Дэлхийн уул уурхайн томоохон компаниудын нэг "Рио Тинто" болон Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн зэсийн уурхайн төслийн санхүүгийн нөхцөлийг шинэчлэх тохиролцоонд хүрсэн талаар Их Британийн "Financial Times" сонин мэдээлжээ. Бид энэхүү тус сонины нийтлэлийг энэ удаа "БИДНИЙ ТУХАЙ" буландаа онцолж байна. 

Тус нийтлэлд дурдсанаар, Монголын өмнөд бүсэд хэрэгжиж буй 18 тэрбум ам.долларын үнэлгээтэй Оюу Толгой төсөлтэй холбоотой зарим санхүүгийн нөхцөлд өөрчлөлт оруулахаар талууд тохиролцсон байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд "Рио Тинто" компанийн төслийн удирдлагын төлбөрийг 50 хувиар бууруулах бөгөөд Монголын талын санхүүжилттэй холбоотой зээлийн хүүг мөн бууруулахаар болжээ.

Оюу Толгой төсөл Монгол Улсын эдийн засагт хамгийн том нөлөө бүхий гадаадын хөрөнгө оруулалтын төслүүдийн нэг бөгөөд олон жилийн турш талуудын хооронд төслийн өгөөж, санхүүгийн нөхцөлтэй холбоотой хэлэлцүүлэг үргэлжилж ирсэн.

Монголын тал өмнө нь тус төслийн зарим нөхцөл улсын эрх ашигт нийцэхгүй байна гэж үзэн, илүү шударга, тэнцвэртэй нөхцөл бүрдүүлэх шаардлагатай гэж байр сууриа илэрхийлж байсан юм.

"Financial Times"-т мэдээлснээр, дэлхий дахинд зэсийн эрэлт нэмэгдэж байгаа энэ үед Оюу Толгойн ач холбогдол улам өсөж байна. Цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан сүлжээ зэрэг салбарын хөгжилтэй холбоотойгоор зэс нь ирээдүйн стратегийн чухал түүхий эдийн нэг болж буй. Иймд Оюу Толгой элхийн хэмжээний томоохон зэсийн ордуудын нэгд тооцогддог.

Монгол Улс Оюу Толгой төслийн 34 хувийг эзэмшдэг хэдий ч ногдол ашиг бодитоор хүртэх хугацаа олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн. Өмнөх тооцооллуудаар Монголын тал ногдол ашгаа бүрэн хүртэж эхлэх хугацаа хойшилж, 2037 он орчим гэж яригдаж байсан. Харин шинэ тохиролцоогоор Монголд ирэх өгөөжийг нэмэгдүүлэх, төслийн үр ашгийг сайжруулах чиглэлд алхам хийсэн гэж талууд үзэж байна.

Гэхдээ энэхүү шинэ тохиролцоо нь Оюу Толгойтой холбоотой бүх асуудлыг бүрэн шийдсэн гэсэн үг биш юм. Төслийн татвар, урт хугацааны өгөөж, Монголын талын ашиг хүртэх нөхцөл зэрэг зарим асуудлыг цаашид ч хэлэлцэгдэх шаардлагатай хэвээр байгаа ажээ.

Оюу Толгой бол зөвхөн нэг уурхайн төсөл биш бөгөөд Монгол Улсын эдийн засгийн ирээдүй, хөрөнгө оруулалтын орчин, дэлхийн зах зээл дэх байр суурьтай холбоотой стратегийн ач холбогдолтой төсөл юм. Зэсийн үнэ, дэлхийн эрчим хүчний шилжилт, уул уурхайн салбарын өөрчлөлтүүдийн үед энэ төслийн хөгжил олон улсын анхаарлын төвд байсаар байх төлөвтэй байна.

Эх сурвалж: FINANCIAL TIMES