Сүүлийн хэдэн долоо хоногт хуситууд Саудын Арабын дэд бүтцэд, тэр дундаа Эр-Риядын санхүүгийн дүүрэгт удаа дараа халдлага үйлдэж буй аж. Мөн өнгөрсөн сард Эр-Риядын олон улсын нисэх буудал хэд хэдэн удаа халдлагад өртөж, арав гаруй хүн амиа алдсан байна.

Эдгээр халдлага улам эрчимжиж буй энэ үед Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман Ираны дайн эхэлснээс хойш анх удаа АНУ-д айлчлахаар төлөвлөж байгаа аж.

Айлчлалын төлөвлөгөөний талаар мэдээлэлтэй эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр ирэх сард АНУ-ын Флорида мужийн Майами хотод болох "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох төлөвтэй байгаа юм байна. Гэхдээ Саудын Арабын албаныхан түүний оролцох тухай мэдээллийг одоогоор албан ёсоор баталгаажуулаагүй байгаа аж.

Хуситуудын пуужин болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн довтолгоо үргэлжилж буй энэ үед Саудын Араб батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэхээр АНУ-аас дэмжлэг авахыг эрмэлзэж буй юм байна.

Хэрэв уг айлчлал хэрэгжвэл дайн эхэлснээс хойш АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нарын биечлэн хийх анхны уулзалт болох юм.

Ираны дэмжлэгтэй бүлэглэлийн хяналтад байдаг нутаг дэвсгэрт Саудын Арабын нисэх хүчин цуврал агаарын цохилт өгсөн тухай хуситуудын хэвлэл мэдээлсний дараа пүрэв гарагт Йемений нийслэл Санаа хотоос их хэмжээний утаа суунагласан байна.

Йемений мөргөлдөөн дахин хурцдав

Хуситуудын бүлэглэл болон Саудын Араб тэргүүтэй эвслийн хүчний хоорондын зэвсэгт мөргөлдөөн 2022 онд НҮБ-ын зуучлалаар байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн үр дүнд харьцангуй намжаад байв. Гэвч энэ оны долдугаар сараас эхлэн мөргөлдөөн дахин сэргэжээ.

Харин есдүгээр сард зэвсэгт бүлэглэл стратегийн чухал ач холбогдолтой Баб-эль-Мандебийн хоолой руу давшсаны дараа сүүлийн саруудад мөргөлдөөн улам ширүүссэн байна. Энэ нь Ираны дайны хүрээнд зэвсэгт мөргөлдөөний шинэ фронт нээгдэх аюул бий болгожээ.

Эх сурвалж: CNN