Украин НҮБ-ын харъяа байгууллага болох Олон улсын далайн байгууллага (IMO)-д хандаж, Оросын “сүүдрийн флот”-ын хөлөг онгоцуудыг 'хууль ёсны цэргийн бай' гэж үзэх санал гаргасан байна.
Их Британийн Financial Times (FT) сонинд мэдээлснээр, Украины Шадар сайд Алексей Кулеба энэ талаар байгууллагад хандан зургадугаар сарын 26-нд албан бичиг илгээжээ. Өмнө нь далайн тээврийн салбарын Lloyd’s List сэтгүүл мөн уг захидлын талаар мэдээлсэн байна.
Украины талын илгээсэн бичигт Оросоос нефть, хий тээвэрлэдэг танкерууд нь “ОХУ-ын төсвийн орлогыг бүрдүүлэх болон цэргийн ажиллагааг үргэлжлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна” гэж дурджээ.
Тиймээс ийм хөлөг онгоцуудын үйл ажиллагааг зөвхөн энгийн худалдааны үйл ажиллагаа гэж үзэх боломжтой эсэхэд “үндэслэсэн асуулт гарч байна” гэж Украины тал мэдэгдсэн байна.
Украин: 2022 оноос хойш 200 гаруй худалдааны хөлөг онгоц халдлагад өртсөн
Алексей Кулебагийн мэдээлснээр, 2022 оны хоёрдугаар сард Орос, Украины дайн эхэлснээс хойш Оросын тал 200 гаруй арилжааны хөлөг онгоц руу халдсан гэж Украины тал үзэж байгаа аж. Түүнчлэн Хар тэнгист 59 худалдааны хөлөг онгоц халдлагад өртсөн гэж мэдэгдсэн байна.
Хохирол амссан хөлөг онгоцуудын дунд Панамын далбаатай Туркийн Victress хуурай ачааны хөлөг болон Германы компанийн эзэмшлийн, Либерийн далбаатай Helga хөлөг багтаж байгаа аж. Тус хөлөг Хар тэнгисийн Черноморск боомт руу 25 мянган тонн эрдэнэ шиш тээвэрлэж явжээ.
Орос өмнө нь IMO-д Украины эсрэг гомдол гаргажээ
FT-ийн мэдээлснээр, Оросын тал мөн зургадугаар сарын эхээр IMO-д захидал илгээж, Украины эрх баригчдыг “терроризм үйлдсэн” гэж буруутгасан байна. Энэ нь гуравдугаар сарын эхээр Оросын Arctic Metagaz хийн тээвэрлэгч хөлөг рүү хийсэн халдлагатай холбоотой байжээ.
Оросын тал тухайн үед уг хөлөг рүү Украины тэнгисийн дрон халдсан гэж мэдэгдсэн бөгөөд Францын олон улсын радио RFI-ийн мөрдөн шалгах багийн мэдээллээр мөн энэ хувилбарыг баталсан гэж дурдсан байна.
FT-ийн мэдээлснээр, уг үйл явдлын дараа Оросын далбаатай шингэрүүлсэн байгалийн хий (LNG) тээвэрлэгч хөлөг онгоцууд Газар дундын тэнгисээр зорчихоо больж, Африкийн өмнөд хэсгийн Сайн Итгэлтийн хошууг тойрох замаа сонгох болсон байна.
Оросын танкерт анх удаа пулемёт суурилуулсан нь анхаарал татав
Үүний зэрэгцээ Балтын тэнгисийн бүсэд хийсэн ажиглалтаар Оросын “Газпром”-ын эзэмшлийн Маршал Василевский нэртэй хийн тээвэрлэгч хөлөг дээр том калибрын пулемёт суурилуулсан зураг тархжээ. Эстонийн хил хамгаалагчдын тавдугаар сарын эхээр авсан зургууд дээр уг зэвсэг ил болсон байна.
Тус хөлөг сүүлийн нэг жилийн хугацаанд зөвхөн Калининград болон Санкт-Петербургийн хооронд зорчиж, бусад улсын нутаг дэвсгэрийн усанд нэвтрээгүй гэж мэдээлжээ.
Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, уг хөлөг нь зөвхөн LNG тээвэрлээд зогсохгүй шингэн хийг хий төлөвт шилжүүлэх зориулалттай тул хамгаалалтын арга хэмжээ авсан байж болох аж. Мөн Оросын бусад танкерууд руу халдсантай холбоотойгоор зэвсэг суурилуулсан байж болох талаар мэдээлсэн байна.
Оросын “сүүдрийн флот”-ын хөлөг онгоцууд халдлагад өртөж байсан уу?
FT-ийн мэдээлснээр, Оросын “сүүдрийн флот”-ын гурван танкер Туркийн эргийн ойролцоо халдлагад өртсөн талаар тавдугаар сарын сүүлээр мэдээлж байсан аж. Мөн Украин Балтын тэнгис дэх Оросын Приморск болон Усть-Луга боомтуудад халдлага хийсэн гэж мэдээлжээ.
FT-ийн мэдээлснээр, зургадугаар сарын эхээр Украины нисгэгчгүй төхөөрөмжийн халдлагын улмаас Оросын Тэнгисийн цэргийн корвет хөлөг Кронштадтын бүсэд ноцтой гэмтэл авсан байна. Мөн 2025 онд Украин Оросын “сүүдрийн флот”-ын 10 гаруй хөлөг онгоцыг онилжээ.
Эх сурвалж: DW