НЭМЭЛТ: М.Батчулуунд шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо. Түүний ялыг хаалттай хорих ангид эдлүүлнэ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх бусдын амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдсон М.Батчулуунд холбогдох хэргийг хэлэлцээд, түүнд бүх насаар нь хорих ял оноох шийдвэр гаргалаа.
Жирэмсэн эмэгтэйг охинтой нь хөнөөсөн этгээдэд холбогдох хэргийн шүүх хурал
хаалттай болж байна
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр (2026.05.06) бусдын амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдсон М.Б-д холбогдох шүүх хуралдаан хаалттай үргэлжилж буй.
Тодруулбал, жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охины амь насыг хөнөөсөн ноцтой хэрэгт холбогдсон уг хэргийн шүүх хуралдаан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хаалттай горимоор үргэлжилж байгаа талаар тус шүүхээс мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тус шүүх хурал түр завсарласан байна.
Хэргийг сануулахад, нийслэлийн Баянзүрх дүүргийн II хороо, Дарь-Эхэд энэ оны нэгдүгээр сарын 4-нд жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөж, 3 настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Уг хэрэгт хөршийнх нь 48 настай М.Батчулууныг сэжиглэн, шалгаж дуусжээ. Түүнийг уг хэргийг үйлдсэн болохыг цагдаагийн байгууллага тогтоосон билээ.
М.Батчулуунд нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 10.1-2.6.2 “Олон хүнийг хөнөөсөн”, 10.1.3 “Бага насны хүүхдийг хөнөөсөн”, “Өөр нэг хүүхдийн амь бүрэлгэхийг завдсан” гэх заалтаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Түүний гэм бурууг шүүх хурал тавдугаар сарын 6-ны 09:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон нь энэ билээ.
Хаалттай шүүх хуралдаан явуулах шийдвэр нь хохирогчдын эрх, нууцлалыг хамгаалах, мөн хэрэгтэй холбоотой эмзэг мэдээллийг олон нийтэд задруулахаас сэргийлэх зорилготой байдаг. Ийм төрлийн ноцтой гэмт хэргийн хувьд шүүхээс уг арга хэмжээг авах нь түгээмэл байдаг.
Хэргийг шүүхийн журмын дагуу үргэлжлүүлэн хэлэлцэж буй бөгөөд шүүхийн шийдвэр гарах хүртэл дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд хязгаарлагдмал байдлаар хүргэх боломжтой байна.