ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт мэдэгдэл хийхдээ, "Орос улс Украины дөрвөн бүс нутгийг бүрэн хяналтдаа авах зорилгоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ" гэж мэдэгдэв. Тэрбээр дөрвөн жил гаруй үргэлжилж буй дайны хүрээнд Украины талаас гаргасан шинэ саналыг хүлээн авахаас татгалзсан байна.
Путин Оросын төрийн телевизэд өгсөн ярилцлагадаа мөн Украины нисгэгчгүй онгоцны халдлага эрчимжиж, ялангуяа газрын тосны салбар луу чиглэж байгаатай холбоотойгоор "Орос улс агаарын довтолгооноос хамгаалах чадавхаа нэмэгдүүлэх шаардлагатай" гэж мэдэгджээ.
Тэрбээр Украины цохилтуудын улмаас Оросын зарим бүс нутагт шатахууны нийлүүлэлтэд хүндрэл гарсныг хүлээн зөвшөөрсөн ч "нөхцөл байдлыг зохицуулж чадна" гэж хэлсэн байна.
Путин өмнө нь Кремльд Засгийн газрын гишүүд болон бусад албан тушаалтнуудтай хийсэн уулзалтын үеэр Украины цохилтууд Оросын зарим бүс нутагт шатахууны хомсдол үүсгэсэн талаар ярьсан ч асуудлыг шийдвэрлэж байгаа талаар мэдэгдсэн байна.
Украины холын тусгалтай цохилтыг зогсоох саналыг Москва хүлээж аваагүй гэж мэдэгдэв
Путин ярилцлагадаа Украины талаас энх тайвны үйл явцын эхлэл болгон холын тусгалтай цохилтыг харилцан зогсоох санал тавьсан талаар мэдэгджээ. Тэрбээр "Москва энэ саналыг Украины армийн фронт дахь дарамтыг бууруулах зорилготой алхам гэж үзэж буй тул үүнд анхаарлаа сарниулахгүй" гэж хэлсэн байна.
Путин “Энэ саналыг яагаад гаргаж байгааг ойлгоход хэцүү биш. Учир нь, Украины нутаг дэвсгэрийн гүн рүү хийж буй манай хариу цохилтууд илүү хүчтэй, илүү үр нөлөөтэй, үнэнийг хэлэхэд илүү их сүйрэл дагуулж байна” гэж хэлжээ.
Мөн тэрбээр Украины Зэвсэгт хүчин хүний нөөцийн ноцтой дутагдалтай байгаа учраас ийм санал гаргаж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Путин “Киевийн дэглэмийг аврах тухай бидний төлөвлөгөөнд байхгүй” гэж мэдэгдсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн ажлын алба Путины мэдэгдэлд шууд хариу өгөөгүй байна.
Орос Донбасс болон бусад бүс нутгийг хяналтдаа бүрэн авах зорилготой гэж мэдэгджээ
Зеленский энэ сарын эхээр Путинд хандан нүүр тулсан уулзалт хийх санал тавьсан боловч Оросын удирдагч уг саналыг хүлээж аваагүй гэж Reuters мэдээлжээ.
Путин ярилцлагадаа Украины довтолгоонууд нь Оросын гол зорилго болох Донбассыг бүрэн эзлэх, “Новороссия” гэж нэрлэсэн бүс нутгийг хяналтдаа авах үйл ажиллагаанд саад хийх зорилготой гэж мэдэгдсэн байна.
Тэрээр Донбассын бүс нутаг дахь, ялангуяа Донецк мужид үлдсэн Украины хяналттай байрлалуудыг орхихыг Орос улс аливаа энхийн хэлэлцээний гол нөхцөлүүдийн нэг гэж удаан хугацаанд шаардаж ирснийг онцолсон байна.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаагаа эхлүүлснээс хойш долоон сарын дараа Донецк, Луганск, Херсон, Запорожье гэсэн дөрвөн бүс нутгийг өөрийн нутаг дэвсгэрт нэгтгэсэн гэж зарласан юм. Гэвч олон улсаас хүлээн зөвшөөрөөгүй уг шийдвэрийн дараа ч эдгээр бүс нутгийн зарим хэсэг Украины хяналтад хэвээр үлдсэн байна.
Украины дроны довтолгоонд хариу арга хэмжээ авна гэжээ
Путин Украины дунд болон холын зайн нисгэгчгүй онгоцны ажиллагааны талаар хэлэхдээ "Орос улс шаардлагатай агаарын довтолгооноос хамгаалах системийн үйлдвэрлэлийг эрчимтэй нэмэгдүүлэх хэрэгтэй" гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр “Хамгийн эхний зорилт бол шаардлагатай агаарын хамгаалалтын системүүдийн үйлдвэрлэлийг хурдан бөгөөд мэдэгдэхүйц нэмэгдүүлэх явдал” гэж хэлжээ. Путины хэлснээр, Украины Оросын дэд бүтцэд чиглүүлж буй цохилтууд фронтын нөхцөл байдалд нөлөөлөхгүй байгаа аж.
АНУ-ын зуучлалын оролдлогын талаар ярив
Путин мөн АНУ тэргүүтэй дипломат хүчин чармайлт дахин сэргэж магадгүй гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын төлөөлөгчид болох Стив Уиткофф болон Жаред Кушнер нар Москвад дахин айлчилж магадгүй гэж хэлжээ.
Путин мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн өмнөх мэдэгдэлтэй санал нийлсэн байна. Тэр "Орос, АНУ-ын хэлэлцээнүүдийн үеэр Украины дайныг дуусгах боломжийн талаар ярилцсан ч ямар нэг албан ёсны гэрээ байгуулаагүй" гэж мэдэгджээ.
Тэрбээр “Хэн ч юунд ч гарын үсэг зураагүй. Гэхдээ Украины мөргөлдөөнийг дуусгах боломжуудын талаар ярилцсан” гэж хэлсэн байна.
Беларусийн оролцооны талаар дурджээ
Путин мөн Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко энхийн хэлэлцээнд тусалж магадгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Беларусь улс 2022 оны хоёрдугаар сард Орос Украинд цэргийн ажиллагаа эхлүүлэх үед өөрийн нутаг дэвсгэрийг ашиглуулах боломж олгосон боловч Лукашенко Беларусь улсын цэргийг байлдаанд оруулахгүй гэж мэдэгдэж байсан аж.
Эх сурвалж: REUTERS