Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-д үзүүлж буй цэргийн дэмжлэгээ түр хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргажээ. Энэ хүрээнд ОХУ-д баллистик пуужин, их бууны сум нийлүүлэх ажиллагааг зогсоож, Оросын цэргийн тээврийн онгоцуудыг өөрийн агаарын орон зайгаар нэвтрүүлэхийг хориглосон гэх мэдээлэл гарчээ.

Украины цэргийн тагнуулын байгууллага 2026 оны арваннэгдүгээр сарын 26-нд олон нийтэд мэдээлэхдээ "Москва, Пёньяны хооронд аравдугаар сараас эхлэн дипломат зөрчил үүсэж, улмаар хоёр улсын цэргийн хамтын ажиллагаанд түр саад учирсан" гэж мэдэгдсэн байна. 

Тус байгууллагын мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-д үзүүлэх цэргийн тусламжийг түр хугацаагаар хязгаарлах шийдвэрийг биечлэн гаргажээ. 

ОХУ, БНАСАУ-ын хооронд ямар асуудлаас болж зөрчил үүсэв?

Украины тагнуулын байгууллагын тайлбарласнаар, хоёр улсын харилцаанд үүссэн үл ойлголцол ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденкогийн мэдэгдлээс эхэлжээ. Тодруулбал, Руденко ирээдүйд Москва Сөүл болон Пёньяны хоорондын харилцааны хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэх боломжтой гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

Гэвч энэ мэдэгдлийг БНАСАУ-ын тал хоёр улсын стратегийн түншлэл, холбоотны харилцааны тохиролцоотой нийцэхгүй гэж хүлээн авсан хэмээн Украины тагнуулын байгууллага мэдээлжээ. Улмаар аравдугаар сарын сүүлчээр БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чхве Сон Хи ОХУ-ын байр суурийг тодруулахыг шаардсан байна.

Түүний үзэж буйгаар, ОХУ Өмнөд Солонгостой харилцаагаа хэвийн болгох, хоёр Солонгосын харилцаанд зуучлах тухай мэдэгдэл хийх нь Москва, Пхеньяны байгуулсан холбоотны гэрээ, харилцан ойлголцолд нийцэхгүй байгаа аж. Үүний дараа БНАСАУ-ын удирдлага ОХУ-д үзүүлэх цэргийн дэмжлэгийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан гэж Украины тал тайлбарлажээ.

Пуужин, их бууны сум нийлүүлэх ажиллагааг зогсоосон уу?

Украины тагнуулын байгууллагын мэдээлснээр, Пёньяны гаргасан шийдвэр хэд хэдэн чиглэлд хэрэгжиж эхэлсэн байна. Үүнд:

  • ОХУ-ын цэргийн тээврийн нисэх онгоцуудыг БНАСАУ-ын агаарын орон зайгаар нэвтрүүлэхийг хориглосон.
  • ОХУ-д нийлүүлдэг KN-23 загварын баллистик пуужингийн дараагийн нийлүүлэлтийг түр зогсоосон.
  • Их бууны сум, зэвсгийн дараагийн ээлжийн нийлүүлэлтийг хязгаарласан.
  • ОХУ-ын хүсэлтээр БНАСАУ-ын цэргийн хүчний тоог нэмэгдүүлэх асуудлыг түр хойшлуулсан байна.

Эдгээр мэдээлэл батлагдвал Украины дайнд ашиглагдаж буй ОХУ-ын зэвсэг, сум хэрэгслийн нийлүүлэлтэд тодорхой нөлөө үзүүлэх боломжтой аж. Учир нь БНАСАУ 2023 оны хоёрдугаар хагасаас эхлэн ОХУ-д зэвсэг, сум хэрэгсэл нийлүүлж, 2024 оноос цэргийн алба хаагчдаа дайны ажиллагаанд оролцуулах болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж ирсэн.

Reuters агентлагийн мэдээллээр, БНАСАУ-ын нийлүүлсэн зэвсэг, сум хэрэгслийг ОХУ-ын Украины эсрэг явуулж буй дайны ажиллагаанд ашиглагдаж байгаа аж.

ОХУ 50 мянган цэрэг хүссэн ч Пёньян хойшлуулжээ

Украины тагнуулын мэдээллийн бас нэг анхаарал татсан хэсэг нь ОХУ-ын нутаг дэвсгэрт байрлаж буй БНАСАУ-ын цэргийн алба хаагчдын тоотой холбоотой юм байна. Тодруулбал, Украины тал "ОХУ одоо байгаа 8500 орчим цэргийн алба хаагчийн тоог 50 мянгад хүргэх хүсэлтийг Пёньянд тавьсан боловч БНАСАУ уг хүсэлтийг хэрэгжүүлэхээ түр хойшлуулсан" гэж мэдэгдсэн байна.

Украины тагнуулын байгууллагын мэдээлснээр, БНАСАУ-ын цэргийн анги нэгтгэлүүд ОХУ-ын Курск мужид байрлаж, Оросын цэргийн хүчний бүрэлдэхүүнд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа аж. Мөн Украины тал "Зуны дунд үеэс БНАСАУ-ын пуужингийн нэгж Воронеж мужид байрлаж, ОХУ-ын Зэвсэгт хүчний 112 дугаар пуужингийн бригадын бүрэлдэхүүнд ажиллаж байна" гэж мэдээлжээ.

Эдгээр байршил, цэргийн бүрэлдэхүүний талаарх мэдээллийг бие даасан эх сурвалжаар бүрэн баталгаажуулаагүй байна.

Хоёр улсын стратегийн түншлэл тасраагүй

Сонирхолтой нь, Украины тал хоёр улсын хооронд зөрчил үүссэн гэж мэдээлж байгаа энэ үед Москва, Пёньян хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаагаа олон нийтэд илэрхийлсээр буй аж. 2026 оны арваннэгдүгээр сарын 17-нд ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны нарийн бичгийн дарга Чо Ён Вонтой Москвад уулзжээ.

Уулзалтын үеэр хоёр улсын бүх талын стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх асуудлыг хөндсөн байна. Мөн арваннэгдүгээр сарын 19-нд БНАСАУ-ын төрийн мэдээллийн KCNA агентлаг ОХУ-д айлчилсан тус улсын төлөөлөгчид эх орондоо буцаж ирсэн талаар мэдээлжээ. Төлөөлөгчид хоёр улсын найрамдалт харилцаа, стратегийн түншлэл, цэргийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх улс төрийн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

Арваннэгдүгээр сарын 24-нд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Швейцарийн эрх баригчдыг ОХУ-ын эсрэг Европын холбооны хориг арга хэмжээг дэмжиж байгааг шүүмжилжээ. Эдгээр үйл явдал нь хоёр улсын улс төрийн харилцаа албан ёсоор тасарсан гэх мэдээлэл байхгүйг харуулж байна.

ОХУ, БНАСАУ-ын хамтын ажиллагаанд ямар өөрчлөлт гарч болох вэ?

ОХУ болон БНАСАУ 2024 оны зургадугаар сард иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд аль нэг тал нь зэвсэгт халдлагад өртсөн тохиолдолд нөгөө тал нь цэргийн болон бусад тусламж үзүүлэх тухай заалт багтсан байдаг. Үүнээс хойш хоёр улсын цэрэг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа эрчимжиж, БНАСАУ ОХУ-д их хэмжээний сум хэрэгсэл, баллистик пуужин нийлүүлэхээс гадна цэргийн алба хаагчдаа илгээсэн талаар олон улсын байгууллага, хэвлэлүүд мэдээлж ирсэн.

Мөн 2026 оны есдүгээр сарын 7-нд хоёр улс Туманная буюу Туманган голын дээгүүр авто замын шинэ гүүр нээжээ. Уг гүүр хоёр улсын хил дамнасан тээвэр, логистикийн урсгалыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт гэж үздэг. Гэвч Украины тагнуулын байгууллагын мэдээллээр, цэргийн хамтын ажиллагааны хүрээнд тодорхой хязгаарлалт үүссэнээр хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа түр саарах нөхцөл байдал бий болжээ.

Эх сурвалж: DW