Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хоёр тусдаа эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар мэдээллээ.

Эхний хэрэгт Г.С, Н.Г нар 2025 оны долдугаар сарын 17-ны өдөр бүлэглэн олсны төрлийн ургамал буюу хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хэрэглэсэн болох нь мөрдөн шалгалтаар тогтоогджээ.

Мөн мөрдөн шалгалтын явцад Г.С нь насанд хүрээгүй хүүхдүүдийг мансууруулах бодис хэрэглэх нөхцөл боломж бүрдүүлэн, орон байраар хангасан, улмаар хохирогч мансуурч, биеэ хамгаалах чадваргүй болсон байдлыг ашиглан 18 насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн гэх үйлдэл тогтоогдсон байна.

Иймд прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан, 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангасан, мөн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Хоёр дахь хэрэгт С.Б, Р.М нар бүлэглэн "мөс" гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Турк Улсаас бусдаар дамжуулан захиалж, худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, улмаар 2026 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хадгалсан хэрэгт холбогдсон байна.

Прокуророос тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар ашигласан гэмт хэрэгт тооцон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нь нийгмийн аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг болохыг онцолж, ийм төрлийн гэмт хэрэгт хуульд заасан хариуцлагыг хатуу хэрэгжүүлдэг талаар мэдээлэв.