Цагаан ордон АНУ-ын Засгийн газар улс төрийн орогнол хүсэгчдийг хүлээн авах журмыг цаашид бүрэн зогсоох бодлого хэрэгжүүлэхээр болсон талаар мэдэгдлээ.

Шинэ бодлогын хүрээнд АНУ-ын өмнөд хилээр орж ирэн, улс төрийн орогнол хүсэж буй хүмүүсийн өргөдлийг хүлээн авах ажиллагааг бүрэн зогсоохоор төлөвлөж буй бөгөөд хууль бус шилжилт хөдөлгөөнийг эрс бууруулах нь энэхүү шийдвэрийн гол зорилго гэж Цагаан ордноос тайлбарлажээ.

АНУ-ын эрх баригчдын үзэж буйгаар, энэхүү арга хэмжээ нь улсын хилийн аюулгүй байдлыг сайжруулах, цагаачлалын тогтолцоонд үүсээд буй ачааллыг бууруулахад чиглэж байгаа аж.

Харин хүний эрхийн байгууллагууд шинэ бодлого нь олон улсын хамгаалалт шаардлагатай дүрвэгсэд, хавчлагад өртсөн хүмүүст хууль ёсны хамгаалалт авах боломжийг хязгаарлаж болзошгүй гэж болгоомжилж буй юм байна.

Энэхүү шийдвэр хэрэгжих хугацаа, хамрах хүрээ болон ямар ангиллын хүмүүсийг чөлөөлөх эсэх талаар АНУ-ын эрх баригчид ойрын хугацаанд нэмэлт мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ.

Эх сурвалж: TASS