Украины Ерөнхий сайд асан (2010–2014 онд алба хашиж байсан) Николай Азаров ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө "Киевийн дэглэм барууны дэмжлэггүйгээр Оросын нутаг дэвсгэрийн гүн дэх байг онох боломжгүй" гэж мэдэгджээ.

Тэрбээр “Одоо тэдний (АНУ-ын - ТАСС-ын тайлбар) хүчирхэг мэдээллийн технологийн компаниуд оролцож эхэлсэн. Тэд Киевийн дэглэмд зориулан Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх бүх төрлийн хөтөлбөрүүдийг боловсруулж байна. Киевийн дэглэм өөрөө ийм хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чадваргүй нь 100 хувь тодорхой” гэж хэлжээ.

Азаров: Путины Украины талаарх санал тодорхой хэмжээнд цуурай үүсгэж магадгүй

Украины Ерөнхий сайд асан (2010-2014) Николай Азаров ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Стамбулын тохиролцоонд тулгуурлан хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байр суурь тодорхой хэмжээнд нөлөө үзүүлж болох ч Киев болон Барууныхан энх тайвныг хүсэхгүй байна" гэж мэдэгджээ.

Тэрбээр “Киевийн дэглэм төдийгүй Барууныханд хэлэлцээ хийх ямар ч хүсэл алга гэж би бодож байна. Тиймээс Оросын санал олон нийтэд хүрч, тодорхой хэмжээний резонанс үүсгэж магадгүй. Тэр ч байтугай ‘хэлэлцээр хийх хэрэгтэй’ гэсэн аман амлалт гарч болох юм.

Европын Холбоонд ажлын хэсэг байгуулах талаар ярьж, хэлэлцээ хариуцах төлөөлөгч томилохоор төлөвлөж байсан. Магадгүй энэ байр суурь бодит ажил хэрэг болж, ямар нэгэн хэлэлцээний төлөөлөгч гарч ирж болох юм. Гэхдээ үнэнийг хэлэхэд Барууныхан энх тайванд хүрэхийг хүсэж байгаа гэдэгт би өөдрөг хандахгүй байна” гэж хэлжээ.

Азаровын хэлснээр, мөргөлдөөний улмаас “цэргийн төсөв хэт их хэмжээгээр нэмэгдэж, асар том хэмжээний санхүүжилтийн хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн, мөн батлан хамгаалах салбартай холбоотой томоохон бизнесүүд үйл ажиллагаагаа өргөжүүлсэн” байна.

Түүний үзэж буйгаар, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүртэл “автомашин үйлдвэрлэгч компаниуд энэ салбарт оролцож эхэлбэл их хэмжээний санхүүжилт өгнө” гэж амалсан аж.

Украины Ерөнхий сайд асан “Ийм нөхцөлд тэд энэ бүхнийг гэнэт цуцална гэж бодох боломжтой юу? Хэрэв хэлэлцээ энх тайвнаар дуусах юм бол яагаад тэд зэвсэглэлд зориулсан их наядын хэмжээний асар их төсөв хэрэгжүүлэх хэрэгтэй гэж?” хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж: TASS