АНУ-ын нэр хүндтэй судалгааны байгууллага болох Center for Strategic and International Studies (CSIS)-ын хамгийн сүүлийн тайланд дурдсанаар, 2022 оны хоёрдугаар сард Орос Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлснээс хойш хоёр талын цэргийн нийт хохирол (амиа алдсан, шархадсан, сураггүй болсон) 2 сая давжээ.
Судалгаанд дурдсанаар, Оросын арми нийт ойролцоогоор 1.4 сая цэргийн хохирол амссан бөгөөд үүнээс 400-450 мянга орчим нь амь үрэгдсэн гэж тооцсон байна. Энэ нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш АНУ-ын оролцсон бүх дайнд амь үрэгдсэн америк цэргийн нийт тооноос дөрөв дахин өндөр үзүүлэлт болсон гэж тайланд онцолжээ.
CSIS "Украины тал 525-625 мянган цэргийн хохирол амссанаас 125-150 мянга нь амь үрэгдсэн" гэж үнэлжээ. Судлаачдын үзэж буйгаар, 2026 оны эхний хагаст тулалдааны талбар дээрх хохирлын харьцаа ойролцоогоор Оросын найман цэрэг тутамд Украины нэг цэрэг гэсэн түвшинд хүрсэн байна.
Үүний зэрэгцээ Украины эрх баригчид Оросын арми Украины нийслэл Киев хотод ээлжит пуужин, дроны цохилт өгч, энгийн иргэд амиа алдаж, олон арван хүн шархадсан талаар мэдээлжээ.
Мөн Украины дроны довтолгооны улмаас газрын тос боловсруулах байгууламжууд нь удаа дараа өртөж, түлшний нийлүүлэлтэд хүндрэл үүссэнтэй холбоотойгоор ОХУ бензиний импортоо нэмэгдүүлж, Энэтхэгээс шатахуун худалдан авч эхэлсэн тухай мэдээлэл гарсан байна.
Өөр нэгэн чухал үйл явдал нь 2022 онд "Умардын урсгал" хий дамжуулах хоолой дэлбэрсэн хэрэгтэй холбоотой аж. Германы прокурорууд уг хэрэгт Украины нэгэн иргэнийг албан ёсоор яллагдагчаар татсанаа баталжээ.
Үүнээс гадна Украины Засгийн газар дотоодын батлан хамгаалах үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилгоор шинэ тогтолцоо нэвтрүүлж буйгаа мэдэгдсэн байна. Уг тогтолцооны хүрээнд зэвсэг үйлдвэрлэгч компаниуд экспорт хийх боломжтой болох бөгөөд экспортын орлогын 20-30 хувийг улсын батлан хамгаалах тусгай санд төвлөрүүлж, үлдсэн хөрөнгийг үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд ашиглах аж.
Нэмж өгүүлэхэд, эдгээр тоонууд нь албан ёсны баталгаажсан статистик биш бөгөөд CSIS-ийн нээлттэй эх сурвалж, барууны тагнуулын үнэлгээ, дайны талбарын мэдээлэлд тулгуурласан тооцоолол юм байна. Орос, Украин хоёр улс өөр өөрийн албан ёсны хохирлын тоог мэдээлдэг бөгөөд бие даасан байдлаар бүрэн баталгаажуулах боломж одоогоор байхгүй ажээ.
Эх сурвалж: THE GUARDIEN