Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 6-р сургуульд говийн байгаль, экосистемийг хүүхэд, залуучуудад таниулах зорилготой Говийн байгаль, экологи танин мэдэхүйн танхим ашиглалтад орлоо.

Тус танхимыг Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр 2024–2028 онд хэрэгжиж буй “Боловсрол Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд байгуулжээ. Үүний үр дүнд сурагчид говийн бүс нутгийн байгаль орчин, экосистемийн онцлогийг илүү гүнзгий судалж, танин мэдэх боломж бүрдэж байна. Мөн сурагчид онолын мэдлэгээ практикт суурилан бататган ойлгож, байгальд ээлтэй зөв дадал, хэвшилтэй иргэн болж төлөвшинө.

Говийн байгаль, экологи танин мэдэхүйн танхимд говийн амьтан, ургамал, уур амьсгалын онцлог болон байгаль хамгааллын ач холбогдлыг харуулсан үзүүлэн, мэдээллийн самбар, сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг байршуулжээ.

May be an image of television and text

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 6-р сургуулийн сургалтын менежер П.БҮДХАНД:

-Манай сургууль Байгалийн ухааны төрөлжсөн сургалттай болох зорилт тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Говийн байгаль, экологийн танин мэдэхүйн танхимыг байгуулж, сурагчдад байгаль орчноо танин мэдэх, хайрлан хамгаалах зөв хандлага, төлөвшлийг олгохыг зорьж байна. Энэ танхимыг хими, биологи, газар зүй гээд олон хичээлд ашиглах  бүрэн боломжтой.

Мөн бид бага ангийн сурагчдад зориулсан байгалийн ухааны кабинетыг шинээр байгуулсан. Ингэснээр бага ангийн сурагчид байгаль, шинжлэх ухааны суурь мэдлэгийг эзэмшинэ. Харин дунд болон ахлах ангийн сурагчид шинэ танхимд илүү практик, туршилтад суурилсан хичээлүүдээр суралцах  нөхцөл бүрдэж байна.

Хүн өөрийн мэддэг, ойлгодог зүйлээ илүү хайрлаж хамгаалдаг бол мэдэхгүй зүйлдээ хандах хандлага сул байдаг. Тиймээс байгаль орчны талаарх мэдээлэл, танин мэдэхүйн агуулгыг өргөн хүрээнд өгснөөр хүүхдүүдийн байгальд хандах хандлага, ухамсарт эерэг өөрчлөлт гарна.

 

May be an image of Bactrian camel and text

Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал С.ЭРДЭНЭБАТ:

-Орон нутагт хэрэгтэй олон төслийг санхүүжүүлж байна. Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас санхүүжүүлсэн хоёр дахь сургууль юм.

Сургуулийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор байгалийн ухааны иж бүрэн кабинетыг ашиглалтад орууллаа. Бид зөвхөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйл ажиллагааг дэмжихээс гадна багш, ажилтнууд, эмч нарын ажиллах нөхцөлийг сайжруулах, тэдний ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

“Боловсрол Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг нь энэхүү байгалийн ухааны кабинет юм. Кабинетыг байгуулж, тохижуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Даланзадгад сумын Засаг дарга, Тамгын газар, Боловсролын газар болон бусад бүх байгууллагад талархал илэрхийлье.

May be an image of text

6-р сургуулийн Газар зүйн багш Б.БАДАМЦЭЦЭГ: 

-Өмнөговь аймаг нь экосистемийн хувьд өвөрмөц тогтоцтой бүс нутагт тооцогддог. Говийн байгаль, экологи танин мэдэхүйн танхимтай болсноор сурагчид биологийн олон янз байдал, амьтан, ургамлын төрөл зүйлийг танин мэдэх, цаашлаад тэдгээрийг хайрлан хамгаалах, зөв хандлагыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Мөн манай сургууль цаг уурын бичил станцтай болсон бөгөөд сурагчид газарзүйн хичээлийн онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх өргөн боломжийг олгож байна. Сурагчид хэмжилт хийж, температурын хэлбэлзлийн график байгуулах, дүн шинжилгээ хийх, улмаар уур амьсгалын өөрчлөлтийн явцыг судлах, мэдлэг мэдээлэлтэй болох боломж бүрдэж байна.