Өндөр цалинтай ажилд зуучилна гэх цахим зарын цаана Монгол Улсын иргэдийг ОХУ-ын зэвсэгт хүчинд элсүүлж, Украины дайны ажиллагаанд татан оролцуулах эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд буй тухай мэдээлэл цацагдаж байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад энэ төрлийн хоёр гомдол, мэдээлэл бүртгэгдэж, есөн цахим хаягийг илрүүлэн устгуулжээ. Харин Гадаад харилцааны яаманд ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаанд оролцох гэрээнд гарын үсэг зурсан 10 орчим Монгол иргэний мэдээлэл бүртгэгдсэн байна.
Гадаад харилцааны яам (ГХЯ), Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ) хамтран 2026 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын иргэд хилийн чанадад гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг ОХУ-ын зэвсэгт хүчинд өндөр цалинтай ажилд авна гэх зар цахим орчинд түгэж, иргэдийг хуурч мэхлэх замаар цэргийн ажиллагаанд татан оролцуулах эрсдэл үүсэж буй талаар мэдээлэв.
61-108 сая төгрөгийн цалин амласан зарын цаана юу байна вэ?
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, энэ оны есдүгээр сараас эхлэн Монголын цахим орчинд ОХУ-ын зэвсэгт хүчинд элсэхийг уриалсан, 61-108 сая төгрөгийн цалин, урамшуулал олгоно гэсэн зарууд нийтлэгдэх болжээ. Эдгээр зар нь иргэдэд санхүүгийн өндөр боломж санал болгож байгаа мэт харагдах боловч цаанаа цэргийн гэрээ байгуулах, улмаар дайны ажиллагаанд оролцох нөхцөл байдал үүсгэж болзошгүй байгаа аж.
Зарим зар сурталчилгаанд тээврийн жолооч, тогооч, харуул хамгаалалтын ажилтан зэрэг энгийн ажлын байр санал болгож, өндөр цалин, нэг удаагийн урамшуулал, байр, хоол болон бусад хангамж амлажээ. Мөн хоёр сарын дараа ОХУ-ын иргэншил авах боломжтой гэх мэт иргэдийн сонирхлыг татах нөхцөлүүдийг санал болгож байгааг өмнөх сэрэмжлүүлгүүдэд дурдсан байна.
Иргэд эхэндээ энгийн хөдөлмөр эрхлэх зорилгоор бүртгүүлдэг боловч дараа нь Telegram, WhatsApp зэрэг аппликэйшнээр дамжуулан холбогдож, ОХУ-д очвол өндөр цалин, хангамжтай ажилд оруулна гэсэн зохиомол нөхцөл байдлыг бий болгодог нь тогтоогджээ.
Цагдаагийн байгууллагад хоёр гомдол бүртгэгджээ
ЦЕГ-ын мэдээлснээр, энэ төрлийн асуудлаар цагдаагийн байгууллагад одоогоор хоёр гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй юм байна. Эхний гомдолд холбогдох гурван иргэн ОХУ-ыг зорихоор Монгол Улсын хилээр гарах гэж байхад нь холбогдох байгууллагууд саатуулсан байна.
Харин хоёр дахь гомдолд холбогдох нэг иргэн ОХУ-ын Эрхүү хот руу шууд нислэгээр Монгол Улсын хилээр гарсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг "Одоогийн байдлаар тухайн иргэнийг эх оронд нь эргүүлэн авчрах чиглэлээр ажиллаж буй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэж мэдээлэв.
Түүнчлэн иргэдийг элсүүлэх зорилгоор ашиглаж байсан есөн цахим хаягийг цагдаагийн байгууллага илрүүлж, холбогдох байгууллагуудад хүсэлт гарган устгуулсан байна. Гэвч энэ төрлийн зар, мэдээлэл шинэ хаягаар дахин түгэх эрсдэлтэй тул цаашид илрүүлсэн цахим хаяг бүрийг тухай бүрд нь устгуулах арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдлээ.
ГХЯ: ОХУ-ын цэргийн гэрээнд гарын үсэг зурсан 10 орчим иргэний мэдээлэл байна
Энэ асуудал зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хоёр гомдлоор хязгаарлагдахгүй аж. ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа 2026 оны арваннэгдүгээр сарын 23-нд мэдээлэл өгөхдөө ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаанд оролцох гэрээнд гарын үсэг зурсан 10 орчим Монгол Улсын иргэний мэдээлэл тус яаманд ирсэн талаар мэдэгджээ.
Түүний мэдээлснээр, зарим иргэн цахим орчинд нийтлэгдсэн өндөр цалинтай жолооч, тогооч зэрэг ажлын байрны зарын дагуу ОХУ-ыг зорьж, улмаар цэргийн гэрээнд гарын үсэг зурсан байна. ГХЯ-наас эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ОХУ-ын холбогдох байгууллагуудтай харилцаж, гэрээг цуцлуулах, эх оронд нь буцаах хүсэлт тавих зэрэг арга хэмжээ авчээ.
Тухайлбал, хэлний бэрхшээл болон бусад нөхцөл байдлын улмаас гэрээ байгуулсан зарим иргэнийг эх оронд нь буцаасан тохиолдол бий. Мөн ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт цэргийн гэрээ байгуулахаар явж байгаа гэх мэдээлэл авсны үндсэн дээр тухайн иргэнтэй консулын ажилтнууд уулзаж, сэрэмжлүүлэг өгөөд буцаасан тохиолдол гарсан байна.
ГХЯ тухайн үед Монгол Улсын иргэд дайны бүсэд шууд оролцож байгаа талаар баталгаатай мэдээлэл байхгүй гэж мэдэгдэж байсан ч цэргийн гэрээнд гарын үсэг зурсан иргэдийн асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаагаа онцолжээ.
Өндөр цалинтай ажилд явсан Монгол иргэний ар гэр тусламж хүсэв
Энэ асуудал олон нийтийн анхааралд ороход Монгол Улсын иргэн Д.Эрдэнэмөрөнтэй холбоотой мэдээлэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Тэрбээр 2026 оны арваннэгдүгээр сарын 7-нд ОХУ-д өндөр цалинтай ажил хийхээр эх орноосоо явсан бөгөөд удалгүй эхнэр нь түүнийг ОХУ-ын зэвсэгт хүчинд хууртагдан элссэн байж болзошгүй талаар цахим орчинд мэдээлсэн байна.
Түүний эхнэрийн мэдээлснээр, нөхөр нь ажил хийх зорилгоор явсан боловч очсоныхоо дараа цэргийн ажиллагаанд татагдах нөхцөл байдал үүсжээ. Улмаар ар гэрийнхэн нь ГХЯ-нд хандаж, нөхрөө эх оронд нь буцаан авчрахад туслахыг хүссэн байна.
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагийн мэдээлснээр, тухайн иргэний ар гэрийнхнээс албан ёсны хүсэлт хүлээн авсны дараа ОХУ-ын Элчин сайдын яам, Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яам болон ОХУ-ын Батлан хамгаалах яам, Цэргийн прокурорын газарт ханджээ.
Ингэхдээ тухайн иргэн хэлний бэрхшээлийн улмаас гэрээнд санамсар болгоомжгүйгээр гарын үсэг зурсан байж болзошгүй нөхцөл байдлыг тайлбарлаж, эх оронд нь буцаах хүсэлт тавьсан байна. Энэ хэрэг "Гадаад улсад өндөр цалинтай ажилд зуучилна" гэх зарын үнэн бодит байдлыг нягтлахгүйгээр зорчих нь ямар эрсдэл дагуулж болохыг харуулсан ноцтой жишээ болов.
С.МАНДАХ