Владимир Зеленский Украины Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан үг хэлэх үеэрээ тус улсын парламент болох Украины Дээд Радад шинэ төрийн одон бий болгох, мөн Украины Үндэсний баатруудын Үндэсний баатруудын дурсгалын цогцолбор (pantheon) байгуулах тухай хуулийн төслийг өргөн барьснаа мэдэгджээ.
Тэрбээр Үндэсний баатруудын пантеон нь Украин улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө өөр өөр цаг үед тэмцэж, эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулсан бүх баатрын нэрийг нэг дор мөнхлөн үлдээх зорилготой болохыг онцсон байна.
Зеленский "Украины төлөө өөр өөр эрин үед тэмцэж, эх орноо зоригжуулсан бүх баатрын нэрийг нэгтгэн, төрийн хүндэтгэл дор үндэсний түүхэнд мөнхлөн үлдээх болно. Бид хэрхэн амьдрах, ямар хэлээр ярих, хэнийг хайрлах, хэнд талархах, хэнийг баатар хэмээн хүндэтгэхийг бидэнд хэн ч, хэзээ ч заахгүй" хэмээн онцлон мэдэгдсэн байна.
Польш, Украины хоорондын маргаан үргэлжилж байна
Зеленскийн энэ мэдэгдэл Украин, Польшийн хооронд үүсээд буй дипломат маргааны үеэр гарснаараа онцлогтой аж. Маргааны шалтгаан нь Зеленский Украины Зэвсэгт хүчний нэг ангид Украины босогчдын арми (UPA)-ийн баатруудын нэрийг олгосонтой холбоотой юм.
Варшав энэ шийдвэрийг эрс шүүмжилсэн бөгөөд Польшид UPA-ийг Дэлхийн хоёрдугаар дайны үед болсон Волынийн хядлагатай холбон үздэг. Тухайн үйл явдлын үеэр олон мянган польш үндэстэн амь үрэгдсэн бөгөөд Польш улс үүнийг албан ёсоор геноцид гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.
Үүний дараа Кароль Навроцкий Зеленскийг Польшийн төрийн дээд шагнал болох Цагаан бүргэдийн одон"-гоос хасах шийдвэр гаргасан талаар мэдээлсэн.
Зеленский үүнд хариу өгч, Оросын эзэн хаан II Екатерина, Италийн удирдагч Бенито Муссолини, Германы канцлер асан Герхард Шрёдер нараас ийм шагналыг эргүүлэн татаагүй атлаа өөрийг нь хассан нь ойлгомжгүй хэмээн ёжилсон байна.
Польшийн тал үүнд тайлбар хийхдээ "Нас барсан хүмүүст олгосон шагналыг хүчингүй болгодоггүй бөгөөд Шрёдер Польшийн ард түмнийг доромжилсон үйлдэл гаргаагүй" гэж мэдэгджээ.
Польшийн сөрөг хүчин Украиныг ЕХ-нд элсүүлэхийг эсэргүүцэв
Польшийн үндэсний-консерватив "Хууль ба шударга ёс" (PiS) намын дарга Ярослав Качиньский энэ асуудалтай холбоотойгоор Польшийн Засгийн газрыг Украиныг Европын холбоонд элсүүлэх хэлэлцээг зогсоохыг уриалжээ.
"Financial Times" сонинд бичсэнээр, PiS нам энэ байр сууриараа 2027 оны парламентын сонгуулийн өмнө үндсэрхэг үзэлтэй сонгогчдын дэмжлэгийг авахыг зорьж байгаа аж.
Зургадугаар сарын дундуур Польшид явуулсан санал асуулгаар иргэдийнх нь 58.3 хувь Зеленский польш иргэдэд таагүй ханддаг гэж үзсэн бол 30.1 хувь нь эсрэг байр суурь илэрхийлжээ. Харин Зеленскийг төрийн дээд шагналаас хассан шийдвэрийг олон нийт эерэгээр хүлээн авч, Ерөнхийлөгч Кароль Навроцкийн олон нийтийн дэмжлэг 54.8 хувьд хүрч, хамгийн өндөр үзүүлэлт тогтоосон байна.
Зеленский “Европын одон” бий болгох санал дэвшүүлжээ
Үндэсний баатруудын пантеоныг байгуулах санаачилгын хамт Зеленский парламентдаа “Европын одон” нэртэй төрийн шинэ шагнал бий болгох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Түүний хэлснээр, Украин улс “Европын төлөө өдөр, шөнөгүй тэмцэж буй” учраас ийм нэртэй төрийн одонтой байх эрхтэй аж.
Энэхүү одонг Европын аюулгүй байдлыг хамгаалах, Украиныг Европын холбоонд элсэх үйл явцыг дэмжихэд онцгой хувь нэмэр оруулсан Украины иргэд болон гадаадын иргэдэд хүртээхээр төлөвлөжээ.
Сонирхолтой нь, Европын Холбоо өөрөө “Европын одон” гэсэн нэртэй төрийн шагналгүй, зөвхөн 2025 онд бий болсон Европын гавьяаны одон (European Order of Merit) нэртэй шагналтай юм. Энэхүү шагналыг хамгийн анх хүртсэн гурван хүний нэг нь Владимир Зеленский ажээ.
Эх сурвалж: DW, FINANCIAL TIMES