Орос-Украины хилийн хоёр талд бямба гарагт дрон болон их бууны довтолгооны улмаас энгийн иргэд амиа алдсан гэж орон нутгийн албаныхан мэдээлэв.
Оросын хилийн Брянск мужид Украины дроны цохилтын улмаас хилийн ойролцоох нэгэн тосгонд машинтай явсан хоёр хүн амиа алдсан гэж тус мужийн үүрэг гүйцэтгэгч захирагч Егор Ковальчук Telegram дээр мэдэгдсэн байна.
Оросын хэвлэлүүдийн иш татсанаар, ОХУ-ын Батлан хамгаалах яам өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэлх хугацаанд (АНУ-ын Зүүн эргийн зуны цагаар 01:00–13:00) Оросын бүс нутгуудад ниссэн Украины 124 дроныг устгаснаа мэдээлжээ.
Москва хотын дарга Сергей Собянин нийслэл рүү чиглэсэн Украины дронуудыг саатуулсан тухай олон дараалсан мэдэгдэл хийсэн байна. Оросын мэдээллийн агентлагуудын хийсэн албан бус тооцоогоор, тухайн өдөр нийт 24 дрон байсан гэжээ.
Украины зүүн өмнөд хэсгийн Днепропетровск мужийн захирагч Александр Ганжа Никополийн ойролцоо дрон болон их бууны нийлмэл халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, нэг хүн шархадсан гэж мэдээлсэн байна.
Оросын хяналтад байдаг Запорожийн атомын цахилгаан станцын эсрэг талд, Днепр мөрний нөгөө эрэгт байрладаг энэ хот Оросын талын байнгын бай болдог ажээ.
Оросоос томилогдсон, Украины Донецк мужийн эзлэгдсэн хэсгүүдийг хариуцдаг Денис Пушилин Telegram дээр мэдэгдэхдээ, Украины дроны цохилтын улмаас Горловка болон Макеевка гэсэн томоохон хотуудад хоёр хүн амиа алдсан гэжээ.
Эх сурвалж: CNN, REUTERS, ARAB NEWS