ХААН Банк дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Economic Outlook 2027: Financing the Future” арга хэмжээний хүрээнд “Эдийн засгийн төлөв байдлын тайлан-2027”-г танилцууллаа.

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р. Менхтуяа тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Харилцагчдынхаа өсөлт, хөгжлийг дэмжих санхүүгийн цогц шийдэл, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийг төрөлжүүлэх, тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад чиглэсэн санхүүжилт, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлсээр байна” гэж онцлов. 

May be an image of newsroom and text

“Эдийн засгийн төлөв байдлын тайлан-2027” тайлан нь Монгол Улс болон дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг тоймлон шинжилж, бизнес эрхлэгчид, харилцагчид, түнш байгууллагуудад стратеги төлөвлөлт, хөрөнгө оруулалт болон бизнесийн шийдвэр гаргалтаа оновчтой тодорхойлоход шаардлагатай мэдээлэл, судалгаа, дүн шинжилгээг хүргэх зорилготой.

May be an image of speaker, lighting, crowd and text

2026 он дэлхийн эдийн засгийн хувьд геополитикийн эрсдэл нэмэгдэж, гадаад орчны тодорхойгүй байдал, гэнэтийн үйл явдлууд давамгайлсан, сорилт ихтэй жил байлаа. Гэсэн хэдий ч Монгол Улсын эдийн засаг гадаад орчны хүндрэл, сорилтыг даван туулах тэсвэртэй, уян хатан байдлаа харуулж, өсөлтийн эерэг хандлагаа хадгалж чадсан байна.

Цаашид ч эдийн засгийн өсөлтийг дэмжих суурь нөхцөл харьцангуй тогтвортой хадгалагдаж, 2027 онд эдийн засгийн идэвхжил үргэлжлэх төлөвтэй байгааг тайланд онцолжээ.

May be an image of text

Эдийн засгийн өсөлтөд уул уурхай, хөдөө аж ахуйн салбар голлон нөлөөлөв

2026 оны эхний хагаст Монгол Улсын эдийн засаг 7.7 хувиар өссөн нь уул уурхай, түүнийг дагасан үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд болон хөдөө аж ахуйн салбарын сэргэлттэй голлон холбоотой байв.

Энэ нь уул уурхайн салбарын идэвхжил эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлж байгаагийн зэрэгцээ бусад салбарын сэргэлт ч эдийн засгийн тэлэлтийг дэмжиж байгааг илтгэж буй.

Цаашид өсөлтийн энэ эрчийг хадгалах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, дотоодын үйлдвэрлэл болон нэмүү өртөг шингэсэн салбаруудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь чухал сорилт хэвээр байна.
 

May be an image of text

Инфляц саарах төлөвтэй ч үнийн дарамт бүрэн арилахгүй

2027 онд инфляцын өсөлт харьцангуй саарах хүлээлттэй байгаа ажээ. Ялангуяа 2026 онд үнийн өсөлт огцом нэмэгдсэнтэй холбоотой суурь нөлөө арилж, хүнсний бүтээгдэхүүн болон шатахууны үнийн өсөлт тогтворжих нь инфляцыг бууруулахад эерэгээр нөлөөлөхөөр буй юм байна.

Гэсэн хэдий ч төсвийн зардлын тэлэлт, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн өсөлтөөс үүдэлтэй дотоод эрэлтийн дарамт, мөн дэлхийн зах зээл дэх шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл болон нийлүүлэлтийн эрсдэл инфляцад нөлөөлсөн хэвээр байх төлөвтэй аж.

Иймээс инфляцын өсөлт саарах хэдий ч Төв банкны зорилтот түвшний дээд хязгаарт ойр хадгалагдах эрсдэлтэйг тайланд дурджээ.

May be an image of one or more people and text

Мөнгөний бодлого чангарч, өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй

Инфляцын эрчимжилттэй холбоотойгоор мөнгөний бодлогын төлөв өмнө нь хүлээгдэж байснаас илүү чангарч, бодлогын хүү оны эхнээс 0.5 нэгж хувиар нэмэгдэн 12.5 хувьд хүрсэн байна.

Гэхдээ инфляцын өсөлтөд нийлүүлэлтийн гаралтай хүчин зүйлс голлон нөлөөлж байгаа тул бодлогын хүүг огцом, эрчимтэй нэмэгдүүлэх нь эдийн засгийн өсөлт, санхүүжилтийн хүртээмжид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Ийм нөхцөлд Төв банк бодлогын хүүгээс гадна арилжааны банкуудын төгрөг болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг нэмэгдүүлэх зэрэг макро зохистой бодлогын хэрэгслээр дамжуулан мөнгөний нөхцөлийг чангаруулах чиглэл баримталж буй юм.

May be an image of one or more people and text

Нийлүүлэлтийн шинж чанартай инфляцын дарамт давамгайлж буй нь бодлогын хүүг харьцангуй бага хэмжээгээр нэмэгдүүлэхэд нөлөөлсөн бөгөөд инфляцын түвшин өндөр байгаа нөхцөлд бодит хүү сөрөг утгатай болох эрсдэлтэй. Энэ нь цаашид мөнгөний бодлогыг дахин чангатгах шаардлага үүсэж болзошгүйг илтгэж байна.

Мөн инфляц эрчимжих нь бодит хүүг бууруулж, улмаар өрхийн хэрэглээ, хадгаламж, хөрөнгө оруулалт болон эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймд мөнгөний бодлогын цаашдын чиглэл нь инфляцын төлөв, дотоод эрэлт, төсвийн бодлого болон гадаад орчны өөрчлөлтөөс ихээхэн хамаарах юм.

Ирээдүйн санхүүжилт, стратегийн шийдвэрт чиглэсэн судалгаа

May be an image of text

ХААН Банк энэхүү арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа нь банк, санхүүгийн салбарын үүрэг зөвхөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээр хязгаарлагдахгүй, харин харилцагчид болон бизнесийн байгууллагуудад зах зээлийн мэдлэг, мэдээлэл, судалгаанд суурилсан шийдвэр гаргалтын дэмжлэг үзүүлэхэд чиглэж буй аж.

Тус банкны мэргэжлийн шинжээчдийн байр суурь, дотоод судалгаа, аргачлал, загварчлалд тулгуурласан “Эдийн засгийн төлөв байдлын тайлан-2027” нь ирэх оны эдийн засгийн орчин, зах зээлийн боломж, эрсдэлийг урьдчилан үнэлэх, бизнесийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын шийдвэрээ оновчтой тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Эдийн засгийн ирээдүйн чиг хандлагыг зөв тодорхойлж, эрсдэлийг урьдчилан тооцоолох нь бизнесийн тогтвортой өсөлтийн үндэс билээ. Энэ утгаараа ХААН Банкны уламжлалт форум нь Монголын бизнесийн орчинд судалгаа, шинжилгээнд суурилсан шийдвэр гаргалтын соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой санаачилга болж байна.

Э.ЭГШИГЛЭН