Германы "Berliner Zeitung" сонин "Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Польшийн Гданьск хотноо болсон Украины асуудлаарх олон улсын бага хуралд оролцохоос татгалзсан нь Киевийг дэмжигч орнуудын дунд байр суурийн зөрүү гүнзгийрч буйг илтгэж байна" гэж дүгнэжээ.

Тус сонинд "Европын орнууд Украины сэргээн босголтын асуудлаарх бага хурлыг зохион байгуулж, олон тэрбумын санхүүжилтийн талаар хэлэлцэж байхад сэргээн босгох ёстой улсын удирдагч өөрөө ирээгүй нь дэлхий нийтэд, тэр дундаа Москвад тодорхой дохио болж байна. Дөрвөн жил гаруй үргэлжилж буй мөргөлдөөний дараа Европын эв нэгдэл бодит байдал дээр хэр эмзэг болох нь улам тодорхой болж байна" хэмээн бичжээ.

Мөн нийтлэлд "Польш улс өмнөх шигээ Украиныг ямар ч болзолгүйгээр дэмжих байр сууринаас аажмаар холдож, хоёр улсын түүх, улс төрийн маргаантай асуудлуудыг дахин хөндөж эхэлсэн" гэж онцолсон байна.

2026 оны зургадугаар сарын 25, 26-нд Польшийн Гданьск хотод Ukraine Recovery Conference 2026 (URC 2026) буюу Украиныг сэргээн босгох асуудлаарх олон улсын бага хурал болж буй бөгөөд уг арга хэмжээг Польш, Украины эрх баригчид хамтран зохион байгуулжээ.

Польшоос Украинд сууж байсан Элчин сайд асан Бартош Цихоцкий "Зеленский Польшийн Ерөнхийлөгч Кароль Навроцкийтэй үүссэн үл ойлголцлын улмаас тус бага хуралд оролцохоос татгалзсан" гэж мэдэгдсэн байна.

Үүний дараа Навроцкий Украины тал Украины босогчдын арми (UPA)-ын удирдагчдыг алдаршуулж байна гэж үзэн Зеленскийг Польшийн төрийн дээд шагнал болох Цагаан бүргэдийн одонгоос хасах шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Харин Зеленский энэ талаар тайлбар хийхдээ "Польшийн Ерөнхийлөгчийн ийм мэдэгдэл 'өөрт нь таагүй үр дагавар авчирч болзошгүй' хэмээн хэлсэн" гэж мэдээлсэн байна.

Мөн Польшийн төрийн шагналаас Украины өмнөх Ерөнхийлөгчид болох Леонид Кучма, Виктор Ющенко, Петр Порошенко болон Украины хэд хэдэн өндөр албан тушаалтан татгалзсан тухай мэдээлжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI