Украинаас тавдугаар сарын 6-ны шөнө нэг талын журмаар санал болгосон гал зогсоох дэглэм эхэлсэн. Энэ нь ОХУ-аас зөвхөн тавдугаар сарын 8, 9-нд зарласан “түр эвлэрэл”-д өгсөн хувилбар аж. Гэсэн хэдий ч ОХУ-ын зэвсэгт хүчин Украин дахь бүс нутгуудад дахин цохилт өгсөөр буй юм байна.

Запорожье мужид тавдугаар сарын 6-ны шөнө аж үйлдвэрийн байгууламж руу халдсан гэж тухайн бүсийн цэргийн захиргааны тэргүүн Иван Федоров Telegram сувгаараа дамжуулан мэдээлжээ.

Украины Агаарын хүчний мэдээлснээр, энэ бүсэд далавчит бөмбөг ашигласан байна. Мөн ийм төрлийн цохилтууд Харьков, Сумы, Донецк мужуудад бүртгэгджээ. Харьков болон Днепропетровск мужуудад Оросын дронууд илэрсэн байна.

Украины эрх баригчид шинэ довтолгоонуудын талаар одоогийн байдлаар тайлбар хийгээгүй байгаа аж. Өмнө нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ийм тохиолдолд “толь мэт хариу арга хэмжээ авна” гэж мэдэгдэж байв.

Гал зогсоох дэглэм “Тавдугаар сарын эвлэрэл”-д өгсөн хариу байсан

Долоо хоногийн эхээр ОХУ-ын эрх баригчид Ерөнхийлөгч Владимир Путины шийдвэрээр Ялалтын баярыг тохиолдуулан тавдугаар сарын 8, 9-нд нэг талын журмаар “түр эвлэрэл” зарласан.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд хэрэв Украин баярын үйл ажиллагаанд саад учруулвал “Киевийн төв рүү пуужингийн хүчтэй цохилт өгнө” гэж анхааруулжээ.

Үүний хариуд Зеленский Украин тавдугаар сарын 6-ны шөнө дундаас эхлэн гал зогсооход бэлэн, гэхдээ ОХУ мөн адил хийх ёстой гэж мэдэгдсэн.

Тэрбээр “Хүний амь ямар ч баяр, тэмдэглэлт өдрөөс илүү үнэ цэнтэй” гэж онцолжээ. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын тэргүүн Кирилл Буданов тавдугаар сарын 5-нд мөн адил ОХУ довтолгоогоо зогсоовол Украин гал зогсоох дэглэмийг үргэлжлүүлэхэд бэлэн болохыг баталсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын дөрөвдүгээр сарын 29-нд мэдээлснээр, Ялалтын баярын үеэр гал зогсоох санааг Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ярилцахдаа анх дэвшүүлсэн байна.

Зеленскийн хэлснээр, ОХУ энэ тухайгаа Украинд албан ёсоор мэдэгдээгүй аж.

Гал зогсоохоос өмнөх өдөр хоёр тал харилцан цохилт өгсөн

ОХУ-ын арми тавдугаар сарын 5-ны өдөр Украин дахь хэд хэдэн бүс нутаг руу хүчтэй довтолсон. Днепр, Запорожье, Краматорск хотуудад нийт 20 гаруй хүн амиа алдсан байна.

ОХУ Ялалтын баярыг тохиолдуулан эвлэрэлд уриалж байсан ч тавдугаар сарын 5-нд Краматорск зэрэг хотуудад пуужингийн цохилт өгчээ.

ОХУ-аас томилогдсон Крымийн тэргүүн Сергей Аксенов Telegram хуудсаараа дамжуулан "Жанкой хотод Украины зэвсэгт хүчний довтолгооны улмаас таван энгийн иргэн амиа алдсан" гэж мэдэгджээ.

Энэ мэдээлэл тавдугаар сарын 6-ны шөнө нийтлэгдсэн боловч довтолгооны тухай анх энэ сарын 5-ны 22:28 цагт мэдээлсэн байна. Украины эрх баригчид Крым дэх энэ цохилтын талаар тайлбар өгөөгүй байгаа аж.

Эх сурвалж: DW