Оросын арми Украины зүүн хэсгийн стратегийн ач холбогдолтой хамгаалалтын зангилаа болох Костянтинивка хотын чиглэлд аажмаар давшсаар байгаа аж. Энэ хот нь Украины зүүн фронтын “бэхлэлт бүс” хэмээн нэрлэгддэг хамгаалалтын шугамын гол түшиц цэгүүдийн нэг бөгөөд Кремль удаан хугацаанд эзлэхийг зорьж иржээ.

Хэдийгээр 1,200 гаруй километр үргэлжилсэн фронтын бусад хэсэгт Оросын давшилт саарсан ч Костянтинивкагийн чиглэлд довтолгоо үргэлжилж байгаа талаар шинжээчид мэдээлсэн байна.

Украины өндөр албан тушаалын цэргийн командлагчдын мэдээлснээр, Оросын цэргүүд жижиг бүлгээр хотын зах руу нэвтрэхийг оролдож эхэлсэн бөгөөд ойрын зайны ширүүн тулаан өрнөх эрсдэл нэмэгдэж байгаа аж.

Украины хамгаалалтын гол зангилаа

Костянтинивка нь Донецк муж дахь Украины хамгаалалтын шугамыг бүрдүүлдэг дөрвөн чухал хотын хамгийн өмнөд хэсэгт байрладаг аж. Энэхүү хамгаалалтын бүс нь аж үйлдвэр өндөр хөгжсөн Донецк мужийг хамгаалах Украины гол тулгуур болж иржээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, Украины дунд тусгалын дронууд Оросын хангалтын шугамд үр дүнтэй цохилт өгч буй ч Москва хүний нөөцийн давуу талаа ашиглан давшилтаа үргэлжлүүлэх боломжтой хэвээр байгаа аж.

A resident watches from his balcony as other flat burns after being hit by a Russian drone in the frontline town of Druzhkivka

Финландын Black Bird Group судалгааны багийн шинжээч Эмил Кастехельми "Украины дунд тусгалын цохилтууд Оросын логистикт тодорхой нөлөө үзүүлж байгаа ч довтолгоогоо бүрэн зогсоох хэмжээнд хүрээгүй" гэж дүгнэжээ.

Түүний хэлснээр, Оросын арми ар талдаа их хэмжээний хохирол амсаж байгаа ч зарим чиглэлд довтолгоогоо үргэлжлүүлэх чадвараа хадгалсаар буй юм байна.

Словянск болон Краматорск руу давших боломж

Хэрэв Орос Костянтинивка хотыг эзэлж чадвал хойд чиглэлд байрлах хамгаалалтын бусад хотууд болох Словянск болон Краматорск руу давших боломж нээгдэх аж.

Гэхдээ цэргийн шинжээчид ийм ажиллагаа богино хугацаанд дуусахгүй, өмнө нь Авдиевка, Покровск зэрэг хотуудын төлөө болсон удаан, их хэмжээний хохиролтой тулалдаануудтай төстэй байж болзошгүй гэж үзэж буй юм байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донецк мужийг бүхэлд нь хяналтдаа авах нь дайны зорилтын нэг хэвээр байгаа гэж удаа дараа мэдэгдэж ирсэн. Харин дөрвөн жил гаруй үргэлжилсэн дайны дараа ч Украины тал Донецк мужийн ойролцоогоор тавны нэгийг хяналтдаа хадгалсаар байгаа аж.

An entangled Russian drone over a road covered with anti-drone net in the frontline town of Druzhkivka

"Эрсдэл өдөр ирэх тусам нэмэгдэж байна"

Путин өнгөрсөн долоо хоногт Костянтинивкаг эзлэхэд ойртсон гэж мэдэгдсэн бөгөөд дайнаас өмнө 70 мянга орчим хүн амтай байсан хотод одоо ердөө хоёр мянга орчим оршин суугч үлдсэн гэжээ.

Гэвч Украины 19 дүгээр армийн корпусын командлал энэ мэдэгдлийг хэтрүүлсэн гэж үзэж, хотод нэвтэрсэн Оросын жижиг бүлгүүдийг Украины цэргүүд устгаж байгаа талаар мэдэгдсэн байна.

Украины Зүүн ажиллагааны командлалын дарга, хошууч генерал Виктор Николюк одоогийн хүч, нөөцөөр Костянтинивкаг хамгаалах боломжтой гэж мэдэгдсэн байна.

АНУ-д төвтэй Institute for the Study of War байгууллага ч Оросын нэвтрэлт тактикийн нөхцөл байдлыг хүндрүүлж буй ч ойрын хугацаанд хамгаалалтыг бүхэлд нь нураах хэмжээний цоорхой үүсгээгүй гэж дүгнэжээ.

Ukrainian servicemen observe the sky for Russian drones near the frontline town of Druzhkivka

Харин Украины DeepState төслийн шинжээч Руслан Микулагийн хэлснээр, Оросын арми хотыг хоёр талаас бүслэх ажиллагаагаа эрчимжүүлж байгаа нь Украины хамгаалалтыг улам хүндрүүлж буй аж.

Тэрбээр "Украины тал удахгүй шийдвэр гаргах шаардлагатай болно. Эсвэл хамгаалалтаа улам бэхжүүлэх, эсвэл ухрах сонголтын аль нэгийг хийхээс өөр аргагүй. Өдөр өнгөрөх тусам хамгаалах өртөг улам нэмэгдэж байна" гэжээ.

Эмил Кастехельми ч мөн Костянтинивка эцэстээ Оросын мэдэлд орох магадлал өндөр байгаа бөгөөд энэ нь "цаг хугацааны асуудал болж хувирч байна" гэж дүгнэсэн байна.

Дронууд тэнгэрийг эзэгнэжээ

Reuters агентлаг Украины Үндэсний цагдаагийн газрын "Предатор" тусгай буудлагын бригадтай хамт фронтын шугамын ойролцоо ажилласан байна. Фронтын бүсэд нисгэгчгүй онгоцноос хамгаалах тор зам дагуу татсан бөгөөд шилэн кабелиар удирддаг FPV дронуудын тасарсан утаснууд зам дагуу хөглөрч байжээ.

Хамгийн аюултай хэсэгт хүнсний бүтээгдэхүүн, ус, сум хэрэгслийг газрын роботуудаар тээвэрлэж байгаа бөгөөд цэргүүд дөрвөн дугуйт мотоцикл ашиглан хөдөлгөөнөө хийдэг болсон байна.

Өдгөө 34 настай украин цэрэг Александр Космин "Энд шархадсан болон амиа алдсан хүмүүсийг энгийн машинаар тээвэрлэх боломжгүй. Бүх зүйл явган явагдаж байна" хэмээн ярьжээ.

A member of the police evacuation unit fires an assault rifle to shoot down a Russian drone in the frontline town of Druzhkivka

Иргэд дүрвэж эхэлжээ

Костянтинивкагаас хойд зүгт орших Дружковка хотод ч байдал улам хүндэрч, иргэд аюулгүй бүс рүү нүүн шилжиж байгаа аж. Reuters-ийн сурвалжлагчид нэгэн гудамжинд Оросын дроны цохилтод өртсөн иргэний автомашин дотор нас барсан эхнэр, нөхрийн цогцостой таарсан байна. Тус автомашины дээвэр дээр энгийн иргэний тээврийн хэрэгсэл болохыг илтгэсэн цагаан тууз хэвээр байжээ.

Өдгөө 59 настай оршин суугч Лариса Середа "Би айж байна. Дронууд байнга нисэлдэж байна. Гэхдээ дайн дуусмагц гэртээ эргэн ирнэ. Би өөр газар амьдрахыг хүсэхгүй" гэжээ.

Оросын дайны хүчин чадалд дарамт нэмэгдэж байна

Костянтинивка орчимд Оросын давшилт үргэлжилж байгаа ч Украины тал Крымийн хойг руу чиглэсэн хангалтын замууд болон газрын тосны салбарт холын тусгалтай цохилт өгсөөр байгаа нь Оросын дайны чадавхад дарамт учруулж буй юм байна.

Оросын хяналтад байгаа Крымийн захиргаа эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор онц байдал зарлаж, шатахууны жижиглэн худалдааг түр хугацаанд зогсоожээ.

Украины шинжээчдийн үзэж буйгаар, Оросын арми фронтын олон чиглэлд хүчээ хэт тараасан бөгөөд зарим дайралтыг ганц, хоёр цэрэг хүртэл хийж байгаа аж.

Members of the police evacuation unit  assist a resident during an evacuation from the frontline town of Druzhkivka

Гэвч Оросын байгуулсан Донецкийн захиргааны тэргүүн Денис Пушилин Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа "Шинэ хотуудыг эзлэх ажиллагаа төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна" гэж мэдэгдсэн байна. Тэрбээр "Энэ ажиллагаа хурдан, эсвэл удаан явагдаж байгаа нь гол асуудал биш. Гол нь зорилгоо биелүүлэх явдал" гэж хэлжээ.

Энэ хооронд Оросын хатуу байр суурьтай улстөрчид Украины дроны довтолгоо, тэр дундаа Москваг чиглэсэн халдлага нэмэгдэж буйтай холбогдуулан АНУ-ын дэмжлэгтэй энхийн хэлэлцээг зогсоож, дайны ажиллагааг улам эрчимжүүлэхийг Кремльд уриалж байна.

Эх сурвалж: REUTERS