Украины эрх баригчдын мэдээлснээр8 ОХУ-ын явуулж буй агаарын болон пуужинт довтолгоонууд үргэлжилж, пүрэв гарагт хийсэн цохилтуудын улмаас дор хаяж 6 хүн амиа алдаж, 31 хүн шархадсан байна. Киев хотод шөнө дунд болсон олон давтамжит довтолгоо нь дайны эхэн үеэс хойших хамгийн олон хүний амь нас хохирсон халдлагын нэгд тооцогдож байгаа аж.
Херсон: Иргэдийн автомашин болон эмнэлэгт цохилт өгчээ
Херсон хотын төвд иргэний автомашин цохилтод өртсөний улмаас 41 настай эрэгтэй амиа алдсан талаар бүс нутгийн цэргийн захиргааны тэргүүн Александр Прокудин мэдээлжээ. Мөн эмнэлгийн байгууллагад болсон цохилтын үеэр 63 настай эмч амиа алдаж, нэг сувилагч шархадсан байна.
Үүнээс гадна нэг иргэн өвс хадаж байхдаа дэлбэрэх төхөөрөмжид өртөж, амиа алджээ. Орон нутгийн удирдлагуудын мэдээлснээр, дроны довтолгоонууд оройн 22:35 хүртэл үргэлжилж, Херсон хотын нефтийн байгууламжийн орчимд ч цохилт өгсөн байна.
Запорожье: Хүүхдүүд хүртэл шархаджээ
Запорожье хотод орон сууцны барилга, агуулах, шуудангийн ангилах төв болон спортын байгууламжуудад цохилт өгснөөр нийт 7 хүн шархадсан, тэдний дунд 6, 7, 12, 16 настай хүүхдүүд байжээ гэж бүс нутгийн захирагч Иван Федоров мэдээлжээ.
Днепропетровск: Хүүхэд амиа алдав
Днепропетровск мужид болсон довтолгооны улмаас нийт 2 хүн амиа алдсаны нэг нь 7 настай охин хүүхэд байсан байна. Мөн 11, 14 настай хүүхдүүдийг оролцуулаад, 9 хүн шархаджээ.
Эрх баригчдын мэдээлснээр, тус бүс нутагт дрон, артиллер, агаарын бөмбөг болон пуужин зэрэг олон төрлийн зэвсгээр нийт 40 орчим цохилт өгсөн бөгөөд орон сууц, хувийн байшин, сургууль, тээврийн хэрэгслүүд ихээхэн сүйдсэн байна.
Николаев, Харьков, Сумы, Краматорск: Олон бүс нутгийг хамарсан довтолгоо
Николаев мужид дроны цохилтын улмаас 1 хүн амиа алдаж, 7 хүн шархадсан бөгөөд шатахуун түгээх станцын барилга, орон сууц, автомашинууд гэмтжээ.
Харьков хотод орон сууцны барилгад цохилт өгсний улмаас 3 хүн шархадсан, мөн шатахуун түгээх станц болон автомашинууд эвдэрсэн байна.
Сумы хотод удирдлагатай нисэх бөмбөг (КАБ) ашиглан хийсэн довтолгооны улмаас 11 хүн эмнэлгийн тусламж авсан, тэдний дунд хүүхдүүд байгаа аж. Сургууль ихээхэн эвдэрсэн ч довтолгооны үед хүүхдүүд байгаагүй гэж мэдээлжээ. Мөн шуудангийн автомашин руу дроноор довтолсны улмаас жолооч болон шууданч шархадсан байна.
Донецк мужийн Краматорск хотод дроны цохилтын улмаас нэг хүн шархадсан гэж Украины Онцгой байдлын алба мэдээлжээ.
Эх сурвалж: DW