Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Бодь Интернэшнл” компанитай холбоотой нууц гэрээ, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын санхүүжилт болон нүүрсний оффтейк гэрээний асуудлыг дахин хөндөв. Н.Номтойбаяр сайд уг асуудлыг улс төрийн хүрээнд олон жил ярьж, хардлага дагуулсан ч бодит үнэнийг тогтоох хэмжээний бүрэн дүүрэн шалгалт хийгдээгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Түүний мэдээлснээр, УИХ-аас 2023 онд “Бодь Интернэшнл”-тэй холбоотой асуудлыг шалгах Хянан шалгах түр хороо байгуулсан боловч шалгалтын ажиллагаа хангалттай үр дүнд хүрээгүй байна. Н.Номтойбаяр "Тухайн үеийн хяналт шалгалтын явцыг ахалж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр ч холбогдох санхүүгийн баримт бичгүүд шалгалтын хугацаа дуусахын өмнөхөн ирснээс шалтгаалан бүх мэдээллийг бүрэн авч чадаагүй талаар байр сууриа илэрхийлж байсан" гэж онцоллоо.
Иймээс өмнөх Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа, гаргасан дүгнэлт болон шалгалтын үр дүнг дахин нягтлах шаардлагатай гэж үзэн шинэ түр хороо байгуулах санаачилга гаргасан байна.
Тодруулбал, 2026 оны гуравдугаар сараас эхлэн УИХ-ын гишүүдээс дэмжлэг авч, гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тэрбээр "Хуулиар Хянан шалгах түр хороо байгуулах санаачилгыг 32-оос доошгүй гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байх шаардлагатай. Анх 17 гишүүний дэмжлэгтэй эхэлсэн уг санаачилга аажмаар өргөжиж, өнөөдрийн байдлаар 86 гишүүн гарын үсэг зурсан бөгөөд цаашид 90 орчимд хүрэх төлөвтэй байна" гэж мэдээлэв.
Тэр "Энэ нь УИХ дахь олонх гишүүн намын харьяалал, улс төрийн байр сууринаас үл хамааран уг асуудлыг ил тод болгож, бодит үнэнийг тогтоох шаардлагатай гэж үзэж байгааг харуулж байна" хэмээн тайлбарлалаа.
Нууцын зэрэглэлд авсан шийдвэрүүд хардлага дагуулсаар байна
Тэрбээр "Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам болон нүүрсний оффтейк гэрээтэй холбоотой асуудлын гол зангилаа нь 2019 онд гарсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Н 0505 дугаартай зөвлөмж" гэж үзэж байгаа аж. Тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүлж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ажиллаж байжээ.
Уг зөвлөмж болон түүний дагуу гарсан төрийн байгууллагуудын шийдвэрүүдийн хүрээнд төмөр замын төсөл, нүүрсний оффтейк гэрээтэй холбоотой тодорхой мэдээллийг нууцын зэрэглэлд хамруулсан байна. Гэвч эдгээр мэдээллийг үнэхээр төрийн нууцад хамааруулах шаардлагатай байсан уу, эсвэл олон нийтээс мэдээлэл нуух нөхцөл бүрдүүлсэн үү гэдэг асуудал өнөөдрийг хүртэл хариултгүй үлджээ.
Н.Номтойбаяр энэ талаар жишээ татахдаа, Засгийн газраас хэрэгжүүлж буй 126 км урт Богдхан төмөр замын төслийг дурдсан юм. Түүний хэлснээр, ижил төрлийн төмөр замын бүтээн байгуулалтын мэдээллийг нууцлахгүйгээр ил тод хэрэгжүүлж болох байхад Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замтай холбоотой асуудлыг яагаад нууцалсан нь анхаарал татах ёстой.
Тэрбээр "Төрийн нууцын зэрэглэлд ямар мэдээллийг, ямар үндэслэлээр хамруулсан, үүний цаана ямар ашиг сонирхол байсан эсэхийг баримтад тулгуурлан шалгах шаардлагатай" гэж онцоллоо.
Гурван компанийн хооронд байгуулсан гэрээний санхүүжилт анхаарал татаж байна
Түүний мэдээлснээр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дараа Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас хэд хэдэн шийдвэр гарч, улмаар Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилттэй холбоотой гэрээг “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам”, “Бодь Интернэшнл” гэсэн гурван байгууллагын хооронд байгуулжээ.
Н.Номтойбаяр уг гэрээний санхүүжилт, зарцуулалт, тайлан балансын асуудалд олон эргэлзээ үүссэн хэвээр байгааг хэлэв. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” болон “Тавантолгой төмөр зам” компаниуд хоорондын санхүүгийн тооцоогоо бүрэн нийлүүлж чадахгүй, зарим мөнгөн дүнг тайлан балансад хэрхэн тусгах асуудал тодорхойгүй байгаа талаар тэрбээр мэдээлсэн юм.
Түүнчлэн тухайн үеийн холбогдох албан тушаалтнуудын хувь заяа, өнөөгийн нөхцөл байдал ч уг асуудлыг улам бүр анхаарлын төвд авчирч буй.
Н.Номтойбаяр “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нүүрсний хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрээр ял эдэлж буй бол “Тавантолгой төмөр зам” компанийн даргаар ажиллаж байсан Н.Удаанжаргал гадаадад, “Бодь Интернэшнл” компанийн захирал А.Амундра мөн Монгол Улсаас явсан талаар дурдав.
А.Амундра өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаярт хандан өөрийг нь гэрчийн хамгаалалтад авах боломжтой эсэхийг асууж, уг асуудлын цаана авлигын шинжтэй үйлдлүүд байгааг гэрчлэхэд бэлэн гэдгээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлж байсныг мөн онцоллоо.
Тэрбээр "Эдгээр нөхцөл байдал нь гэрээний санхүүжилт, мөнгөн урсгал, шийдвэр гаргалт болон оролцогч талуудын хариуцлагыг нарийвчлан шалгах шаардлагатайг харуулж байна" гэж үзэж байгаа аж.
Улс төрийн өндөр албан тушаалтнуудын нэр холбогдсон асуудал
“Бодь Интернэшнл”-тэй холбоотой асуудал олон жилийн турш улс төрийн хүрээнд маргаан дагуулж, хэд хэдэн өндөр албан тушаалтны нэр холбогдон яригдсаар ирсэн. Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ холбогдох материалыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж байсан талаар Н.Номтойбаяр дурдав. Мөн тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар холбогдох баримт, мэдээллийг олон нийтэд танилцуулж, байр сууриа илэрхийлж байжээ.
АТГ-аас ч энэ асуудалтай холбоотойгоор удаа дараа мэдээлэл хийж, нэр холбогдсон хүмүүсийн хөрөнгө, орлогын эх үүсвэр болон бусад асуудлыг хөндөж байсан байна. Гэвч уг асуудлыг ил тод болгох, төрийн нууцаас гаргах тухай улс төрийн түвшинд яригдах бүрд улс төрийн хурц үйл явдлууд давхар өрнөж ирсэн нь анхаарал татаж байгааг Н.Номтойбаяр онцоллоо.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Бодь Интернэшнл”-тэй холбоотой материалыг ил болгох асуудлыг хөндөж байсан. Харин Д.Амарбаясгалан УИХ-ын даргаар ажиллаж байхдаа өөртэй нь холбоотой асуудлыг улс төрийн зорилгоор мушгин гуйвуулж байна хэмээн байр сууриа илэрхийлж байсан талаар тэрбээр дурдав. Мөн Г.Занданшатарын Засгийн газрын үед уг асуудлыг шалгах түр хороо байгуулах санаачилгыг гаргаж байснаа сануулсан юм.
Сүүлийн үед Х.Нямбаатар холбогдох баримт бичгүүдийг цахим орчинд дэлгэж, үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийг нь шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийлэн өргөдөл гаргасан тухай асуудал ч яригдсан.
Энэ бүх үйл явдлыг тус тусад нь бус, харин нэг асуудлын хүрээнд баримтад тулгуурлан нягталж, хэн нэгнийг үндэслэлгүйгээр буруутгахгүйгээр бодит үнэнийг тогтоох ёстой гэж Н.Номтойбаяр үзэж байна.
Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн асуудал ч хөндөгдөж байна
Түүний мэдээлэлд анхаарал татсан өөр нэг асуудал нь “Бодь Интернэшнл”-тэй холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэхээр ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдэд тулгарсан нөхцөл байдал аж. Тухайлбал, уг асуудлыг эрэн сурвалжилж, олон нийтэд хүргэх чиглэлээр ажилласан сэтгүүлч ял шийтгэл эдэлсэн. Мөн бусад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид дарамт шахалтад өртсөн гэх асуудлыг Н.Номтойбаяр хөндлөө. Үүний улмаас иргэд, сэтгүүлчид уг сэдвээр чөлөөтэй байр сууриа илэрхийлэхээс болгоомжилдог болсон гэж тэрбээр үзэж байна.
Төрийн нууцын зэрэглэлтэй холбоотой асуудлыг шалгах, ил тод болгох үйл явц нь зөвхөн улс төрийн хүрээнд хязгаарлагдах бус, хэвлэлийн эрх чөлөө, олон нийтийн мэдээлэл авах эрхтэй шууд холбоотой асуудал юм.
Одоо шалгах бүх нөхцөл бүрдсэн үү?
Н.Номтойбаярын мэдээллийн хамгийн чухал хэсэг нь Засгийн газрын энэ сарын хуралдаанаас гаргасан шийдвэр байлаа. Тодруулбал, тэрбээр Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар өнөөдрийг хүртэл нууцын зэрэглэлтэй байсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Н 0505 дугаартай зөвлөмжийг ил болгох шийдвэр гаргасан талаар мэдээлэв.
Ингэснээр өмнө нь нууцын зэрэглэлээс шалтгаалан бүрэн дүүрэн шалгах боломжгүй байсан баримт бичиг, шийдвэрүүдийг холбогдох хууль сахиулах байгууллагууд судалж, шаардлагатай шалгалтыг явуулах боломж бүрдэж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Н.Номтойбаяр "Одоо Авлигатай тэмцэх газар болон бусад хууль сахиулах байгууллага уг асуудалд бодитой, хараат бус шалгалт явуулж, санхүүгийн баримт, гэрээ хэлцэл, мөнгөн урсгал, шийдвэр гаргалтын хууль ёсны үндэслэлийг нарийвчлан тогтоох шаардлагатай байна.
Харин УИХ-аас Хянан шалгах түр хороо байгуулж, өмнөх шалгалтын явц, үр дүнг дахин нягтлахын зэрэгцээ хууль хяналтын байгууллагуудаас мэдээлэл, тайлбар авч ажиллах боломжтой" гэж мэдэгдэв.
Эцэст нь, тэрбээр “Бодь Интернэшнл”-тэй холбоотой гэрээний ард их хэмжээний авлига, ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй гэсэн ноцтой хардлагыг зөвхөн улс төрийн мэдэгдэл, таамгаар бус, нотлох баримтаар шалгаж тогтоох ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.
Энэ асуудлын үнэн мөнийг тогтоох нь хэн нэгнийг улс төрийн зорилгоор буруутгах тухай биш. Харин төрийн өмчит компаниудын хөрөнгө, ард түмний баялгийн орлого хаашаа зарцуулагдсан, ямар шийдвэрийн үндсэн дээр ямар гэрээ байгуулагдсан, үүний цаана хууль бус ашиг сонирхол байсан эсэхийг тогтоох тухай юм. Олон жил хардлага дагуулсан энэ асуудал одоо бодит шалгалт, ил тод баримт, хуулийн хариуцлагын хүрээнд эцэслэн шийдэгдэх эсэхийг хүлээх л үлдлээ.
С.МАНДАХ