохиролцлоо" гэж мэдээлэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Оюутолгойн нэг хэсэг болох Онтрэ (Entrée Resources)-гийн тухай яриа гарчээ. Онтрэ бол Оюутолгойн ордын зарим хэсгийн ашиглалтын эрхийг эзэмшдэг Канадын уул уурхайн компани.
Монгол Улсын Засгийн газар менежментийн төлбөрийг бууруулсныхаа төлөө энэ компанийн ашиглалттай холбоотойгоор ямар ч үүрэг, хариуцлага хүлээгээгүйг Засгийн газрын өмнөөс хариуцлагатайгаар мэдэгдье" гэсэн юм.
Оюутолгойн тохиролцоо эдийн засгийн хувьд эерэг дохио мэт боловч байгаа ч эдгээр өөрчлөлтийн бодит өгөөж иргэдийн амьдралд ямар сувгаар, ямар хугацаанд, ямар хэмжээгээр хүрэх нь бас л тодорхойгүй, “их тоо”-ны ард “жижиг амьдрал” хэрхэн өөрчлөгдөх вэ гэсэн асуулт нээлттэй хэвээр үлдэв.
Тэтгэврийн тооцооллыг илүү урт хугацааны орлогын дунджаар тооцдог болох өөрчлөлт
Мөн нийгмийн даатгалын тогтолцоонд томоохон шинэчлэл хийж, олон давхаргат тэтгэврийн системд шилжих, суурь тэтгэвэр нэвтрүүлэх, тэтгэврийн тооцооллыг илүү урт хугацааны орлогын дунджаар тооцдог болох зэрэг өөрчлөлтүүдийг батлав.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тэтгэвэр авагчийн тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, даатгуулагчийн нийгмийн хамгааллын баталгааг хангахад чиглэсэн зохицуулалтуудыг тусгасан байна.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжиж, ахмад настныг нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор суурь тэтгэвэр олгоно.
Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэврийг авч байсан цалин хөлсний хэмжээ, шимтгэл төлсөн хугацаатай нь уялдаатай, шударга болгоно. Өөрөөр хэлбэл, одоо дараалсан таван жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тогтоож байгааг үе шаттайгаар 10 жилд хүргэнэ" хэмээн танилцуулсан.
Энэ нь урт хугацааны бодлогын шинэчлэл мөн үү гэвэл мөн. Гэхдээ өнөөдөр тэтгэвэр авч байгаа болон ойрын ирээдүйд тэтгэвэрт гарах иргэдийн амьдралд ямар хэмжээгээр нөлөөлөх нь тодорхойгүй, хэрэгжилтийн нарийн зохицуулалт, шилжилтийн үеийн эрсдэл зэрэг асуудал анхаарал татсаар хэвээр байна.
УИХ-ын гишүүд нь уншиж, ойлгож ч амжаагүй байтал хуулийн төслүүдийг "бөөндөж" батлав
Энэ долоо хоногт УИХ-ын хаврын чуулганы хаалт болсон. Чуулганаар гишүүд нь уншиж, ойлголт ч авч чадаагүй байхад олон арван хууль, тогтоолыг гэрлийн хурдаар баталдаг асар хор уршигтай жишиг дахин давтагдлаа.
Албаныхан энэ удаагийн чуулганыг “эрчимтэй, ажил хэрэгч, ойлголцолтой” болсон гэж үнэлсэн ч нийгмийн түвшинд гол хүлээлт өөр хэвээр байгаа нь харагдаж байна. Учир нь, иргэдийн хувьд хэдэн хууль батлагдсан нь чухал биш, харин тэр хуулиуд амьдрал дээр үнэ, орлого, үйлчилгээ, шударга ёс, хүртээмжид ямар өөрчлөлт авчрах вэ гэдэг нь хамгийн чухал хэмжүүр болж байна.
Төгсгөлд, энэ долоо хоногийн үйл явдлыг базаад хэлэхэд, Монгол Улсад бодлогын түвшний уулзалт, хэлэлцээр, хууль эрх зүйн шинэчлэлүүд идэвхтэй байна. Эдгээрийн бодит үр нөлөө иргэдийн өдөр тутмын амьдралд шууд мэдрэгдэх хүртэл тодорхой хугацаа шаардагдах нь лав.
Гэхдээ хэрэгжилт, хяналтын тогтолцоо сул байвал “шийдвэр гарсан” ба “амьдрал өөрчлөгдсөн” хоёрын хоорондын зай хэвээр үлдэх эрсдэл бийг энэ долоо хоног дахин тод харууллаа.