Украины Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Александр Сырский ОХУ-ын арми Украины хойд хэсэгт шинэ давшилт хийх хамгийн бодит хувилбар нь Беларусийн бус, ОХУ-ын Брянск мужаас Чернигов мужийн чиглэлд довтлох ажиллагаа гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

Тэрбээр Украины ТСН телевизэд өгсөн ярилцлагадаа, "Оросын талын зорилго нь Чернигов мужийн гүн рүү түрэн орж, улмаар Украины армийг энэ чиглэлд нэмэлт хүч татахад хүргэж, фронтын шугамыг сунган8 нөөц хүчийг сарниулах явдал байж болзошгүй" гэж тайлбарласан байна.

Сырский "Энэ бол бодитой хувилбар. Бид ийм нөхцөл байдалд бэлтгэж байна" хэмээн онцолжээ.

Беларусийн хувилбарыг ч үгүйсгээгүй

Сырскийн хэлснээр, ОХУ-ын Ерөнхий штаб довтолгооны хэд хэдэн хувилбарыг судалж буй бөгөөд Беларусийн нутгаар дамжин, Киевийн чиглэлд дахин давших боломжийг ч мөн тооцоолж байгаа аж.

Тэр "Путин Оросын Ерөнхий штабт довтолгооны ажиллагааны янз бүрийн хувилбар боловсруулах үүрэг өгснийг бид мэдэж байна. Тиймээс энэ хувилбарыг ч бид тооцоолж байна" гэж хэлжээ.

Беларусийн хил дээр томоохон цэргийн төвлөрөл ажиглагдаагүй

Гэвч Сырский одоогийн байдлаар Беларусийн талаас томоохон хэмжээний цэргийн хүч төвлөрсөн шинж тэмдэг ажиглагдаагүйг онцолсон байна.

Түүний үзэж буйгаар, сүүлийн үеийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл Беларусийн удирдлага өөрийн нутаг дэвсгэрийг Оросын шинэ давшилтын түшиц газар болгон ашиглуулах шийдвэр гаргах магадлал харьцангуй бага аж.

Тэрбээр "Украины арми энэ чиглэлд хамгаалалтаа бэхжүүлж, шаардлагатай бэлтгэлээ бүрэн хангасан" гэж мэдэгдээд, "Бидэнд туршлага бий. Сургасан нэгжүүд, бэлтгэгдсэн цэргүүд бий. Энэ чиглэлээс ирэх аливаа аюулаас хамгаалах бүрэн боломжтой" гэж хэлжээ.

Лукашенко дайнд татан оролцуулахгүй байхыг хүссэн

Энэ мэдэгдлийн өмнөхөн Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Орос, Украины аль алинд нь хандан Беларусь улсыг дайнд татан оролцуулахгүй байхыг уриалжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский үүнээс долоо хоногийн өмнө Беларусийн эрх баригчдаас Оросын нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг чиглүүлэхэд ашиглагдаж буй радио дамжуулах төхөөрөмжүүдийг долоо хоногийн дотор буулгахыг шаардсан байна.

Үүнтэй холбоотойгоор Сырский эдгээр төхөөрөмжүүд бүрэн буулгагдаагүй хэвээр байгаа ч сүүлийн үед зөвхөн нэг ретранслятор богино хугацаанд ажилласан талаар дурдсан бөгөөд "Цаашид дахин ажиллуулахгүй байх гэж найдаж байна" гэжээ.

Эх сурвалж: DW