АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн нэг жилийн хугацаанд зөвхөн криптовалюттай холбоотой үйл ажиллагаанаас 1.2 тэрбум доллар олсон гэж AFP агентлаг долдугаар сарын 1-нд буюу лхагва гарагт мэдээлжээ.
Энэ тооцоог 80 настай ерөнхийлөгчийн өмнөх өдөр нь албан ёсоор танилцуулсан орлогын мэдүүлэгт үндэслэн хийсэн байна. Цагаан ордон төрийн тэргүүний талаарх ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой шүүмжлэлийг няцаажээ.
1978 оны хуулиар АНУ-ын ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч өөрсдийн орлого, хөрөнгөө ил болгох үүрэгтэй. Трампын 2025 оны мэдүүлэг нийтдээ 900 гаруй хуудастай байна.
Орлогын гол эх үүсвэрүүд
Баримтад дурдсанаар, АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн гэр бүлийн хяналттай криптовалютын компани болох World Liberty Financial-аар дамжуулан бараг 500 сая доллар олжээ. Мөн 2025 оны эхээр түүний тангараг өргөхөөс өмнөхөн гаргасан гэж нэрлэгддэг Trump-Coin-той холбоотой лицензийн төлбөрөөс Трамп мэдүүлгийн дагуу 635 сая доллар авсан байна.
AFP агентлагийн дүгнэснээр, Америкийн Ерөнхийлөгчийн криптовалютын салбар дахь үйл ажиллагаа түүний хувийн хөрөнгө огцом өсөх гол шалтгаан болжээ. Forbes сэтгүүлийн мэдээллээр, Трампын хөрөнгө 2024-2026 оны хооронд бараг гурав дахин өсөж, 2.3-6.5 тэрбум доллар болсон байна.
Цагаан ордны хариу
Трампыг Ерөнхийлөгчийн хувиар криптовалютын салбарын зохицуулалтыг сулруулах бодлогыг дэмждэг атлаа өөрөө энэ салбарт хөрөнгө оруулдаг тул ашиг сонирхлын зөрчилтэй гэж байнга шүүмжилдэг. Цагаан ордон зургадугаар сарын 30-нд эдгээр шүүмжлэлийг дахин няцаажээ.
Трампын дэд хэвлэлийн нарийн бичгийн дарга Анна Келли “Ерөнхийлөгч ч, түүний гэр бүл ч хэзээ ч ашиг сонирхлын зөрчилд гаргаж байгаагүй, цаашид ч гаргахгүй” гэж мэдэгдсэн байна. Тэр "Трамп АНУ-ыг дэлхийн криптовалютын төв болгох ажлыг бахархалтайгаар хийсэн" гэж хэлжээ.
Мөн санхүүгийн баримтад АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын орлого ч тусгагдсан байна. Түүний тухай Amazon-ийн баримтат киноноос 10 сая доллараас дээш, мөн 2024 оны сүүлээр гарсан “Melania” дурсамж номоос 500 мянга гаруй долларын орлого олсон гэж мэдүүлэгт дурджээ.
Эх сурвалж: DW