Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Жамъянгийн Энхбаяр өнөөдөр (2026.06.29) Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин, уул уурхайн салбарын бодлого болон томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүрээнд бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт, зөвшөөрлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хуулийн шинэчлэл хийж байгаа талаар онцлов.
Түүний хэлснээр, өнгөрсөн хугацаанд эдийн засгийн бодлогод хийсэн дүгнэлтүүд дээр үндэслэн үйлдвэржилтийг нэмэгдүүлэх, түүхий эдийг зөвхөн экспортлох бус нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага тулгарчээ.
Ж.Энхбаяр хэлэхдээ, улсын төсвийн ихэнх хэсэг нь урсгал зардалд зарцуулагдаж, хөрөнгө оруулалт болон дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт хийх боломж хязгаарлагдаж байгааг анхааруулав. Түүний дурдсанаар, төсвийн ойролцоогоор 80 хувь нь төрийн албан хаагчдын цалин, багш, эмч нарын цалин, тэтгэвэр, халамж зэрэг тогтмол зардалд зарцуулагдаж байгаа аж.
Тэрбээр ийм нөхцөлд эдийн засгийн өсөлтийг хангах, төсвийн орлогын суурийг нэмэгдүүлэхийн тулд уул уурхайн салбарын зарим төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай гэж үзэж буй юм байна.
Засгийн газраас уул уурхайн зарим төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа талаар мэдээлсэн юм.
Сайд мөн дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ тогтмол өөрчлөгддөг бөгөөд улс орнууд энэ мөчлөгийг зөв ашиглах шаардлагатайг онцолжээ. Тухайлбал, нүүрсний үнэ нэг үед тонн тутамдаа 200 ам.доллар хүрч байсан бол зарим үед 20 ам.доллар хүртэл буурч байсныг дурдав. Харин одоогийн байдлаар нүүрсний үнэ ойролцоогоор 60-70 ам.долларын түвшинд байгаа аж.
Үүний зэрэгцээ тэрбээр зэсийн үнэ өсөлттэй байгаа нь Монголын эдийн засагт боломж авчирч буйг тэмдэглэлээ. Өмнө нь зэсийн үнэ 1200 ам.долларын орчим байсан үе байсан бол өнөөдөр 13 мянган ам.доллар хүрээд буй юм.
Ж.Энхбаяр сайд нүүрсний экспортын бууралтыг зэсийн үнийн өсөлтөөр тодорхой хэмжээнд нөхөж байгаа бөгөөд энэ үеийг ашиглан стратегийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө оруулалт татах нь чухал болохыг онцоллоо.
Тэрбээр “Түүхий эдийн үнэ өндөр байгаа үед хөрөнгө оруулалт татах нь илүү ашигтай. Учир нь, хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, хөрөнгө оруулалтаа нөхөх боломж илүү байдаг. Үнэ буурсны дараа төслүүд хойшилдог, үүний улмаас улс орон боломжоо алддаг” хэмээв.
Тэрбээр "Улс орноо бодмоор байна. Дотоодын улс төржилт, хэрүүл, хийрхлийг зогсоомоор байдаг. Ард түмний, ТББ-ын нэр барьсан хүмүүстэй хатуу тэмцэх хэрэгтэй байна" гэлээ.
Мөн сайд дотоодын улс төрийн маргаан, талцал нь эдийн засгийн хөгжлийг сааруулж болзошгүйг анхааруулж, "Улс орны урт хугацааны эрх ашгийг нэгдүгээрт тавих шаардлагатай" гэж мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, эдийн засгаа тэлэхгүй бол улсын төсөвт дарамт нэмэгдэх эрсдэлтэй бөгөөд шатахууны үнэ өсөх асуудал ч хүлээгдэж байгаа аж. Тэрбээр ОХУ шатахууны дотоодын зах зээлдээ тодорхой хязгаарлалт хийж байгаа нөхцөл байдал болон Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах явц удааширсантай холбоотойгоор эрсдэл үүсэж буйг дурдав.
Мөн Монгол Улсын Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой санхүүгийн зохицуулалтын асуудал удаан үргэлжилж, зээлийн нөхцөлөөс хамааран хэрэгжилт удааширсан талаар тайлбар хийлээ.
Ноён уулын асуудлын талаар байр сууриа илэрхийлэв
Ж.Энхбаяр мөн Ноён уул орчмын ашиглалтын асуудлын талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр тусгай хамгаалалтын бүстэй холбоотой маргаан олон жил үргэлжилсэн ч өмнө нь ашиглагдаж байсан шороон ордыг ашигласан бөгөөд шинэ газар шинээр хөндөх асуудал биш гэж хэллээ.
Түүний хэлснээр, тухайн бүсийн үндсэн ордыг үр ашигтай ашиглаж, ойролцоох боловсруулах боломжийг ашиглан эдийн засгийн өгөөжийг хурдан бий болгох боломжтой аж. Мөн уул уурхайн үйл ажиллагааг байгаль орчин болон түүх, соёлын өвд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр зохион байгуулах ёстойг онцлов.