Венесуэл улсын Үндэсний Ассамблейн дарга Хорхе Родригес долдугаар сарын 1-нд "Зургадугаар сарын 25-ны шөнө болсон хоёр хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 2295-д хүрлээ" гэж  мэдээлжээ. Мөн одоогийн байдлаар 11 267 хүн гэмтэж бэртсэн, ойролцоогоор 13 мянга орчим хүн орон гэргүй болсон байна.

Үүний зэрэгцээ НҮБ-аас мэдээлснээр, 50 мянга орчим хүнийг сураггүй алга болсонд тооцжээ. Хорхе Родригесийн хэлснээр, тэдний 30 мянга орчим нь хамгийн их хохирол амссан Ла-Гуайра хотын боомтын бүсэд байсан аж.

Тэрбээр аврагчид нурангийн доороос бараг 6500 хүнийг аварсан боловч амьд үлдсэн хүний тоо 20 мянгад хүрч болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Учир нь, олон хүн өөрсдөө болон ойр дотнын хүмүүсийнхээ тусламжтайгаар нурангиас гарч чадсан байна.

Венесуэлд долоо хоногийн гашуудал зарлав

Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч Делси Родригес долдугаар сарын 1-нд газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн дурсгалд зориулан улсын хэмжээнд долоо хоногийн гашуудал зарласан байна. Гашуудал тухайн өдрийн орон нутгийн цагаар 18:00 цагаас эхэлжээ.

Тэрбээр нийгмийн сүлжээний X платформ дахь хуудастаа “Хүчтэй газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсдэж, венесуэлчүүдийн сэтгэл эмгэнэлээр дүүрч байна. Бид хайртай хүмүүсээ алдсан гэр бүлүүдийн зовлонг хуваалцаж, шархадсан, сураггүй болсон иргэд болон хохирсон олон нийтийн төлөө залбирч байна” гэжээ.

“Сейсмийн хос цохилт” гэж нэрлэсэн хүчтэй газар хөдлөлт

Зургадугаар сарын 24-нд Венесуэлийн хойд хэсэгт, нийслэл Каракасаас баруун зүгт ердөө 39 секундын зайтай хоёр хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн хүч 7.2 болон 7.5 магнитуд хүрсэн нь сүүлийн 125 жилийн хугацаанд тус улсад бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэг аж.

Үүний дараа олон арван удаагийн давтан чичирхийлэл буюу афтершок болсон байна. Газар хөдлөлтийн улмаас олон тооны барилга байгууламж нурж, ялангуяа олон улсын нисэх онгоцны буудал болон улсын хамгийн том далайн боомт байрладаг Ла-Гуайра муж хамгийн их хохирол амсжээ.

АНУ-ын Үндэсний цунамийн сэрэмжлүүлэх төвөөс мэдээлснээр, Венесуэлд “сейсмийн хос цохилт” (seismic doublet) гэх үзэгдэл бүртгэгдсэн бөгөөд энэ нь нэг бүс нутагт хэдхэн секундын зайтайгаар ижил төстэй хүчтэй хоёр газар хөдлөлт дараалан болох үзэгдэл аж.

Эх сурвалж: DW