Европын парламент дахь Украин-ЕХ-ны парламентын хамтын ажиллагааны хорооны дарга Пекка Товери "Европын холбоо (ЕХ) хэрэв Орос, Украины хоорондын мөргөлдөөн 2027 оноос хойш үргэлжилсэн тохиолдолд Украинд үзүүлэх дэмжлэгийг тасалдуулахгүй байх зорилгоор шинэ зээлийн асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна. Шинэ санхүүжилтийн хэмжээ 30-45 тэрбум евро орчим байж болзошгүй" гэж мэдэгджээ.

Тэрбээр “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа, ЕХ 2027 оноос хойших хугацаанд Украинд үзүүлэх тусламжийн талаар урьдчилан төлөвлөж эхэлсэн бөгөөд дэмжлэгийн хоосон орон зай үүсгэхгүй байх шаардлагатай гэж хэлсэн байна.

Товери “2026-2027 онд Европын холбооноос олгох санхүүжилтийн хэмжээ нийт 90 тэрбум евро боловч цаашид нэмэлт дэмжлэг шаардлагатай болно. Үүнийг ЕХ-ны гишүүн орнууд болон бусад хандивлагчдын оролцоотойгоор ойролцоогоор 30-45 тэрбум еврогоор нэмэгдүүлэх шаардлагатай” гэж хэлжээ.

Европын Холбоо өмнө нь буюу 2026 оны дөрөвдүгээр сард Украинд 2026-2027 онд зориулан 90 тэрбум еврогийн зээл олгох шийдвэр гаргасан байна. Уг зээлийн эхний хэсэг болох 3.2 тэрбум еврог Украин зургадугаар сарын сүүлээр хүлээн авснаа мэдээлжээ.

Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, уг 90 тэрбум еврогийн зээлийн 30 тэрбум евро нь Украины улсын төсвийн дэмжлэгт, 60 тэрбум евро нь батлан хамгаалах салбарын зардалд зарцуулахаар төлөвлөсөн байна.

Ингэснээр дээрх санхүүжилт нь Украины хоёр жилийн хэрэгцээний ойролцоогоор гуравны хоёр хувийг нөхөх боломжтой гэж үзэж байгаа ажээ. Батлан хамгаалах зориулалттай хөрөнгөд нэмэлт нөхцөл тавихгүй байх бол төсвийн дэмжлэгийг тодорхой шинэчлэл хийх шаардлагатай уялдуулан олгохоор төлөвлөсөн байна.

Үүний зэрэгцээ Оросын эрх баригчид барууны орнуудыг Украинд үзүүлж буй цэргийн дэмжлэгээ зогсоохыг шаардаж буй бөгөөд ийм тусламж нь мөргөлдөөний явцыг өөрчлөхгүй гэж мэдэгдсээр буй юм.

Эх сурвалж: RBC